Т.Банзрагч: Монгол гэрт яаж сайхан амьдрахыг харуулна

hiuabgerdenetinfo.mn – сайтаас  зөвшөөрөлтэйгээр авч нийтлэв

“Амжилтын замнал” /Road to success/ булангийн эхний дугаараа уншигч танд хүргэж буйдаа баяртай байна. Анхны зочноороо бид олон нийтийн сүлжээнд “гоё хашаатай” гэж алдаршсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Авто тээврийн байгууллагын жолооч Т.Банзрагчийг урилаа.

Өөрийн амьдралын хэв маягийг “Амжилт” хэмээн тодорхойлж буй эгэл даруухан атлаа хөдөлмөрч залуутай зорилго, мөрөөдөл, амьдралыг үзэх үзлийн талаар ярилцсаныг маань хүлээн авна уу.

ЯРИЛЦЛАГЫН ЗОЧИН: Т.БАНЗРАГЧ 

ЯРИЛЦСАН: Ч.ЭНХЧУЛУУН @ENHCHULUUN   

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.ЦЭРЭНСОДНОМ @BTSERENSODNOM

ВЭБ ХӨГЖҮҮЛЭГЧ: К.ЗАНАЙ 

– ХҮМҮҮС ТАНАЙ ХАШААНЫ ЗУРГИЙГ ХАРААД БАНЗРАГЧЫНХ БАЙНА ГЭЖ МЭДДЭГ. ТҮҮНЭЭС ЦААШ ТӨДИЙЛӨН САЙН МЭДЭХГҮЙ БОЛОВ УУ. ЮУН ТҮРҮҮНД МАНАЙ УНШИГЧДАД ӨӨРИЙГӨӨ ТОВЧ ТАНИЛЦУУЛАХГҮЙ ЮУ?

Намайг Тэгшбаярын Банзрагч гэдэг. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Авто тээврийн байгууллагад ажилладаг. Орхон аймгийн Баянцагаан багийн “Шинэ тосгон”-д амьдардаг. Таван хүүхэдтэй.

– ТАНАЙХ УРЬД НЬ ОРОН СУУЦАНД АМЬДАРЧ БАЙГААД ГЭР ХОРООЛОЛД ГАРСАН ГЭСЭН. ХҮН БҮР ОРОН СУУЦТАЙ БОЛОХ ГЭЖ МЭРИЙЖ БАЙХАД ЯАГААД ИЙМ СОНГОЛТ ХИЙСЭН ЮМ БЭ?

Заримд нь гэр хороололд амьдарч буй хүмүүсийг шоовдорлох хандлага харагддаг. Гэхдээ хоёр өрөө байранд амьдрах хороололд амьдрах гэдэг бол эрс тэс ялгаатай. Гэр хороололд амьдрах олон талаар ашигтай шүү. Хамгийн том давуу тал бол газраа өмчлөх. 0.7 га газарт бүх зүйлийг шийдээд илүү тав тухтай амьдрах боломжтой. Үүнийг л хүмүүст харуулахыг хүсдэг дээ. Тийм учраас өөрийн хашаагаа тохижуулж эхэлсэн юм.4

– ТАНАЙ ХАШАА ҮҮДНЭЭСЭЭ ЭХЛЭЭД Л НҮД БҮЛТИЙМЭЭР ЮМ. ЭНЭ ТОХИЖИЛТЫГ ХИЙЖ ЭХЛЭХДЭЭ ЮУ ТӨСӨӨЛЖ БАЙВ?

Би энд амьдарч эхлээд таван жил болж байна. Анх хоосон хашаа худалдаж авсан. Тэр үед хашаа байшинд амьдрах талаар хэвшмэл ойлголт хүмүүсийн дунд их байлаа. Монгол гэр, нохойн байр, модны саравчаар л төсөөлдөг байлаа шүүдээ. Харин би эсрэгээр нь төсөөлсөн. Гадаадын улс орнуудын “Town House” их гоё санагддаг. Яг түүнтэй ижил. Гэхдээ монгол хэв маягийг хадгалсан тохижилт хийж яагаад болохгүй гэж бодож л тохижуулж эхэлсэн дээ. Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат. Цэргээс халагдаж ирээд нутагтаа буюу “Эрдэнэ Зуу” хийдэд зураачаар ажилд орсон юм. Тэгэхэд л монгол хээ гэж ямар гайхалтай зүйл байдгийг сэтгэлдээ гүн гүнзгий мэдэрч авсан. Тэр нь ч хашаагаа тохижуулахад их тус болж байна.

– ТӨСӨӨЛӨЛ БОДИТ БОЛЖ ЧАДСАН УУ?

Чадалгүй яахав. Нэмж хийх зүйлс ч байна. Одоо хийчхээд байгаа тохижилтод гурван жилийн хугацаа зарцуулсан. Юм хөгжиж байна. Мэдээж би нүүрс зөөгөөд гал түлмээргүй байна. Худгаас усаа авмааргүй байна. Үүний тулд л уйгагүй хөдөлмөрлөсөн дөө. Хөдөлмөрлөж байж л тохилог сайхан орчинг бүтээнэ шүү дээ. Манайхан бол хийх биш их ярьдаг болчхож.

– ГУРВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД ХАШААГАА ХЭРХЭН ТОХИЖУУЛСАН БЭ?

Машины зогсоол, сагсан бөмбөгийн талбай бий. Бас цэцэг, бут, ногоон төгөл, есөн төрлийн жимсний мод байгаа. Мөн явган хүний зам, нохойн байр гээд их юм бий. Манай нохойг боби гэдэг. Миний хүүгийн нохой. Хүү маань Солонгост сурч байгаа юм. Анх ганцхан сартайд нь надад өгөөд Солонгос руу ниссэн. Одоо боби гурван настай. Миний нохой надад их хань болдог юм. Тиймээс нохойн байрыг их л ач холбогдол өгч тохижуулсан.2

– ХАШАА БАЙШИНГАА ИНГЭЖ ТОХИЖУУЛАХАД ЮУ НӨЛӨӨЛСӨН ГЭЖ БОДДОГ ВЭ?

Мэдээж хүсэл эрмэлзэл нөлөөлсөн. Түүнээс гадна гэр бүлийн хүмүүжил маш их нөлөөлсөн гэж бодож байна.

– НЭМЖ ЯМАР ТОХИЖИЛТ ХИЙХ ВЭ?

Монгол гэрт яаж сайхан амьдарч болохыг үзүүлнэ дээ.3

Монголчууд гэрт өсдөг. Тийм учраас байшингийнхаа баруун талд сийлбэртэй, дөрвөн ханатай гэр барина даа. Бүх зүйлээ бэлдчихсэн. Гэрээ захиалчхаад хүлээж байна. Монгол гэрт яаж сайхан амьдарч болохыг үзүүлнэ дээ.

– ТАНЫ АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ ИХ ОЛОН ХҮНД ТААЛАГДСАН. ҮҮНЭЭС ХЭР УРАМШСАН БЭ?

Архангай, Хөвсгөл, Улаанбаатар гээд олон газраас хүмүүс над руу утсаар ярьсан. Фэйсбүүкээр ч гэсэн ялгаагүй. Тэр болгоноос их урам авсан. Хамгийн гол нь би зөвхөн өөртөө биш хүн бүр ингэж амьдрах боломжтойг л ойлгуулахыг хүссэн.

– ТАНИЛУУД ТАНЬ АНХ ТАНАЙ ХАШААГ ХАРААД ЯАЖ ХҮЛЭЭЖ АВДАГ ВЭ? ЯЛАНГУЯА АЖЛЫН ХАМТ ОЛОН ТАНЬ.

Янз бүр. Би “Эрдэнэт үйлдвэр”-т 15 жил ажиллаж байна. Саяхныг хүртэл ажлынхан маань манай хашааны талаар мэддэггүй байсан л даа. Би ч өөрөө нэг их нээлттэй хүн биш даруухан болохоор. Ихэнх нь фэйсбүүкээс мэдсэн байхаа. Таалагдсан гэж бодож байна шүү.

– ӨӨРИЙНХӨӨ ХҮЧЭЭР ТОХИЖУУЛСАН ГЭР РҮҮГЭЭ ЯАРАХ СЭТГЭЛ ЮУ ЮУНААС ИЛҮҮ ТӨРДӨГ БАЙХ. ТЭР МЭДРЭМЖИЙГ ҮГЭЭР ИЛЭРХИЙЛБЭЛ?

Aжил тараад би гэр рүүгээ л яардаг. Яагаад гэвэл миний дуртай бүх зүйл энд бий. Гэртээ ирээд маргаашийн эрч хүчээ авдаг даа5

Өглөө босохоос эхлээд л үнэхээр сайхан. Зуун хувь сэтгэл хангалуун байдаг. Мэдээж энэ нь ажилдаа очоод эрч хүчтэй байх гол шалтгаан болдог. Харин ажил тараад би гэр рүүгээ л яардаг. Яагаад гэвэл миний дуртай бүх зүйл энд бий. Гэртээ ирээд маргаашийн эрч хүчээ авдаг даа.

– ТАНЫГ СПОРТОД ИХ ДУРТАЙ ГЭЖ ДУУЛСАН?

Би сагсан бөмбөгийн спортоор хичээллээд 30 жил болж байна. Хүүхэд байхаасаа л өдөр шөнөгүй тоглосоор өдий хүрч байна. Хашаагаа тохижуулахдаа ч өөртөө зориулж сагсан бөмбөгийн талбай байгуулсан. Бас унадаг дугуй унах дуртай. Ерөнхийдөө хөдөлгөөнийг чухалчилдаг. Сүүлийн үед хүмүүс хөдөлгөөний дутагдалд их орж байна. Хүн эрүүл байх үедээ өөртөө юу ч зарцуулдаггүй. Өвдөөд ирэхээр маш их мөнгө, цаг зав өөртөө зарцуулдаг. Идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүн энэ зовлонг үзэхгүй гэж боддог. Урин дулаан цагт бол би хаашаа ч явсан дугуйгаа л унадаг.7

– САГСАН БӨМБӨГИЙН ЯМАР БАГИЙГ ДЭМЖДЭГ ВЭ?

“Майами Хит”. Олон жил үнэнчээр дэмжиж байна.

– ТАНЫ ЯРИАГ СОНСООД БАЙХАД АМЬДРАЛДАА ИХ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙДАГ ТАНЬ ХАРАГДАЖ БАЙНА. ТАНЫ ХУВЬД ЭНЭ АМЖИЛТ МӨН ҮҮ?

Мөн байлгүй яахав. Хамгийн гол нь би бусдад гэр хороололд яавал тухтай амьдарч болох талаар санаа өглөө. Бүр манайхаас ч гоё болгоод амьдарч болно. Энэ л миний хувьд амжилт гэж бодогдож байна.

– МАНАЙ ХАШААГ ТОХИЖУУЛААД ӨГӨӨЧ ГЭСЭН САНАЛ ИРЖ БАЙВ УУ?

Ирсээн. Та ямар үнэ ханшаар ийм тохижилт хийх вэ гэж олон хүн асуусан. Хариуд нь би ийм зүйл хийдэг хүн бишээ л гэдэг. Харин яаж хийх талаар зөвлөгөө авахыг хүсвэл мөнгө төгрөг гэлгүй тусалья л гэсэн хариулт хэлдэг.

– ТЭГЭЭД ЗӨВЛӨГӨӨ АВСАН ХҮН БИЙ ЮУ?6

Манай ажлын хоёр, гурван залуу орон сууц худалдаж авахаа болиод хашаа байшин авсан шүү. Би дүү нарт хэлсэн юм “Та нар 20 жил өртэй яваад яах юм бэ. 30 сая төгрөгөөр сайхан байшин бариад ав. Тэгээд цэвэр, бохир ус, дулаан гээд бүх зүйлээ шийдэх боломжтой” гэж. Миний хэлснийг ч дагасан. Байшингаа барихад нь би өөрөө очиж тусалсан даа.

– ТАНД ЦАГ ЗАВ ХЭР ИХ ГАРЧ БАЙНА. ӨӨРТӨӨ ЦАГ ЗАРЦУУЛДАГГҮЙ ЮМ БИШ БИЗДЭЭ?

Зун, хаврын улиралд их завгүй. Тэр үед хэрэгтэй цэнэгээ би өвлийн улиралд авдаг. Сагсаа тоглоно. Бассейнд орох гэх мэтээр сайхан амардаг. Тэгээд л хавар дулаан орлоо миний ажил эхэлдэг юм. Өглөөнөөс орой болтол ажиллана. Дуртай юмаа хийж байгаа хүн чинь ядрах биш. Харин ч аз жаргалтай байдаг болохоор сайхан шүү.banzragch

Дуртай юмаа хийж байгаа хүн чинь ядрах биш. Харин ч аз жаргалтай байдаг болохоор сайхан шүү.

– ТАНТАЙ ЯРИЛЦАЖ БАЙХАД ӨӨРИЙН ХҮЧ ХӨДӨЛМӨРӨӨР АМЬДРАЛАА БОСГОХ ТАЛААР САНАА ОЛОН УДАА СОНСОГДЛОО. ЗӨВ ОЙЛГОЖ УУ?

Миний бодлоор хүмүүс материаллаг зүйлд хэт дурлаад байна. Миний хувийн бодол л доо. Байгаа зүйлээ тордоод өөрийн сэтгэлд нийцүүлэх хэрэгтэй болохоос байхгүй зүйлийн төлөө өөрийгөө зовоогоод яахав дээ. Өөрт байгаа зүйлээ хэнээс ч дутахааргүй болгохын тулд уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Үүний тулд хүсэл эрмэлзлээ ч бас уйгагүй байлгахыг хичээдэг. Бүгд л энэ талаар ярьдаг л даа. Яг хийдэг нь ховор болохоос. Манайхан ер нь сэтгэлгээндээ өөрчлөлт хийх хэрэгтэй байх аа. Тэрийг нь багаас нь заадаг ч юм уу эсвэл одооноос сурталчилдаг юм уу ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй л гэж бодогддог.

Өөрт байгаа зүйлээ хэнээс ч дутахааргүй болгохын тулд уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй.

– ЭНЭ НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ӨӨРЧЛӨХӨД БИ Т.БАНЗРАГЧ ГЭДЭГ ХҮН ЮУ ХИЙЖ ЧАДАХ ВЭ ГЭЖ БОДОЖ БАЙСАН ТОХИОЛДОЛ БИЙ ЮУ?

Байгаа. Эрдэнэт хотын залуучуудад зориулж юу хийх вэ гэж бодож байгаа. Төлөвлөсөн зүйл бий.paralliax

– НУУЦ БИШ БОЛ ЮУ ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА ЮМ БЭ?

Би цэцэрлэгт хүрээлэнгийн төсөл бичсэн юм. Төслөө Байгаль орчин, аялал жуулчлалын газар, баг гээд хэд хэдэн газар өгсөн. Магадгүй миний хэмжээнээс хэтэрсэн зүйл байж болох юм. Гэхдээ хүчээ сориод үзье гэж бодож байна. Заавал хийх ёстой. Хариуг нь хүлээж байна.

Эх сурвалж: erdenetinfo.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …