Монгол Улсын хэмжээнд эдийн засгийн хямрал болон цаг уурын хүндхэн нөхцөл байдалд хэцүүхэн амьдарч байгаа Малчин ард түмнээ дэмжих зорилготой “Илгээлтийн эзэд” аянг дуучин МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар санаачилж хандивын тоглолтоо хийхээр болсон.
Өнөөдөр буюу 3 сарын 14,16,19-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд хоёр гавъяатын хамтарсан хандивын тоглолт болох гэж байгаа ба тоглолтыг үзэхээр билет авсан үзэгчид өөрсдийн боломжоор хандив өргөж байгаа гэнэ. Мөн энэхүү аянг МУ-ын Засгийн газар, БСШУЯ зэрэг төрийн байгууллагууд дэмжиж байгаа ба хувь хүмүүс, албан байгууллагууд, ЕБС-ын хүүхдүүд өөрсдийн боломж, чадах зүйлээрээ дэмжин өвс, нэмнээ, бээлий, лаа шүдэнз, хүнсний зүйл, эд материал болон мөнгөн тусламж үзүүлэн оролцож байгаа юм. Өнөөдрийн байдлаар цаг агаарын байдал хэвийн байгаа мэт боловч малчид хөдөө орон нутгийн иргэдэд хүндээр тусч байгаа ба цас зудын байдалтай хэвээр байгаа юм. Тиймээс хүн бүр идэвхий санаачлагтай оролцож, өөрсдийн боломжоороо туслахыг МУГЖ С.Жавхлан онцгойлон уриаллаа.
Хэвлэлийн бага хурал дээр хоёр гавъяат хэлэхдээ:
МУГЖ С.Жавхлан “Тус аяныг санаачилж зохион байгуулж байгаа Т.Баясгалан бид хоёр “Илгээлтийн эзэд” хамтарсан тоглолтоо Улаанбаатар хотоос эхлэн бүхий л аймаг, суманд хийх төлөвлөгөөтэй байна. Тоглолтын бүх ашиг нь цаг уурын хүндхэн нөхцөлд амьдарч байгаа малчин гэр бүлүүдэд сэтгэлийн дэм болохоос гадна ОБЕГ-аар дамжуулан хэрэгтэй эд материал, бэлэн мөнгө болж эзэндээ очих болно. Манай аяныг дэмжиж байгаа Засгийн Газар, БСШУЯ, ХХААЯ-ны хамт олондоо баярлалаа. Хүн бүрийг манай тоглолтыг ирж үзээсэй. Ирэхдээ цэцэг, бэлэг биш, малчин ард түмэнд хэрэгтэй нэмнээ, өвс зэргийг авчраарай гэж хүсье” хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.
Мөн МУГЖ Т.Баясгалан “Удаан уулзаагүй та бүхэнтэйгээ уулзаад баяртай байна. Малчин түмэн маань 20-иод жилийн турш бидний дууг сонсож, дэмжиж, хайрлаж ирсэн. Тиймээс бид нар ч гэсэн өөрсдийнхөө чадлаар малчдаа дэмжих учраас ийнхүү аяныг санаачилсан. Эхлээд Улаанбаатар хотын Бөхийн өргөөнд энэ сарын 14-нөөс тоглох болно” гэсэн юм.
Мөн аяны хүрээнд “Нэг хүүхэд-нэг нэмнээ”, “Малчин оюутан” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ