2016 оны эхэнд улсын хэмжээнд 23.8 сая эх мал тоолуулснаас 105.2 мянган ингэ, 952.5 мянган гүү, 1.4 сая үнээ, 10.6 сая хонь, 9.6 сая ямаа байна. Өнөөдрийн байдлаар /2016.03.25/ нийт эх малын 12.2 хувь буюу 2.8 сая эх мал төллөж 2.7 сая төл хүлээн аваад байна. Үүнээс 11.5 мянган ботго, 7.4 мянган унага, 46.2 мянган тугал, 1.4 сая хурга, 1.3 сая ишиг бойжиж, төл бойжилт 97.2 хувьтай байна.
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувьд цастай байгаагаас Баян-Өлгий аймгийн Сагсай сум, Завхан аймгийн Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Идэр, Отгон, Улиастай, Тосонцэнгэл, Цагаанхайрхан, Яруу, Тэлмэн, Тэс, Түдэвтэй, Цэцэн-Уул сум, Увс аймгийн Баруунтуруун, Наранбулаг, Зүүнговь, Хяргас, Түргэн, Малчин, Тэс сумын нутгаар цасны зузаан 20-64 см-т хүрч нийт 3 аймгийн 22 сум “Цагаан зуд”-тай, Увс аймгийн Давст, Улаангом, Сагил сум, Завхан аймгийн Нөмрөг, Сонгино, Цагаанчулуут сум, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Чандмань-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Ерөө сум цасны зузаан 10-19 см-т хүрч нийт 4 аймгийн 10 сум “Цагаанаар зудархуу” байна.
Зудтай буюу зудархуу сумын тоо буурч хаваржилт сайжирч байгаа боловч эдгээр сумдын цасны зузаан, нягтаршил нь шар усны үеэрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.
3 дугаар сарын 20-ны өдрийн гол мөрний мөсний зузааны мэдээнээс харахад мөс хайлж мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-30 см нимгэрч , мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах, мөс байрандаа хайлах, зэрэг үзэгдэл идэвхижиж байгаа бөгөөд ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө нэлээд дулаан байх тул голын сав газар дахь цас эрчимтэй хайлж голын мөсний үзэгдэл эрчимжиж , мөсөн хахаа үүсэх улмаар хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна.