Ардчилсан нам “амь тавих”-д ойрхон байна

enhbold-naranbaatar

Олон улсад цус асгаруулалгүйгээр ардчилсан нийгэм тогтоосон хэмээн цээжээ дэлддэг Ардчилсан нам замаасаа хазайж капиталист нийгэм тогтоосныг дээр дооргүй ярьдаг. Феодализм, капитализмыг алгассан цорын ганц улс гэгддэг Монголд ийнхүү хөрөнгөтний нийгэм тогтож 25 жилийн хугацаанд маш хурдацтай хөгжсөн нь өдгөө боолын нийгэм рүү шилжих гэж байгаа дүр зургаас харагдана. Хөрөнгөтний нийгэм дээд цэгтээ тулж баян хоосны ялгаа эрс ихсэхээр эзэн, боолын харилцаа буюу хамжлагат ёс үүсдэг. Ийнхүү хуурамч ардчиллын доор хэрцгий нийгэм тогтоход үнэтэй хувь нэмэр оруулсан Ардчилсан нам ашиг сонирхлын зөрчлийн улмаас амь тавихад ойрхон байна.

Тус нам нэгдсэн нэг бүлэг гэхээсээ илүүтэй шуудайд хийсэн үхрийн эвэр шиг өөр өөрийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн олон тусдаа бүлгүүдийн харгайгаар ийнхүү задарч байна. Х.Баттулга толгойлогчтой “Монголын ардчилсан холбоо-МоАХ” бүлэг АТГ-ыг атгадаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой дайтаж, улмаар УИХ-д дахин сонгож болохгүй хүмүүсийн нэрсийг зарласан нь энэ дайн хэрхэн ширүүссэнийг илтгэнэ. Сонгож болохгүй хүмүүсийн нэрсийн жагсаалтад Х.Баттулга намын анд Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Г.Батхүү нарыг багтаасан. Тэд Ерөнхийлөгчийн талын хүмүүс бөгөөд Ц.Элбэгдоржийн хувьд хүссэн хүсээгүй 2017 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа бууна.

Энэ зуур З.Энхболд, Ч.Сайханбилэг нарын нэг нэгэндээ жүжиг тоглосон улстөр улс орныг ёроол уруу хөтөлж байна. Ц.Элбэгдорж Х.Баттулгыг аваад “унавал” АН дотор З.Энхболд, Ч.Сайханбилэг нарын тэмцэл бүр хурцадна. Учир нь, хоёуланд нь уулын оргилд хүрэх хүсэл бий. Басхүү хоёулаа тэнд хүрэх боломжтой АН-ын ойрын ирээдүйн хоёр лидер. Гэхдээ АН хэзээнээсээ өөд гарсан нэгнийгээ татаж унагадаг муу зуршилтай. Муу, сайн ч 1990 оноос хойшхи Ерөнхий сайд нараас хамгийн сайн ажилласан хүн нь Норовын Алтанхуяг гэдгийг улстөрийн хүрээнд бүгдээрээ битүүхэндээ хүлээн зөвшөөрдөг юм билээ.

Харин АН дотор намаа удирдан сонгуульд ялалт байгуулсан цагаас эхлэн Н.Алтанхуяг гэж “хадны мангаа” бий боллоо. Түүнийг “дийлдэшгүй” болохоос нь өмнө дарж авах хэрэгтэй хэмээн намын дарга болон Ерөнхий сайд албанаас авч хаясан. Энэ мэтчилэн АН-д асуудал зөндөө. Тэгвэл хамгийн сүүлд Эдийн засгийн форум гэгч хүнгүй хурлуудын нэгээ Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд хааж үг хэлэх зуур тус намын Дархан-Уул аймгийн гишүүн Л.Наранбаатар “З.Энхболдыг Монголын эдийн засгийн алуурчин огцор” хэмээн оймсоо тайлж бөөрөнхийлж байгаад шидэж бухимдлаа илэрхийллээ. Энэ юу гэсэн үг вэ.

Орчин цагийн Монгол Улсад Төрийн өндөр тушаалтанд халдсан анхны тохиолдол энэ боллоо. Тэр дундаа эсрэг намаас бус нам нэгт гишүүн нь намынхаа даргадаа халдаж байна. Л.Наранбаатарын хувьд Дархан-Уул аймаг дахь АН-ын даргаар ажиллаж байсан, Дархан дахь АН-ын гол дүрүүдийн нэг. Эдийн засагч, бизнес эрхлэгч Л.Наранбаатарыг хамгаалагчид авч явах үеэр тэр “Монголын ард түмнийг та нар ядууруулж, өрөнд оруулсан биз дээ” хэмээн орилсон.

Ингэж Л.Наранбаатар “Зи”-д зуугдаж, өөрийн улстөрийн карьертаа цэг тавьтлаа төрөлх намдаа бухимджээ. “Зи”-г туйлын зуумтгай хэмээн улстөрчид болгоомжилдог бөгөөд Л.Наранбаатар хэмээх АН-ын өсөх ирээдүйтэй боловсон хүчин намаас гарахаас өөр сонголтгүй болж байна. Нөгөө талаас АН-ын удирдлагууд энэ мэт шилдэг боловсон хүчнүүдийнхээ үгийг сонсох бус харин ч тэднийг өвчтэй, солиотойгоор нь дуудаж, улстөржүүлдэг нь тэдний гэм биш зан.

Ямар сайндаа 2012 оны сонгуулийн дараа АН-ын “багачууд” хилийн чанадаас С.Зориг хэрэг дээр ажиллаж байсан хүмүүсийг хайж эхлэв. Эндээс тэднийг намынхаа томчуудыг С.Зоригийн хэргээр шантаажлахнуу гэж хардах сэтгэл төрж байв. Ингэж л албан тушаалын зах харуутаа өөр хоорондоо жийлцдэг АН тун удахгүй амь тавина гэж улстөр судлаачид үзэж байна. Магадгүй тэдний энэ үйлдэл албан тушаал, авлигын амтанд дэндүү орж, салж чадахгүй байгаагийнх буй заа.

Төгс

Ugluu-logo202

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …