ЗОХИОГЧ Д.УРАНБИЛЭГИЙН “ЦАГИЙН ХҮРДЭН” ШИНЭ БҮТЭЭЛ
Зохиогч Доржгочоогийн Уранбилэг “ЦАГИЙН ХҮРДЭН” шинэ номынхоо нээлтийг “Аз хур” номын их дэлгүүрт хийж уншигчдийнхаа гарт өргөн барьлаа.
Д.Уранбилэгийн “Зүрхэнд дуссан нулимс” бодит амьдралаас сэдэвлэсэн түүхэн зохиолын үргэлжлэл гэж болох “Цагийн хүрдэн” түүхэн тууж адармаатай, сонирхолтой үйл явдал, он цагийн хэлхээс, утга төгс найруулагаар уншигч авхай Таныг уйдаахгүй биз ээ. Өнөөдрийн эрх чөлөө, амар амгалан, аз жаргалыг амь биеэ үл хайрлан бидэнд авчирсан эрэлхэг дайчид, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүн бүхэнд зохиолч маань энэхүү номоо зориулжээ.
Дашрамд дуулгахад “Цагийн хүрдэн” түүхэн тууж нь зохиогчийн 5 дахь уран бүтээл бөгөөд тэрбээр “Чингис хааны удирдахуйн ухаан ба орчин үеийн байгууллагын менежментийн бодлого” /Япон хэлээр/, “Хүчирхэг удирдагч байх ухаан” зэрэг удирдахуйн ухааны, “Сэтгэлд жаргасан наран” шүлгийн, “Зүрхэнд дуссан нулимс” түүх, утга уянгын бүтээлүүдээрээ хэдийнээ өөрийн гэсэн уншигч, шүүмжлэгчидтэй болсон залуу, зохиолч юм.
Монголын зохиолч, шүүмжлэгчид Д.Уранбилэгийн бичлэгийн онцлогийг “Утга зохиолын салбарт өөрийн гэсэн өвөрмөц өнгө аяс, намба төрх, үзэл бодлоо тээн, чимээгүйхэн атлаа бүтээлчээр орж ирж буй эх оронч үзэл ухамсар шингэсэн, түүх, түрүү үеэ хүндэтгэсэн, эрэн сурвалжилсан, бүтээл номдоо мөнхөлсөн байдаг нь олзуурхууштай” хэмээн тодорхойлдог билээ.
Б.Саран