“Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд 2016” олон улсын циркдийн хамтарсан тоглолт гурав дахь удаагаа болох гэж байна. Тус тоглолтод Монгол, БНАСАУ, АНУ, Англи, Канад, Испани, БНХАУ, ОХУ, Украин, Вьетнам зэрэг 12 орны 60 гаруй А зэрэглэлийн шилдэг жүжигчид оролцох юм байна.
Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг Ардчилсан Солонгосын агаарын нисэлтийн үзүүлбэр, циркийн амь эрссэн номеруудын нэг үхлийн цагираг буюу 10 метрийн өндөртэй төмөр цагираг дээрх үзүүлбэрээ БНХАУ-ын жүжигчид толилуулах аж. Испанийн жүжигчид илбийн үзүүлбэрээр, сургуультай сармагчингууд, Африкийн гурван метр урттай аварга матар, ховор үүлдрийн нохойнууд сонирхолтой үзүүлбэрээ үзүүлэх бөгөөд Монголын циркчид агаарт зургаа эргэн дэлхийн рекордыг эвдсэн шидэх банзны үзүүлбэрээрээ оролцох ажээ.
“Дэлхийн цирк Монголд 2016” тоглолт энэ сарын 26-аас дөрөвдүгээр сарын 10 хүртэл Монголын үндэсний циркт болох юм байна.
Эх сурвалж: Өдрийн сонин