Сангийн сайд Б.Болор өнөөдөр сэтгүүлчдийг хүлээн авч, тэдний сонирхсон асуултад хариулав.
-Монгол Улсын нийт гадаад өр хэд байна вэ?
-Монгол Улсын нийт өр 21 тэрбум амдолларт хүрсэн талаар мэдээлэл тархаж бана. Засгийн газрын нийт өр 7 тэрбум ам.долларт хүрсэн. Үлдсэн нь хувийн хэвшлийн байгууллагуудын авсан зээл юм. ДНБ 20 гаруй их наяд төгрөг. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд 34 их наяд төгрөгийн эд хөрөнгө ил болсон. Энэ бол Монгол Улсын далд эдийн засаг ямар байсныг харуулж байна. Одоо шинээр баталж буй хуулиуд нь далд эдийн засгаас сэргийлэх зөв боломж юм.
-2016 онд зээл авах уу?
-Зах зээлийн эдийн засаг гэдэг бол мөнгө босгохыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, авсан зээлээ зөв зарцуулж, эргэлтээс нь мөнгө олж, зах зээлээ тэжээнэ гэсэн үг. Энэ бол цэвэр зах зээлийн зарчмаар шийдэгдэх асуудал. Манай дэд бүтэц, төмөр замыг хэн ч зүгээр барьж өгөхгүй. Тиймээс бид мөнгө олохдоо л анхаарах хэрэгтэй.
-Төсвийн орлогын бүрдэлт хэдэн хувьтай байна вэ?
-Төсвийн орлогын бүрдэлт 90 гаруй хувьтай байгаа. Энэ нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт.
-Төсвийн бүрдэлтийн дийлэнх хувийг нүүрсний экспортоос олохоор төлөвлөсөн байсан. Гэтэл манай гол экспортлогч орон болох БНХАУ нүүрсний импортоо бууруулах бодлого барьж байна. Тэгэхээр төсвийн алдагдал нэмэгдэх юм биш үү?
-Ер нь бол зөвхөн Монгол Улс бус хөрш орнуудад ч эдийн засгийн хүндрэл үүсч байгаа. Тиймээс бид аль болох эдийн засгаа солонгоруулах буюу олон эх үүсвэртэй болох нь зөв. Үүний нэг жишээ нь БНХАУ- руу мах экспортлох явдал юм. Энэ ажил эхэлсэн. Цаашдаа аялал жуулчлал гээд бусад салбараас олох орлогоо нэмэгдүүлэх шаардлага гарч ирсэн. Зөвхөн уул уурхайгаас орж ирэх орлогодоо дулдуйдах нь учир дутагдалтай. Он гарснаас хойш Оюутолгойн далд уурхайн гэрээ хийж, Гацууртын ордыг гацаанаас гаргасантай холбогдуулан дэлхийн санхүүгийн зах зээл дээрх Монгол Улсын нэр хүнд өссөн. Тиймээс бид аль болох төсвийн алдаглыг бага байлгах зорилт тавин ажиллаж байна.
-250 сая ам.долларын зээл авч цалин, тэтгэвэр тэтгэмж өгнө гэсэн яриа явж байна. Үнэхээр манай улс цалин, тэтгэвэр, тэтгэмжээ өгч чадахааргүй хүнд байдалд орчихсон хэрэг үү?
-2016 оны төсвийг баталхад Засгийн газар тодорхой хэмжээний зээл авах эрхийг УИХ-аас авсан. Энэ эрхийнхээ дагуу өрийн хязгаарт багтаан зээл авах, үнэт цаас гаргах эрх Засгийн газарт байдаг. Үүний дагуу Засгийн газар 250 сая ам.долларын зээл авсан. Он гарсаас хойш цалин, тэтгэврийг цагт нь өгч байгаа. Цаашид ч таслахгүй.
-Энэ оны төсвийн алдаглыг 900 тэрбум төгрөгөөр баталсан. Гэтэл эхний 3 сарын дотор 800 тэрбумд хүрлээ. Дахин төсвийн тодотгол хийх үү?
-Анх бид УИХ-д алдагдалгүй төсөв өргөн барьсан ч хүлээж аваагүй. Үүнээс нь болоод төсвийн алдагдал нэмэгдэж байна. Тиймээс төсвийн тодотголыг зайлшгүй хийж таарна.
-Гадаад зах зээлээс бонд босгох нь өрийн хязгаарт нөлөөлөх үү?
-Гадаад бонд хүү багатай. Харин дотоодын бондын хүү маш өндөр. Тиймээс олон улсад бонд гаргасан тохиолдолд өндөр хүүтэй дотоодын өрийг дарах боломж бүрдэнэ. Энэ бол өрийн хязгаарт нөлөөлөхгүй.
-Монгол Улсын дотоодын бондын эрэлт нийлүүлэлт ямар байна вэ?
-Зээл авах гэдэг бол буруу зүйл биш. Харин түүнийгээ зөв зарцуулах нь чухал. Өрийн менежментийг бид өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд зөвхөн төсвийн алдагдлаа нөхөх зорилгоор дотооддоо бонд гаргаж ирсэн. Үүнийг засах хэрэгтэй. Сонгууль болох гэж байгаа гээд дотооддоо бонд гаргаж, хөрөнгийг нь баруун солгойгүй цацаж болохгүй. Одоо бид гадаадад хүү багатай бонд гаргаж, дотоодын зах зээлдээ нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
-Өнгөрсөн хугацаанд Монгол Улс өрийн менежментгүй явж ирсэн гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болохгүй. Одоо байгаа өрийн менежментээ шинэчлэх хэрэгтэй юм. Өөөрөөр хэлбэл, төсвийн алдагдал нөхөх зорилгоор бонд гаргахыг л хязгаарлах ёстой. Бид 2016 оны төсвийг анх өргөн барихдаа дотоодод бонд гаргахгүй гэж оруулж ирсэн. Гэвч УИХ зөвшөөрөөгүй.
-БНЭУ-аас авах 1 тэрбум ам.долларын зээл хэзээ орж ирэх вэ?
-Энэ зээл бол нэн хөнгөлөлттэй зээл. Одоо хоёр орны Засгийн газар энэ асуудлыг нарийн судалж байгаа.
-Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд 20-30 мянган еврогийн нэмэгдэл цалин авч байгаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ үнэн үү?
-Би олон нийтийн сүлжээгээр энэ тухай мэдээлэл авсан. Энэ асуудлыг би шалгаж, нягтлах эрх зүйн орчин байхгүй. Монгол Улсын хуульд гадаад валютаар цалинжих тухай заалт байхгүй.
-Эрдэнэт үйлдвэр бараг тусгаар тогтносон улс болж, Монгол Улсын Засгийн газрын мэдлээс гарсан байна гэх яриа тархах боллоо?
-Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Монгол, 49 хувийг ОХУ эзэмшдэг. Энэ хүрээнд ажлаа гэрээнийхээ дагуу хийж байгаа. Ер нь бол томоохон компаниудын үйл ажиллагаанд төр оролцох нь зохистой биш.
-Энэ онд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан бэ?
-2016 онд шинэ хөрөнгө оруулалтыг 100 тэрбум төгрөгөөр батлуулахаар оруулж ирсэн ч хасагдсан. Уг нь хөрөнгө оруулалт нь түлхүү байгаад урсгал зардлуудаа танасан бол Монгол Улсад илүү хэрэгтэй байсан. Ирэх сараас барилгын ажил эхэлнэ.
-Төрийн өмчийн 10 аж ахуйн нэгжийг хувьчлах ажил хэдэн хувьтай байна вэ?
Төрийн өмчийн хороо татан буугдсантай холбоотой түүнд харъялагдах зарим чиг үүрэг Сангийн яаманд ирсэн. Энэ дагуу зарим төрийн өмчийг байгууллагыг хувьчлах ажил үлдсэн. Өмнө нь төрийн өмчийн хороо энэ ажлыг нилээдгүй нугалсан байсан.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг