Дарханд ОХУ-ын 12 объект байдаг

Энэ сарын 16-ны өдөр аймгийн удирдлагууд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын “Хилийн чанадад байгаа, төрийн өмчийг удирдах газар”-ын 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг хүлээн авч уулзав. Тус уулзалтаар Дархан сумын 4, 5 дугаар багт байрлах Шүүхийн байр, 3, 4, 6 дугаар байр, Жигүүр цогцолбор сургуулийн байр зэрэг ОХУ-ын өмчийн 12 объектуудын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг  Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргээс шилжүүлэн, шинэчлэн бүртгэх, эдгээр объектуудын ашиглалтын газрыг нарийвчлан тогтоох, улмаар 3, 4 дүгээр орон сууцыг Монголын талд хүлээлгэн өгөх тухай хэлэлцэв.

3, 4 дүгээр орон сууцны асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуулт олон жилийн өмнөөс тавигдаж ирсэн ч бүрэн төгс хариулт өгөх хүн байхгүй байсаар өнөөдөртэй золгосон. Иймд оршин суугаа иргэдэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг олгох асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг аймгийн Засаг дарга А.Энхболд хүслээ.

Энэ үеэр Сум дундын шүүх, Жигүүр цогцолбор сургуулийн объектуудын үл хөдлөх хөрөнгийн шинэчилсэн гэрчилгээг Оросын талд гардуулсан бөгөөд ОХУ-ын ОУ-ын хамтын ажиллагааны ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөх Набатчикова Анастасия Анатольева тус асуудалд аймгийн удирдлагуудын зүгээс хурдан шуурхай ажиллаж 2 гэрчилгээг олгосон явдалд талархал илэрхийлэв. Эдгээр 12 объектуудад холбогдох ашиглалтын газар, гэрээг шинэчлэн бүртгэх зэрэг асуудлууд нь хоёр улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын хүрээнд яригдаж байгаа тул ирэх 4 дүгээр сард ОХУ-ын ГХЯ-ны сайд С.В.Лавров манай улсад айлчлах үеэр шийдвэрлэгдэх төлөвтэй байна.

Эх сурвалж: Darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …