-Та “Сэлэнгэ-2016” хамтарсан тактикийн хээрийн сургуулилтын төлөвлөлтийн хуралд оролцоод ирлээ. Хоёр тал энэ жилийн сургуулийнхаа төлөвлөгөөгөө ярилцаж тохиров уу?
-Монгол, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2016” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн төлөвлөлтийн анхдугаар хурал амжилттай зохион байгуулагдлаа. Төлөвлөлтийн хурлаар хоёр тал энэ жилийн сургуулийн сэдэв, зорилго, сургууль явуулах хугацаа, байр, оролцох бүрэлдэхүүн зэргээ тодорхойллоо. Мэдээж хамтарсан байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль гэсэн хэлбэрээрээ хүрээнд явагдана. Гэхдээ жил, жилийн сургууль өөр өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, 2014 онд тал хээрийн бүсэд явагдсан, 2015 онд байлдаантайгаар усан саад гатлах асуудлыг боловсруулж байсан бол энэ жилийн нэг шат нь шөнийн ажиллагаа байна гэж урьдчилсан байдлаар тохиролцсон. Сургуулийн явцад хоёр талын цэргийн хамтарсан бүлгийн бие бүрэлдэхүүн заасан бүсэд аюулгүйн бүс байгуулах, хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг бүслэн хааж, устгах терроризмтой тэмцэх ажиллагааны тактикийн хувилбаруудыг боловсруулна.
-ОХУ-ын нутаг дэвсгэрт болно гэсэн үү?
-ОХУ-ын Буриадын нутаг дэвсгэрт буюу “Бурдуны” полигонд хийхээр тохиролцоод байна. Өмнө нь манай улсад Төв, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулагдаж байсан. Өнгөрсөн жилийн хувьд Өвөр Байгалын хязгаарын “Цугол” полигонд болсон. Цаг хугацааны хувьд ирэх наймдугаар сарын сүүлээс есдүгээр сарын эхэнд явуулахаар тохирч байна. Хоёр дахь хурлаар цаг хугацаагаа эцэслэн тогтооно.
-Энэ сургууль нь хоёр орны Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй байх?
-Тэгэлгүй яах вэ. Хоёр орны цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид Зэвсэгт хүчнүүд харилцан бие биеэсээ суралцах, туршлага солилцох, харилцан уралдаан тэмцээн зохион байгуулж хоёр орны цэргийн алба хаагчид найз нөхөр болох гээд олон талын ач холбогдолтой. Төлөвлөлтийн хурлаар хоёр улсын Зэвсэгт хүчний уламжлал болсон сургууль болж чадлаа гэдгийг онцолж байсан.
– Ирэх долдугаар сард Улаанбаатар хотноо АСЕМ-ийн өндөр дээд түвшний уулзалтууд болно.Энэ уулзалтад Монголын Зэвсэгт хүчин харуул хамгаалалтаас эхлээд хүндэтгэлийн олон арга хэмжээнд чухал үүрэгтэй ажиллана?
-Уулзалтын хамгаалалтыг зохион байгуулах, хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Зэвсэгт хүчин тэр дундаа хуурай замын цэрэг тодорхой үүрэг хүлээсэн. Тухайлбал, Улаанбаатар хотын хамгаалалт, агаарын халхлалт, тэсэрч дэлбэрэх бодисын хайгуул устгалын ажлыг зохион байгуулах, аюулгүй болгох, зочид буудал бусад чухал объектыг хамгаалах зэрэг олон үүрэг хүлээсэн байгаа. Манай зүгээс энэ ажилд өргөн бүрэлдэхүүнтэй оролцоно. Оролцох бүрэлдэхүүний нэр гарчихсан, бэлтгэл, сургалт, дадлага ч амжилттай явагдаж байна.
-Олон орны Төрийн тэргүүн ирэх мэдээлэл байгаа. Торгон цэргүүд угтан авах ажил бас бий?
-Манай Төрийн ёслолын цэргийн алба хаагчид байнгын бэлтгэл сургуулилттай байдаг. Тийм болохоор манай залуус ачааллыг даах чадвартай байгаа.
эх сурвалж: news.mn