УИХ-ын гишүүн Ц.Дашдорж гэж байгаа, байхгүй нь мэдэгддэггүй хүн үнэндээ байсан байна, байх байхдаа “баргийн нэгнээс илүү нэгэн” ажээ. Тэрбээр өмнөд Солонгост казино тоглоод, түүнийхээ талаар бодоод явдаг байж. Тиймээс л УИХ-ын чуулганаар харагддаггүй, үзэгдэхгүй байсан бололтой. Өнөөдөрхөн Макаогийн казинод 250 сая төгрөг алдсан төрийн түшээ Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга Х.Пүрэвсүрэн гэгч болох нь олонд ил болж байхад бас нэгэн төрийн түшээ Казино тоглосон баримт мэдээллийн хэрэгслээр явж шилдэг “Казиночин”-ы тухай мэдээлэл чих дэлслээ.
Казино тоглоод “Алдах нэгэн байхад авах нэгэн байна” цаана чинь, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж манайхаар бол Зайсан гэгддэг Өмнөд Солонгосын баячуудын дүүрэг Ганнам дахь “InterContinental Seoul COEX” зочид буудлын “Seven Luck” казинод болсон покерын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, шагналын мөнгө болох 100 мянган ам.доллар /200 гаруй сая гаруй төгрөг/-ыг хожжээ.
Өөрийнхөө мөнгөөр тоглосон ч бай төсвийн мөнгөөр тоглосон ч бай Макаод алдсанаа БНСУ-аас олж байна манай төрийн түшээд. Ганнам дүүрэгт болсон олон улсын шинж чанартай томоохон тэмцээнд олон улсын шилдэг покерчидтой өрсөлдөж түрүүлнэ гэдэг хэр баргийн мөрийтэй тоглоомчны чадах зүйл биш, үнэхээр шилдэг покерчин юм байна, эрхэм гишүүн Ц.Дашдоржид баяр хүргэе.
“Эхнэрээ жолоочдоо алдсан, эд хөрөнгөө мөрийтэй тоглоом”-д алдсан хэмээн байнга чичлүүлж байдаг Ц.Дашдорж гишүүн маань дандаа ч алдана гэж юу байхав, аавын хүүд алдах үе нэг байхад авах үе бас байдаг л юм шүү гэдгийг харууллаа. Ерөөсөө Ц.Дашдорж хэмээх шилдэг покерчин эдгээр гишүүдээрээ чаддаг зүйлийг нь хийлгэж 100, 100 саяар нь хожуулж, улсын сан хөмрөгт багахан хэмжээний татвар авдаг болбол улс эх оронд маань арай илүү хэрэгтэй юм шигээ.