Зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байрыг ашиглалтад хүлээн авах ёслол өнөөдөр боллоо.
Ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунцэцэг, БХЯ, ЗХЖШ-ын газар, хэлтсийн дарга болон цогцолборыг барьж гүйцэтгэсэн “Баярск” констракшны удирдлагууд, эмч, сувилагч, ажилтан алба хаагчид оролцлоо.
Энэхүү цогцолбор барилгыг 2011 оноос хойш барьж эхэлсэн бөгөөд цаг хугацааны хувьд 2013 онд ашиглалтад өгөх ёстой байв. Гэвч барилга гүйцэтгэгч талаас хамааралтайгаар хугацаа алдсаар ийнхүү өнөөдөр ашиглалтад орж байна. Барилгын явцтай өнгөрсөн арваннэгдүгээр сард Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батсайхан танилцахдаа барилга гүйцэтгэгч талыг ажлаа шавдуулж, ашиглалтад өгөх хугацааг богино байхыг сануулж байсан юм.
Цэргийн нэгдсэн эмнэлгийн цогцолбор барилга нь А,Б,В гэсэн блокоос бүрдэх бөгөөд А блокод хэвтэн эмчлүүлэгчид, Б блокод амбулатори, В блокод усан эмчилгээ, спорт заал байхаар төлөвлөн барьжээ.
Ёслолын арга хэмжээг нээж БХХСАХНЭ-ийн дарга, хурандаа Б.Элбэгжаргал “Хүн ардынхаа эрүүл энхийн манаанд байдаг манай эмнэлгийнхэн шинэ орчин нөхцөлд, орчин үеийн тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаагаа явуулах боломж бүрдэж байна. Шинэ эмнэлэг маань шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байгаа. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Австрийн Засгийн газрын яриа хэлэлцээрийн дүнд Австрийн талаас 17 тэрбум төгрөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, рентген аппаратуудыг хөнгөлттэй зээлээр авсан. Энэхүү тоног төхөөрөмжөө холбосон байгаа. Тоног төхөөрөмж дээр ажиллах алба хаагчдаа ч сурган мэргэшүүлсэн. Цаашдаа эмнэлгийнхээ дотоод тавилга, ор хэрэгслээ шинэчилсэний дараа шинэ байрандаа нүүж орно” гэсэн юм.
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон “Бид өнөөдөр түүхэн үйл явдалд оролцож байна. Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй ажилладаг манай цэргийн эмнэлгийнхэн шинэ байрандаа ороход бэлэн боллоо. Энэ бол төр засгаас эрүүл мэндийн талаар түүний дотор төрийн тусгай албан хаагчдын нийгмийн хамгааллын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн гэж үзэж байна. Дэлхийн жишигт хамгийн сайн эмнэлэг нь цэргийн эмнэлэг байдаг. Ерөнхийлөгч нь цэргийн эмнэлэгтээ л хэвтэж эмчлүүлдэг жишиг дэлхийн олон оронд байна. Үүний адил манай цэргийн эмнэлэг ч гэсэн байлдагчаас эхлээд Ерөнхийлөгч нь хүртэл хэвтэж эмчлүүлдэг байх ёстой. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн хамт олон өдөр бүр өндөр ачаалалтай ажилладаг хамт олон юм. Улсын хэмжээнд хордлогын яаралтай болон халуун зэвсгээс үүссэн гэмтлийн тусламж, Улаанбаатар хотын хэмжээнд хутга, мэснээс үүдэлтэй хүйтэн зэвсгийн гэмтлийн тусламжийг үзүүлэхийн зэрэгцээ Баянзүрх, Налайх дүүргийн ард иргэдэд мэс заслын яаралтай тусламжийг үзүүлж байна. Энэ байдлыг ойлгож Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний удирдлагаас тэдний эмчилгээ, оношлогооны тоног, төхөөрөмжийг шинэчлэх, ажиллах орчин нөхцлийг сайжруулах талаар байнга анхаарал хандуулж ирсэн. Цаашид ч анхаарал хандуулан ажиллана” гэсэн юм. Ёслолын арга хэмжээний дараа БХХСАХНЭ-ийн дарга, хурандаа Б.Элбэгжаргал эмнэлгийн шинэ байр, дотоод заслаа танилцуулсны дараа дотоод бүтэц, зохион байгуулалтын хувьд хэрхэн ажиллах, ямар тасгууд шинээр нэмэхээр ажиллаж байгаа талаараа холбогдох удирдлагуудад мэдээлэл өгсөн юм.
Дашрамд сонирхуулахад, энэхүү эмнэлэг нь 1921 онд Их Жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар цэрэг, ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр байгуулагдаж байсан түүхтэй. 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцон эх орон ард түмнийхээ өмнө хүлээсэн ариун үүргээ нэр төртэй биелүүлж байгаа эмнэлэг юм. Алтан гадас одонт Зэвсэгт хүчний 027 дугаар анги нь 1983 оноос Клиникийн төв эмнэлэг нэртэйгээр ажиллаж байгаад 2012 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийнхэн үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ энхийг дэмжих ажиллагаанд, цагийн байдлын хүнд нөхцөлд, байлдааны болон гамшгийн үеийн эмнэлгийн тусламж, анхан шатны болон төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг НҮБ-ын цэргийн алба хаагчид болон нутгийн ард иргэдэд мэргэжлийн өндөр ур чадвар гарган үзүүлж, төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан үүргийг нэр төртэй биелүүлж байгааг тэмдэглэх ёстой.
Өнгөрсөн оноос эхлэн батлан хамгаалах салбартаа хүлээлттэй байсан хэд, хэдэн байшин барилга ашиглалтад орж байгаагийн нэг нь эмнэлгийн шинэ байр юм.