Цагаан сарын өмнөхөн БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын Гэрчилгээ, бүртгэлжүүлэлтийн хэлтсээс манай гурван махны үйлдвэрт боловсруулсан үхэр, хонь, ямааны мах нийлүүлэх зөвшөөрөл олгосон. Тэгвэл өнөөдрөөс “Грийн грэйс лэнд” компани Говь-Алтай аймгийн “Бургастай” боомтоор дулааны аргаар боловсруулсан мах гаргаж эхэллээ. Энэ нь БНХАУ руу анх удаа салаа туурайтай буюу хонь, ямаа, үхрийн махыг түүхийгээр гаргаж буй явдал бөгөөд урд хөршийнхөн зөвхөн битүү туурайтай буюу адууны мах худалдаж авдаг байсан. Учир нь манай улсыг малын гоц халдварт шүлхий өвчний голомт гэж үздэг байв. Тиймээс өнгөрсөн онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХХААЯ болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн газрын хамтарсан ажлын хэсгийнхэн баруун болон төвийн бүсийн шүлхий өвчний хоригийг цуцлах хяналт магадлагаа хийсэн. Улмаар БНХАУ-ын Чанарын шалгалт, хорио цээрийн ерөнхий газраас манай улсын баруун бүсийн таван аймгийн үхэр, хонины маханд тавьсан шүлхий өвчний хоригоо өнгөрсөн сард цуцлаж, эрүүл болохыг нь хүлээн зөвшөөрсөн юм. Ингэхдээ Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгийг малын шүлхий өвчингүй, эрүүл бүс гэж албан ёсоор зарласан. Хоёр улсын хамтарсан Ажлын хэсэг баруун таван аймгаас БНХАУ-д хонь, ямаа, үхрийн мах экспортлох үеийн хяналт шалгалт, хорио цээр, малын эрүүл мэнд, мал эмнэлэг, ариун цэврийн нөхцөлийн тухай протоколыг үзэглэж, баталгаажуулсан. Протоколд “Шүлхий өвчингүй эрүүл бүсээс бэлтгэсэн малын махыг эрүүл, вакцин таригдаагүй бүс нутгаар зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэн импортолно” гэж заажээ. Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Баянхонгор аймгаас зөвхөн Говь-Алтай аймгийн “Бургастай” боомт л БНХАУ-тай хиллэдэг. Иймээс Монголын Засгийн газар түүхий мах,дайвар бүтээгдэхүүн экспортлох гарцад Говь-Алтай аймгийн “Бургастай”, Өмнөговь аймгийн “Гашуунсухайт”-ын боомтыг нэмсэн байна.
Түүнчлэн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын хорио цээрийн газраас манай нэр бүхий аж ахуйн нэгжийг “Гэрчилгээжүүлэлт, баталгаажуулалтын газар”-т бүртгэж авсан. Тухайлбал, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг “Хүн од”, “Хатан сүйх”, үхэр, хонь, ямааны махыг “Монгол эко мах”, “Завхан хүнс”, нядалгааны “Эрдэнэ хүнс” компанид экспортлох эрхтэй болсон.Адууны махны боловсруулах үйлдвэрийн хувьд “Хаан хүнс” компанийн хөлдөөсөн бууз, банш Хятадын зах зээлд гарах зөвшөөрөл авсан байдаг. Хонины махыг 80 хэмийн халуунд 20 минут, үхрийн махыг 90 хэмийн халуунд 15 минут усанд чанах, ууранд болгох, утах аргаар болгож боловсруулаад вакумжуулахыг “Дулааны аргаар боловсруулах” гэдэг. Энэ арга нь нян, бактерийг устгах орчин үеийн дэвшилтэт технологи бөгөөд манайхаас бусад оронд гар аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгддэггүй. Зөвхөн чанар, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрийн мах, махан бүтээгдэхүүнийг л худалдаж авдаг. БНХАУ-ын хорио цээрийн байгууллага ч энэхүү шаардлагыг тавьсан хэрэг. Дээрх хоёр үйлдвэр энэхүү шаардлагыг бүрэн хангасан бөгөөд гадаад зах зээл монгол малын мах цаашлаад Монголын боловсруулах үйлдвэрлэлийг хүлээн зөвшөөрч буйн илрэл энэ болж байна. Ийнхүү тэрбум гаруй хэрэглэгчтэй зах зээлд манай таван хошуу малын махыг гарах үүд нээгдэж буй бөгөөд тус улсын махны хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа аж. Тус улсын Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос гаргасан тайлангаас үзвэл, хонины махны хэрэглээний нэг хүнд ногдох хэмжээ 2002 онд 2.47, 2010 онд гурав, өнгөрсөн онд 3.23 килограмм болж өсчээ. Улмаар хонины махны импорт нь жилээс жилд тогтмол өсөж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын хэмжээнд малын тоо толгой өсөж, 2014 онд 16.7 сая, өнгөрсөн онд 18 сая толгой төл бойжуулсан байдаг. Өнгөрсөн оны тооллогоор мал сүргийн тоо толгой 56 саяд хүрсэн. Үүнээс үзвэл, экспортод гаргах мал, махны нөөцийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх боломж бололцоо байгаа юм. Өөрөөр хэлбэл, экспортод 125 мянган тонн малын махыг экспортлох боломж бийг салбарын яамнаас мэдээлдэг. Энэ онд махны нөөц бүрдүүлэхэд 80 тэрбум, экспортод гаргах мах, махан бүтээгдэхүүн бэлтгэхэд 100 тэрбум төгрөг төсөвлөжээ. 2014 онд Монгол Улс ОХУ-ын нэг мужид мах экспортолж байсан бол өнөөдрийн байдлаар ОХУ-ын найман муж, БНХАУ, БНСВУ зэрэг улсуудад дулааны аргаар боловсруулсан мах экспортлох болсон байна.