Ерөнхий сайдын ахлах зөвлөх, нийтлэлч Баабартай ярилцлаа.
-Таныг Ерөнхий сайдын ахлах зөвлөх болсон мэдээлэл олны анхаарлыг татсан. Та албан ёсоор хэзээ ажлаа авав. Танд Ерөнхий сайд санал тавьсан уу, яг ямар учир шалтгааны үүднээс энэхүү саналыг хүлээн авав даа?
-Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Б.Дэлгэрмаа ОХУ-д элчин сайдаар томилогдон явсан учраас энэ албанд ажиллаач гэсэн саналыг надад тавьсан юм. Миний энд ажиллах болсон шалтгаан тун энгийн. Удахгүй АСЕМ болно гэдгийг бид бүхэн мэдэж байгаа. Ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний хороо, 6-7 дэд хороо гээд нүсэр баг уг хурлын зохион байгуулалт дээр ажиллаж байна. Ерөнхий сайдад хариуцах маш олон ажил байгаа. Дээрээс нь АСЕМ-даа анхаарахаас аргагүй. АСЕМ-ын асуудлыг хариуцаад үндсэндээ хоёр сарын хугацаанд ажиллаад өгөөч гэхэд надад энэ талын мэдлэг туршлагаа харамлаад байх шалтгаан байсангүй. Ингээд л энд ирээд байж байна даа.
-Та өмнө нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад бас зөвлөхөөр ажиллаж байсан байх аа?
-2004 онд Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр бас ердөө хоёрхон сарын хугацаанд ажилласан. Засаг захиргааны өөрчлөлтийг санал болгох, мэдээлэл технологийн институтиц байгуулах гэсэн тодорхой санал дээр нь ирж ажиллаж өгөөд явсан. Энэ удаад ч бас АСЕМ дээр туслах гэсэн зорилгоор ирж байна. Үнэхээр тулсан ажил учраас оролцъё гэсэн юм.
-АСЕМ-ийн хурлыг одоо бид зохионо, зохион байгуулахгүй гэж ярих утгагүй. Харин үүнийг сайн зохион байгуулахад бэрхшээл юу байна, ард олны зүгээс юун дээр анхаарвал дээр бол?
-Ер нь АСЕМ-ийг зохион байгуулна гэдэг нэр хүндийн асуудал юм л даа. Хамгийн гол бэрхшээл гэвэл бидэнд ийм анзааны хурал чуулган зохион байгуулж байсан туршлага байхгүй. 1967 онд Ази, Африкийн оюутан залуучуудын хурлыг анх зохион байгуулж байсан. Тэр үед манайхан анх удаа хар арьст хүн үзээд сүйд болж байсан санагддаг. Би ч бас жаахан хүүхэд, хэдэн негрийг дагаад урд хойно нь ороод гүйж явлаа. Сүүлээс 2003 онд Ардчиллыг шинээр болоод сэргээн тогтоосон орнуудын бага хурлыг хийж, 2013 онд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурлыг хийсэн. Үүнээс өөр том хурлуудыг зохион байгуулж байсан удаагүй. Тэгвэл АСЕМ бол Ази, Европын тавь гаруй орон, хоёр ч олон улсын байгууллагын төлөөлөл оролцдог, дандаа төрийн тэргүүн, Засгийн газар, Гадаад хэргийн сайд нарын хэмжээнд зохион байгууллагддаг хурал юм. Зүгээр олон улсын оюутнуудын эсвэл эмэгтэйчүүдийн хурал биш. Одоо дэлхий терроризмын заналд байгааг бид мэднэ. Төрийн тэргүүнүүдийг нэг дор цуглах үед дунд нь нэг бөмбөг хаячих санаа аль нэг террористын толгойд орчихсон явааг үгүйсгэх аргагүй. Тиймээс бидэнд аюулгүй байдлыг дээд зэргээр анхаарахаас эхлээд ажил олон байна. Гэтэл бидэнд туршлага байхгүй байдаг. Дээрээс нь нүүрсний үе өнгөрсөн. Энэ хурлыг амлан авч байхад бид мөнгөөр хахаж байсан үе. Одоо бидэнд мөнгө алга. Гэлээ гээд олон юм тоочиж суухын оронд бид туулж л гарахаас өөр аргагүй.
-Мөн энэ жил сонгуулийн жил. Ямар том бужигнаан, юу болж өнгөрөх бол. Тиймээс бид хаа хаанаа хичээж, энэ бүх ажлын ард гарах нь чухал юм даа…
-АСЕМ муу ч болсон, сайн ч болсон Монголын эдийн засагт муугаар ч, сайнаар ч нөлөөлөхгүй. Хамгийн гол нь улсын маань нэр хүнд юм. Шууд эерэг нөлөө нь харагдахгүй ч алсдаа сайнаар нөлөөлж болох. Олон улсын тавцанд зөв, эерэг сэтгэгдэл төрүүлснээр дараа, дараагийн ажлын эхлэл тавигдаж, тэр байтугай хөрөнгө оруулалт татах боломж нээгдэж магадгүй шүү дээ, юмыг яаж мэдэхэв.
-Хурлын үеэр төрийн тэргүүнүүдийг дагалдаж ирсэн олон хүний байрлах буудал, идэж уух, худалдаж авсан орлогоос эхлээд жуулчлалд хүртэл сайнаар нөлөөлөх талаар ярьж байгаа. Бас манай зарим иргэд энэ үеэр байгаа байдлаа үзүүлнэ, харуулна гэж сошиалаар их бичсэн харагдана лээ…
-АСЕМ болсны маргааш жуулчин цугларна гэж худлаа хэлээд яахав. Гэхдээ дараа жилээс нь үр дүн гарч магадгүй л юм. Дагалдан ирэх дөрвөн мянга орчим хүн, хэвлэл мэдээллийн мянга орчим хүн байгаа. Тэр олон хүний хэрэглээ нь үйлчилгээний байгууллагуудад шууд мэдэгдэгдэнэ. Гадаад сурталчилгаа бол ихээр явагдана. Монголчууд бид өөрсдийгөө зочломтгой ард түмэн гэдэг. Тийм эсэхээ энэ үеэр харуулж таарах болов уу. Олон улсын арга хэмжээ, томоохон хурлын үеэр аль ч улс орон нэрээ хичээж, сайн сайхнаараа байхыг хичээдэг. Айл гэрт ч гэсэн зочин ирэхэд шууд л усыг нь татаагүй жорлон, хураагаагүй ор дэвсгэр, нүцгэн шалдан хүүхдүүдээ харуулж гайхуулдаггүй биз дээ. Манайхан энэ үеэр байгаа муухай болгоноо үзүүлнэ, шүүмжилнэ гэж байгаа нь харагдах юм. Тэгнэ гээд юу юугүй Хамбын овоо оруулж, хүүхдээ зодож байгаа согтуу аавыг үзүүлж гайхуулах уу? Тэглээ гээд тэд бидэнд мөнгө өгөх юм уу. Эсвэл олон улсын хоригт оруулж байгаад бидний үзэн ядаад буй нам засгийг огцруулж өгөх юм уу. Балайралд хэмжээ баймаар юм. Ядахнаа ирсэн зочдоо хүндэлж болноо доо. Бид энэ хурлын үеэр худлаа сайн, сайхан харагдах гэж соц үеийнх шиг байна гэж юу байхав. Гэхдээ бас нэрээ хичээж, байгаагаараа боломжийн аятайхан байх нь зөв болов уу.
-Ерөнхий сайдын багийнхан ажлаа хүлээлгэн өгөхөд хэдхэн сарын хугацаа үлджээ. Та энэ хугацаанд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг юу юуг хийж амжуулна гэж харж байгаа вэ?
-Би тэрийг хэлж мэдэхгүй юм. Өнөөдрийн байдлаар эдийн засгийн нөхцөл боломж тун тааруу байна. Аливаа зүйл бүтээхэд хөрөнгө мөнгө шууд холбоотой. Гурван сарын хугацаанд гайхамшиг бүтээх боломжгүй. Бид өнгөрсөн арван жилийн хугацаанд хувь хүн, төр засаг гэлтгүй бүгд асгаж, цутгаж баярхаж ирлээ. Олсон болгоноо идээл жорлон руу асгаад дуусгачихсан. Одоо мөнгө няат. Хэрэв Засгийн газар гайхамшиг бүтээнэ гэх юм бол би түүнтэй ямар ч холбоогүй гэдгээ хэлчихье. Харин АСЕМ-ийг аятайхан зохион байгуулах дээр л анхаарч ажиллана.
-Та намайг АН-ын гишүүнээр битгий тооцоорой гэж хатуухан үг хэлсэн удаатай. Таныг ийм албанд ирэхээр улс төрийн карьераа үргэлжлүүлэх юм болов уу гэж харж байгаа хүмүүс байна. Та УИХ-д нэр дэвших үү?
-Би УИХ-д байтугай төрийн ямар нэгэн албанд ч нэр дэвшихгүй.
-Тэгээд дэвшихгүй юм бол хэдхэн сарын хугацаатай Засгийн газарт орж ажиллана гэхээр. Танд ямар зорилго байгаа бол гэж хардаж байгаа хүмүүст юу гэж хариулах вэ?
-Тайван амгалан байцгаа. Намайг төрд, намд ирж, сайд болох нь, сонгуулиар гарах нь гэж санаа зовж байгаа бол хэрэггүй дээ. Ердөө хоёрхон сар л тэсчих л дээ. Би АСЕМ-ийг өнгөрөөгөөд л явчихна. Ерөнхий сайд хүсэлт тавихаар үнэндээ татгалзаж чадсангүй ирлээ. Ийм шийдвэр гаргалаа гээд ойр дотныхон маань намайг шоолоод байна л даа. Нүдний булай минь ээ чи гэж байгаа бол нүдний булай болоод л өнгөрөөхөөс.
-Ер нь эдийн засгийн байдлын нөхцөл ямар байна вэ. Ойрд сайжрах боломж байгаа болов уу?
-“Хямралд автсан Монголын одоо ба ойрын ирээдүйн зураглал” гэсэн илтгэлийг би өнгөрсөн оны наймдугаар сард хуралд тавьсан. Танай сонинд ч тавигдсан. baabar.mn сайт дээр байгаа нь 300 мянга гаруй хандалт авсан байна билээ. Тэгэхээр дажгүй олон хүн уншжээ. Ямар нэгэн ид шид болохгүй бол 2021, 2022 он хүртэл өсөлт хөгжилтийн тухай горьдолтгүй гэдгийг хэлсэн. Мөнгөгүй болно гэдэг маань гадагшаа гаргадаг бараа бүтээгдэхүүн байхгүй байна л гэсэн үг. Айл, улс хоёрын амьдрах зарчим адилхан шүү дээ. Эхнэр нөхөр ажил хийж мөнгө олно, энэ бол биеийн хүч, чадал, оюунаа зах зээлд борлуулж байна гэсэн үг. Нэг үгэндээ гэрээсээ юм гаргаж зарж байна гэсэн үг. Тэндээс олсон мөнгөөрөө амьдарна. Бид хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ 90 хувийг гаднаас авдаг улс. Гэтэл бидэнд оронд нь зарах солих юм алга. Хуучин бид уул уурхайн бүтээгдэхүүнээ зардаг байлаа. Дэлхийн зах зээлд түүхийн эдийн үнэ унасан, гадны хөрөнгө оруулагчдаа хөөгөөд явуулсан. Одоо тэднийг эргэж оруулж ирэхийн тулд дахиад арван жил хэрэгтэй. Мах зарах тухай ярьж байгаа нь ядарсан л хэрэг дээ. Бид байгаа махаа зарлаа гэхэд нэг уурхайн үнэд хүрэх үү? 60 сая малтай л гэнэ, гэтэл таваарын мал 3 сая хүрэхгүй үхэр, түүний нэг сая нь бас сарлаг. Өмнө нь би “Хил, хэл, малтайгаа байхад бид амьдраад байна” гэж бичиж байсан. Биднийг ерээд оны хүнд үед мал маань авч гарсан. Одоо хэцүүдэж байна гээд малаа хуу махлаж зараад дуусчихвал дараа нь юугаар голоо зогоох вэ! Бүгдийг нь зарлаа гэж үзье, Орос, Хятадын зах зээлийг хэдэн хоног хангаж чадах вэ?
-Түүхий эдийн үнэ өндөр байж, бид мөнгөтэй байх үедээ бид юуг ч нөөцөлж, тооцоолж чадсангүй еэ…
-Төр нь ч, ард түмэн нь ч найрлаад л өнгөрсөн дөө. Ерөөсөө асгаж цутгаад, идэж уугаад таарсан. Улс ч нөөцгүй, иргэд ч хуримтлалгүй. 2004 оноос хойш асар их юм зарлаа, асар их мөнгө оллоо. Юу ч үлдээгүй. Төрийг хэлэхээ азная, хүмүүс мөнгөө яаж үрж барав? Арван жилийн дотор 7-8 тэрбум ам.долларыг авто машинд, хоёр тэрбум ам.долларыг гар утасанд, нэг тэрбумыг телевизор авахдаа зарцуулсан байна. Хувийн компаниуд 5 тэрбумаар уул уурхайн тоног төхөөрөмж авч. Машин эвдэрсэн, зурагт хуучирсан. Манайхан машиныг морь шигээ боддог улс. Гэтэл адуу үрждэг, автомашин эвдэрдэг. Манай иргэдийн мөнгөндөө хандаж буй соёл ийм л байна. 15 тэрбумыг ингээд л цацаад хаяж. Одоо 2017 он бүр ч хэцүү жил байна. Эхнээсээ төлөгдөх зээлийн асуудлууд байна.
-Саяхан Засгийн газар нэг сая ам.долларын зээл авахаар болж, 250 сая нь ороод ирсэн талаар хүмүүст баярт мэдээ шиг л ярьцгааж байна. Энэ бас л өр биз дээ. Үүнийг авахгүй байхаас аргагүй байв уу?
-Улс айл хоёр угтаа адилхан шүү дээ. Айлд ямар ч мөнгө байхгүй болсон үед ядахнаа идэж уух өмсөж зүүх аар саар хэрэглээндээ хэн нэгнээс мөнгө зээлж л таарна биз дээ. Мөнгөгүй болчихоор зээлэхээс өөр яах юм бэ! Архичин айлд мөнгө зээлэхээр аваад гударчихдаг шиг Азийн бас нэг шинэ бар гарч ирлээ гэж шагшуулж байсан орон тавхан жилийн дотор маргаашаа бодохгүй тэнэг аашилдаг, олсон мөнгөөрөө найрлаад дуусгадагийг нь харсан болохоор хэн мөнгө зээлэх вэ дээ. Монгол улс яг ингэж л харагдаад байна шүү дээ. Тиймээс тэд баталгаатай байлгах үүднээс өндөр хүүтэй, хатуу нөхцөлд л өгч таарна.
-Ядуугийн зовлон юм даа…
-Ядуугийн бишээ, мөнгөтэйн зовлон. Мөнгөө зарцуулж чаддаггүйн зовлон. Ер нь одоо хэдийгээр хямраад байгаа ч гэсэн Монгол ядуу орон биш шүү дээ. Дэлхийд дундажид л орно. Америк, Солонгос кино үзчихээд л өөрсдийнхөө турж үхэж байгааг гайхацгаах юм. Сэтгэл нь хоосон, сэтгэл нь цадна гэж хэзээ ч байхгүй.
-УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Монгол өрөөрөө дэлхийд мөнгөн медальтай байна” гэж хэлсэн байна лээ…
-Сонгууль ойртож байна шүү дээ. Наад нөхөр чинь нэр дэвших юм гэсэн. Тэгээд тэр гарч ирээд эрх авлаа гээд асуудал сайжирчих юм уу! Хойтон жил гэхэд босгоод ирэх юм уу? Нэгнээ муулж, өөрсдөө ухаантай болж харагдах арга л даа. Хэдий болтол сонгууль дөхөхөөр ингэж балайрч дуусах юм бол! Дэлхийд хамгийн их өртэй улс бол АНУ. Төлж чадах, чадахгүйдээ болохоос биш их мөнгө зээлсэн нь муухай байдаггүй юм. Сонгууль дөхөхөөр хамгийн марзан юмнууд яригддаг болоод удлаа, хүмүүс ч тэрийг нь сонсоод уйддаггүй бололтой. Тархи нь хэдий чинээ жижигхэн байна ярих юм нь төдий марзан байх юм. Намын дарга нь бас 2000 онд өмчгүй улсыг хүлээж авсан, одоо өртэй улсыг хүлээн авах гэж байгаагаа зарлаж байна билээ. 1996 онд инфляц 360 хувьд хүрсэн улс хүлээлгэж өгч байсныг мартсан уу? Тэгээд гоншгоноод явбал хэн ч чадахаар барахгүй хэн хүнгүй л чадаад явна. Өнгөрсөн арван жилд хамаг байдгаараа найрласны хувьд гэвэл эд хэн нь хэнийгээ гэх юм бэ! Нэг тогооны бүтээгдэхүүнүүд шүү дээ. Шүүрхий бол адилхан түүхий, ялз чанагдсан бол адилхан нялцайсан. Нэг тогтолцоонд, нэг орчинд, нэг үед өсч өндийсөн ихрүүд. Аль алин нь дотроо хулгайч дээрэмчинг ч, шударга томоотойгоо ч агуулж байгаа байх л даа. Гэхдээ миний л харж байгаагаар улсаа нураах уралдаан зарлачихаад хорин нам нь энэ тэмцээнд түрүүлэх гэж алалцаж байгаа юм биш үү. Хоёр нам байтугай ард түмэн нь гэхэд 4 тэрбум ам.доллар бэлнээр нь халамжаар авч идээд жорлон руу асгачихсан шүү ээ. Хурим хийвэл мөнгө өгнө гэсэн амлалтаас болоод жилд 12 мянган гэрлэлт бүртгэгддэг байснаа 45 мянга хүрсэн. Мэдээж бүртгүүлж мөнгөө аваад л хуурамч гэр бүлээ цуцлуулцгаасан. Одоо болохоор эр, эм хамаагүй өнөө салснууддаа мөнгө тараана гээд хууль хийгээд сууж байна. Одоо нэгийгээ муулаад юунд ч хүрэхгүй. Далдыг хардаг Далай лам ч байхгүй, хурмастаас бууж ирэх Есүс ч байхгүй. 800 жилийн өмнө нас барсан Чингис хаан өнөөгийн бидэнд цалин тавихгүй шүү дээ.
-С.Эрдэнэ сайд таны эсрэг гомдол гаргасан талаар та жиргээгээр Х.Тэмүүжин гишүүнтэй санал солилцож байсан. Тэр асуудал юу болж байгаа вэ?
-Х.Тэмүүжинтэй би хууль эрх зүйн маргаан өрнүүлсэн. Зарчмын тухай л жиргэцгээсэн. Намайг нэр төрд халдсан хэргээр шүүхэд өгсөн байна билээ. Би тайлбараа гаргаад өгчихсөн. Одоогоор өөр болсон зүйлгүй, мэдэх юм алга. Бас тэтгэврээ 200 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх зорилгоор хуурамч баримт хийсэн гээд АТГ-т өгсөн байна билээ. Учир нь олдох биз дээ. Шоронд хийчихгүй байлгүй.
-Та Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн хувьд сайд С.Эрдэнэтэй нүүр тулж, уулзаж байгаа байх. Та хоёрын асуудал ямар байгаа вэ?
-Би ажилдаа өнөөдөр /уржигдар/ л орсон…
Э.ЭНЭРЭЛ
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН