Арилжааны банкууд найман хувийн зээл дээр “санхүүжилт орж ирээгүй” гэх топ үгтэй болсоор удаж байна. Материалаа хүлээн аваад, зээлийн шийдвэр нь гарчихаад байхад санхүүжилт байхгүй гэх нэрээр өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын асуудал ч шийдэгдээгүй яваа нь гайхалтай. Хамгийн гол нь энэ асуудалд огт эзэн олдохгүй байгаа нь бүр ч хачирхал төрүүлнэ.
Уг нь ипотекийн зээл хэвийн олгогдох эрхзүйн орчинг нээгээд хоёр сар болчихоод байна. Зээл гацаанаас гарангуут Монголбанкны зүгээс сар шинийн өмнө хэдхэн зээлийн асуудал шийдээд, санхүүжилтээ өгөхгүй зогсоосон талаар арилжааны банкууд онцолж буй. Харин Монголбанкнаас “Арилжааны банкуудад Монгол банкны зүгээс санхүүжилтийг нь хэвийн олгож байгаа” гэх хариулт өгч байгаа юм.
Гэвч өөр эх сурвалжуудын мэдээлж буйгаар Монголбанк санхүүжилтээ арилжааны банкуудад олгохгүй байгаа нь үнэн бөгөөд МИК болон Монголбанкны зүгээс таван хувийг эхлүүлэх үеэр мөнгөн хуримтлал ихтэй байх асуудалд анхаарч, найман хувийн санхүүжилтийг олгохгүй барьж байгаа аж.
Арилжааны банкуудын зүгээс “Монголбанкнаас санхүүжилт энэ сарын 10-наас орж ирнэ” гэсэн хариулт өгч байсан ч өнөөдрийн байдлаар дахин хойшилж, санхүүжилтийг энэ сарын 22-ны өдөр болтол ирэхгүй гэж дуугарч байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд Монгол банк ипотекийн зээлийн санхүүжилтэд нийт 3 их наяд төгрөг зарцуулсан. Үүний 2.4 их наяд төгрөгийг ипотекийн зээл авсан 77 мянган иргэн хэдийнээ төлжээ. Энэ хуримтлалд үндэслэн дараа дараагийн, орон сууцны зээлийг санхүүжүүлэхээр Монгол банк төлөвлөсөн байна. Ингэхдээ мөнгөн хуримтлалыг таван хувийн зээл хэрэгжиж эхэлтэл гадагш гаргалгүй барих даалгавар авсан бололтой.
Мэдээж энэ даалгаврыг тэд дотроосоо авчихаагүй. Засгийн газар найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг таван хувь руу буулгахын тулд хүү хоорондын зөрүүнд санхүүжилт олох хэрэгтэй байгаа. Уг хүүгийн зөрүүг хэрхэн олох тал дээр засгийн газар нам гацаж, Төв банк мөнгө хэвлэх санал хүртэл тавьсан нь нэгэнт ил болсон. Тэгэхээр арилжааны банк болон байрандаа орохоор зээл гарахыг хүлээж буй иргэдийн мөнгөний асуудал гацсан нь их дээрээс шидсэн чулуутай холбоотой нь батлагдаж буй юм.
Эрх баригч намын даалгавар ингэж Монголбанкинд тусгалаа олж, хариуд нь иргэд болон арилжааны банкууд хохирч байна.
Нөгөө талд энэ байдал барилгын салбарт ч хүндхэн тусаж, компаниуд өнөө маргаашийн орлогогүй зогсоод байгааг онцлууштай. Таван хувь одоо нэгэнт гараанаас гарсан. Дахин төлөвлөлтөд орсон хийгээд аймгийн төвүүдэд байр авах иргэдийн асуудлыг шийдэхээсээ өмнө шийдэгдчихсэн зээлийнхээ санхүүжилтийг олгох тал дээр анхаарах хэрэгтэй.
Монгол Улсын мөнгөний бодлогыг зохицуулах учиртай Төв банк хэдий болтол эрх баригч намын үгээр шийдвэр гаргаж, санхүүгийн зах зээлд эрсдэл учруулах хэмжээний үйлдлүүд хийхээ зогсоох бэ? гэдэг нь өнөөдрийн анхаарах сэдэв болчихоод байна.