БСШУ-ны сайд Л.Гантөмөр Япон улсын Нагояа их сургуулийн доктор, профессор, Нобелийн шагналт Амано Хирошиг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Профессор Амано Хироши нь Цэнхэр Лед гэрлийг 1990 онд зохион бүтээж, 2014 онд Физикийн салбараас өөрийн багш Isamu Akasaki болон Профессор Shuji Nakamura -ын хамтаар Нобелийн шагнал хүртсэн юм.
2014 онд зах зээлд борлуулагдсан гэрлийн лампны 32% нь ЛЕД гэрэл бөгөөд эрчим хүчний хэмнэлттэй технологи гэдгээрээ ирэх 5-10 жилд огцом өсөх хандлагатай байна. ЛЕД гэрэл нь энгийн гэрэлээс 100 дахин удаан асах боломжтой бөгөөд цахилгаан зарцуулалт нь 80% бага байдаг юм. Дэлхийн нийт цахилгаан зарцуулалтын 20%-г гэрэлтүүлэг эзэлдэг бол ЛЕД гэрэл үүссэнээр энэ нь 4 хүртэлх хувиар буурах боломжтой болжээ.
Уулзалтын үеэр професор Амано “Биднийг эх орондоо урьж Монгол эрдэмтэн багш, оюутнуудтай хамтарсан судалгаа хийх боломж олгож байгаа Л.Гантөмөр сайд танд баярлалаа. Бид шинжлэх ухааны салбарт та бүхэнтэй хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэлээ.
БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Бид Монгол улсыг шинжлэх ухааны орон болгохоор зорьж байна. Монгол хүн мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлж мэдлэгийн эдийн засагтай орон болох эхлэлийг цэцэрлэгийн наснаас эхлээд дээд боловсролд хүртэл шинэчлэн тавьж байна.Энэ зорилго биелхэд та бүхний дэмжлэг бидэнд хэрэгтэй. Монгол улсаас таны шавь нар олноороо төрнө гэдэгт итгэлтэй байна” гэв.
Профессор Амано Хироши нь Монгол Улсад 3 хоногийн айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд Монгол улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж Монголын эрдэмтэн, судлаач, оюутан, сурагч нарт “ЛЕД ГЭРЛЭЭР ДЭЛХИЙГ ГЭРЭЛТҮҮЛЭХ НЬ” сэдвээр нээлттэй лекц унших юм.