АНУ Сирийн хойд хэсэгт агаарын цэргийн бааз байгуулж байна

Сирийн хойд бүс нутаг дахь курдын дайчдын хяналтад орсон бүс нутагт АНУ агаарын цэргийн бааз байгуулж байгаа талаар өчигдөр курдын босогчдын цахим хуудсанд мэдээлсэн байна. Энэ мэдээллээс үзэхэд АНУ-ын эхний агаарын баазыг байгуулах ажил дуусах шатандаа орсон, мөн цэргийн болон иргэний зориулалтаар ашиглах 2 дахь баазыг байгуулж эхэлсэн байна. Курдын дэмжлэгтэй “Сирийн ардчилсан хүчин” бүлэглэлийн эх сурвалжаас иш татан, БасНьюс мэдээллийн цахим хуудас энэ тухай уламжилсан байна. АНУ эхний баазаа Сирийн зүүн хойд захад байрладаг Хасака хотод, харин 2 дахь баазаа Туркийн хилтэй залгаа оршдог Кобани хотын зүүн өмнөд хэсэгт байгуулж байна.

984800ee97073247219b1a3c80aceb49original

Исламын улс террорист бүлэглэлийн эсрэг АНУ-ын дэмжлэгтэйгээр тэмцэж байгаа Сирийн сөрөг хүчний босогчдын бүлэглэлийн зарим эх сурвалж шинэ агаарын цэргийн бааз байгуулах ажилд америкийн мэргэжилтэн, техникчид оролцож байгаа талаар мөн мэдээлж байгаа юм. Үүний өмнө АНУ-ын байлдааны нисэх онгоцууд ачаа тээвэрлэхдээ курдуудын мэдлийн Рмейлан нислэгийн зурвасыг ашиглаж эхэлсэн талаар Сири дэх курдын босогчид мэдэгдэж байсан.

Гэхдээ АНУ нислэгийн зурвасыг хяналтад авсан гэх мэдээллийг Америкийн батлан хамгаалахын эх сурвалж няцаажээ. АНУ-ын цэрэг хүчнийхэн Сирид Исламын улс бүлэглэлтэй тэмцэхэд ложистикийн болон бусад талын дэмжлэг үзүүлэх оновчтой арга зам эрэлхийлж байгааг тус эх сурвалж харин үгүйсгээгүй байна.

Өнгөрсөн сард эвслийн агаарын цэргийн ажиллагааны дэмжлэгтэйгээр курдын босогчид Сирийн Шадади хотыг Исламын улс бүлэглэлээс чөлөөлөхөд АНУ-ын цэргийн зөвлөхүүд дэмжлэг үзүүлсэн. Гэхдээ эдгээр цэрэг байлдаанд биечлэн оролцоогүйг АНУ-ын холбогдох албаныхан онцлон мэдээлж байгаа юм.

эх сурвалж: MNB.mn

Санал болгох мэдээ

Цахим ур чадварын нээлттэй хаалганы өдөрлөг болж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, E-Mongolia Academy УТҮГ, Чингэлтэй дүүргийн …