Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавъяат хуульч, Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин, Дэслэгч генерал Б.Цэдэн-Ишийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал Гадаад хэргийн яаманд болов.
XX зуунд Монгол улсын хилийг албан ёсоор хөрш хоёр улстай тогтоож, олон улсын баталгаатай болгох явдал онцгой ач холбогдолтой зүйлийн нэг байв. Улсын хил бүрэлдэн тогтох нь түүхийн урт хугацаанд хөрш орнуудын улс төрийн харилцааны явцад аажим алгуур бүрэлддэн, зэрэгцэн оршдог субъектүүдийн болон олон улсын хилийн гэрээ, хэлэлцээрээр баталгаажиж, улс орны үндэсний тусгаар тогтнолын эрхэм шалгуур болох учиртай. Энэхүү түүхэн үйл хэрэгт өөрийн мэдлэг, ухаан бодлоо зориулсан хүн бол хилчин дэслэгч генерал Базарын Цэдэн-Иш (1906-2009 он) юм.
Бодонгууд овогт Базарын Цэдэн-Иш нь 1906 онд төрсөн. Дорнод аймгийн Хөх-Ишгэнтийн хилийн харуулын даргаас Яамны орлогч сайд, Хязгаарын ба ДЦХЭГ-ын ( тухайн үеийн ) даргаар дэвшин улсад жар гаруй жил ажилласан бөгөөд Хилийн албанд 41 жил зүтгэсэн “Домогт хилчин” хүн байв.
Монгол улсын хилийн шугамыг судалж, тодотгох, тогтоон тэмдэглэх ажилд олон жилийнхээ хөдөлмөрийг зориулж, хилийн багана тэмдэгт нэг бүрийн байршилт, газар орны шинж байдлыг тодорхой мэддэгээрээ Б.Цэдэн-иш “Монголын хилийн албаны нэвтэрхий толь” хэмээн алдаршсан. Энэ түүхт хүний мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдрийн “Б.Цэдэн-Ишийн амьдрал, түүхэн замнал” эрдэм шинжилгээний хурал юм.
Тус хуралд “Монгол улсын тусгаар тогтнол, хилийн халдашгүй дархан байдлыг хангахад Б.Цэдэн-ишийн оруулсан хувь нэмэр” үндсэн илтгэлийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, цэргийн ухааны доктор, хошууч генерал Ш. Лхачинжав хэлэлцүүлсэн.
“Монгол улсын хилийн түүхийн судалгаанд Б.Цэдэн-Ишийн гүйцэтгэсэн үүрэг” – ХСИС-н Удирдлагын академийн профессор,цэргийн ухааны доктор, хурандаа Ц.Ганболд, “Б.Цэдэн-Иш ахмад сурган хүмүүжүүлэгч мөн”- ХСИС-н Хилийн сургуулийн захирал, цэргийн ухааны доктор, профессор, хурандаа В.Жавхланцогт, “Базарын Цэдэн-Ишийн хувийн архивын сан хамрөгөөс”- Архивын ерөнхий газрын дарга, доктор, профессор И.Саруул, “Монгол Улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон тухай бүтээлүүд, түүний ач холбогдол” – Түүхийн ухааны доктор, профессор Э.Лувсанбалдан нар хавсралт илтгэлийг хэлэлцүүллээ. Хурлыг Монгол Улсын Гадаад хэргийн яам, Монгол Улсын Хууль зүйн яам Монгол Улсын Засгийн Газрын тохируулагч агентлаг Хил хамгаалах ерөнхий газар, Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газар зэрэг байгууллага хамтран зохион байгуулав.
Эх сурвалж http://www.info.mn