Ипотекийн зээл олгож байгаа банкууд

1or7mhqg82kl9ighl16efpt25lАрилжааны банкуудаас олгодог олон төрийн зээлээс эргэн төлөлт сайтай нь ипотек буюу найман хувийн хүүтэй орон сууцны зээл байдаг. Гэвч сүүлийн үед иргэдийн дунд “банкууд ипотекийн зээл олгохгүй байна, шалгуур хэт өндөр байна. Заавал зээл авах банкаар дамжуулан цалингаа авдаг байх гэсэн шалгуур тавьж байгаа нь иргэдэд хүндрэл учруулж байна” гэх зэрэг маш олон гомдол хэлдэг болсон. Тийм болохоороо ч иргэдийн дунд “банкнаас орон сууцны зээл авахын тулд зээл авахааргүй их орлоготой гэдгээ нотлох шаардлагатай юм байна” гэх ёж үг гарсан. Мэдээж энэ үг оргүй хоосноос гараагүй. Тэгвэл 2016 он гарахын өмнөхөн арилжааны банкууд зээл олголтоо албан ёсоор зогсоосон. Гэхдээ УИХ-аар яаравчлан Үл хөдлөх хөрөнгө барьцаалан зээлдүүлэх тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулснаар буцаад сэргэсэн билээ. Гэвч иргэдийн дунд ”Арилжааны банкууд ипотекийн зээл олгохгүй байна” гэх яриа их гарчээ. Иймээс банкууд үнэхээр зээл олгож байна уу, үгүй юу гэдгийг дараах таван банкнаас тодруулснаа уншигчиддаа хүргэе.
Хаан банк
Тус банк нь орон сууны зээлийн материал хүлээн авч байгаа гэнэ. Тэгэхдээ жаахан удаашралтай байгаа ба зээл авагч нь тус банкны аль нэг салбараар дамжуулж цалингаа авдаг байх гэсэн гол шалгуурыг тавьж байгаа ажээ.
Төрийн банк
Төрийн банкны тухайд иргэдийн зээл хүссэн материалыг хүлээн авч, шийдвэрлэж байгаа гэнэ. Гэхдээ тухайн зээл хүссэн иргэн заавал Төрийн банкнаас зээл аван санхүүжсэн барилгын компанийн барьсан орон сууцаас сонголт хийх ёстой ажээ. Иймээс иргэн та тус банкнаас зээл авч санхүүжигдээгүй орон орон сууцаас сонголт хийсэн бол Төрийн банкнаас яаж ч оролдоод зээл авч чадахгүй гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар тус банкинд Баянгол, Баянзүрх, Сонгино хайрхан, Налайх гэсэн дүүргүүдэд баригдан 10 гаруй орон сууны хотхон зээл аван санхүүжигдсэн бөгөөд тэдгээрээс та сонголтоо хийх боломжтой ажээ.  Зөвхөн тус банкнаас санхүүжигдсан гэхэд орон сууцны сонголт өргөн гэдгийг үйлчилгээний ажилтан хэлж байна.
Харин орон нутагт зөвхөн Эрдэнэт хотод зээл олгож буй гэнэ. Харин шалгуурын хувьд зээлийн журмынхаа дагуу бусад банкуудын адил шалгуур тавьж байна.
Хас банк
Тус банк иргэдийн зээдийг хүлээн авч байгаа ч маш удаашралтай байгаа гэнэ. Өмнө нь ипотекийн зээл авахаар өргөдөл материалаа өгсөн иргэд зээлийн шийдвэрээ сонсох, мөн шийдвэрээ сонссоноос хойш зээл олголт санхүүжилтаа авах зэрэгт маш их хугацаа орж байгаа гэнэ. Тэгэхээр иргэдийн зээл гарсан ч санхжүүлт орох хүртлээ хүлээлт үүсгэж байгаа юм байна.  Энэ талаар тус банкны ажилтан “Зээл олгож байгаа ч маш их удаашралтай байгаа. Яагаад гэхээр зээлийг эргэн төлөлтөөр санхүүжүүлж байгаа болохоор хугацаа их орж байна. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй. Одоо зээл авах шийдвэр нь гарсан ч санхүүжилт нь ороогүй олон иргэн байна. Жаахан хүлээлттэй л байна даа” гэж байлаа. Ер нь бол зээлийн шийдвэр гарсан ч сарын хугацаанд хүлээлт үүсэх бололтой.
Харин шалгуурын хувьд бусад банкуудын адил гэнэ.
Голомт банк
Одоогоор шинээр зээлийн материал хүлээн авахгүй байгаа гэнэ. Учир нь өмнө нь зээл авахаар материалаа өгсөн иргэдийн хүсэлт хүлээлттэй байгаа аж. Иймээс өмнөх зээлийнхээ материалыг шийдэж, зээл олголтуулаа хийсний дараа, дараагийн хүмүүсийн материалыг хүлээн авах гэнэ.
Гэхдээ зээл хүссэн иргэдийн материалыг хэзээнээс хүлээн авч эхлэх вэ гэдэг тодорхойгүй, шийдвэр гараагүй байгаа юм байна.
Ариг банк
Тус банкны тухайд ипотекийн зээлийн материал хүлээн авч байгаа гэнэ. Харин бусад банкнаас давуу тал нь гэвэл заавал Ариг банкаар үйлчлүүлдэг, тус  банкаар дамжуулж цалингаа авдаг байх гэсэн шалгуурыг тавьдаггүй ажээ. Иймээс иргэн та аль ч банкаар үйлчлүүлдэг байсан тус банкаар дамжуулж зээл авах боломжтой юм байна. Мөн заавал “манай банкаар санхүүжигдсан орон сууцаас зээл ав” хэмээн иргэдэд тулгадаггүй ажээ.
Ингээд иргэн та аль банкаар дамжуулж зээл авах вэ гэдгийг таны сонголтод үлдээе.

Г.Уянга
olloo.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …