Холливудын кино урлагийн академийн (AMPAS) шагнал гардуулах ёслол болж буй энэ хоромд таньд Оскартай холбоотой доорх сонирхлтой мэдээллийг хүргэж байна. 88 дахь удаагийн Оскар мөнхийн азгүй Леонардо Ди Каприогийнх (“The Revenant”) болох магадлал өндөр байна. Оскар есөн аравны турш оршин тогтнохдоо кино урлагийн хамгийн чухал шагнал болон хувирч, дэлхий даяар хамгийн их үздэг телевизийн нэвтрүүлэг болсон билээ. 1929 оноос хойш олгож байгаа Холливудын кино урлагийн академийн (AMPAS) шагнал гардуулах ёслолын сонин хачнаас дуулгаж байна. 1. ХЭН ХАМГИЙН ИХ ОСКАРТАЙ ВЭ? Алдарт Уолт Дисней хүүхэлдэйн киноны гайхамшигтай замналынхаа явцад 59 ангилалд 22 Оскар авчээ. Үүнээс гадна дөрвөн хүндэт өргөмжлөлийн эзэн. Түүний араас алдарт алтлаг хөшөөний загварыг гаргасан зургийн дарга Седрик Гибсон 11 Оскартай жагсдаг. 2. НЭГ ОСКАР ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ? Хэдийгээр худал мэт санагдах ч Оскар нэг ам.долларын үнэтэй ажээ. 1950 оноос хойш шагналын эзэд жижигхэн хөшөөгөө AMPAS-т нэг доллараар санал болгохоос нааш зарж, худалдахыг хориглосон гэрээ байгуулах болжээ. Ийм дүрэм журам байдаг ч арваад Оскарын шагналыг Академийн зөвшөөрөлгүйгээр хар зах дээр худалдсан юм. 1950 оноос өмнө олгож байсан Оскар тун цөөхөн байдаг тул дуудлага худалдаан дээр ихээхэн үнэ хүрдэг ажээ. 3. ОСКАРЫН ШАГНАЛЫН АНХНЫ ДАМЖУУЛАЛТ Оскарын шагнал гардуулах ёслолыг 1953 оны гуравдугаар сарын 19-нд NBC телевиз анх удаа Нью-Йоркийн Манхэттан дахь NBC International театр болон Лос-Анжелесийн Hollywood Pantages театраас зэрэг хар, цагаан дүрсээр дамжуулжээ. 1953 онд Сесил Демилийн “Дэлхийн хамгийн том жүжиг” кино Оскар авсан ба олон шүүмжлэгч үүнийг Оскарын шагналтай хамгийн муу кино хэмээн үздэг байна. 4. НАС БАРСНЫХАА ДАРАА ОСКАР АВСАН ЖҮЖИГЧИН ХЭН БЭ? Оскарын 86 жилийн түүхэнд хоёр жүжигчинд л жижиг хөшөөг нэхэн олгосон байдаг. 1976 онд Британийн жүжигчин Питр Финч “Хөнөөх хүч” киноны гол дүрээр шилдэг жүжигчний шагналыг авчээ. 2006 онд Австралийн жүжигчин Хит Лежер “Харанхуйн хөлөг баатар” киноны туслах дүрээр Оскар авсан юм. Финч 60 насандаа зүрхний өвчнөөр өөд болсон бол, Лежер 28 насандаа хар тамхи хэтрүүлэн хэрэглэж нас баржээ. 5. ХАМГИЙН ОЛОН ОСКАРТАЙ КИНО Хамгийн олон Оскар авсан гурван кино байдаг. “Бен Хур” (1959), Tитаник (1997), “Бөгжний эзэн: Хаан буцаж ирсэн нь” (2003) тус бүр 11 Оскар авчээ. “Салхинд туугдагсад” (1939) “West Side Story” (1961) тус бүр 10 Оскартай удаалж байна. 6. ОСКАРТ НЭР ДЭВШСЭН ЭМЭГТЭЙ КИНО НАЙРУУЛАГЧИД Оскарын 86 жилийн түүхэнд ердөө дөрвөн эмэгтэй найруулагч шилдэг кино найруулагчид нэр дэвшиж байжээ. Италийн Лина Вертмюллер (1977), Шинэ Зеландын Жейн Кампион (1994), Америкийн Софи Коппола (2004), Кэтрин Бигелоу (2010) нар нэр дэвшиж байв. Тэднээс Оскар авсан нь ганцхан Бигелоу (“Айдсын бүс”) ажээ. 7. АНГЛИАС ӨӨР ХЭЛНИЙ КИНОГООР ХАМГИЙН ОЛОН ОСКАР АВСАН УЛС Англиас өөр хэлний киногоор хамгийн олон Оскар авсан улс нь Итали юм. Италичууд киногоороо 13 Оскар авчээ. Франц 12, Испани, Япон тус бүр дөрвөн Оскартай. Аргентин хоёр Оскар авч байв. Мексик улсын кино найман удаа нэр дэвшиж байсан ч ганц удаа шагнал авч чадаагүй юм. Энэ удаагийн Оскарт Колумб улс Сиро Гэррагийн “Могойн тэврэлт”-ээр англиас өөр хэлний шилдэг кинонд анх удаа нэр дэвшлээ. 8. ОСКАРТАЙ ЦОРЫН ГАНЦ ОСКАР ХЭН БЭ? Хөгжмийн зохиолч Оскар Хаммерштейн 1942 онд Оскарын шагнал авсан нь Оскар нэртэй хүн Оскар авсан цорын ганц тохиолдол болсон юм. Тэрээр 1946 онд дахин нэг Оскар авчээ. 9. ХАМГИЙН ОЛОН ОСКАРТАЙ ЭМЭГТЭЙ ЖҮЖИГЧИН Хэдийгээр Мерил Стрип Оскарын шагналд 19 удаа нэрлэгдэж байсан ч хамгийн олон Оскартай эмэгтэй жүжигчин бол Америкийн домогт Кэтрин Хэпбурн юм. Тэрээр 1934-1982 онд шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг дөрвөн удаа авчээ. Араас нь Мерил Стрип, швед гаралтай Ингрид Бергман нар гурван Оскартай нэхэж байдаг. 10. ХАМГИЙН ОЛОН ОСКАРТАЙ ЭРЭГТЭЙ ЖҮЖИГЧИН Энэ ангилалд америк эр Жек Николсон маргаангүй манлайлдаг. Тэрээр Оскарт 12 удаа нэр дэвшиж гурван удаа гардан авч байжээ. Даниель Льюис мөн гурван удаа шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарсан бол, Валтер Бреннан гурван удаа шилдэг эрэгтэй туслах дүрийн Оскар авч байсан юм. |
Түлхүүр үгтанин мэдэхүй
Санал болгох мэдээ
Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна
Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …