Тоонот гэрт толгой холбож, тостой тогоонд хошуу холбон, нэгэн айлын гал голомтыг бадраахаар эр эм хоёр гэр бүл болцгоодог. Нэгэн насны амьдралаа туулан, үр хүүхэд, ач зээгээ тойруулж жаргахаар гэрэлт ирээдүйгээ ярилцан, хуримын алтан бэлзэг солилцон, шинэхэн гэрийнхээ өрхийг татна.
Анхны үрийн зулайг үнэртэн амьдралын урт замын дөнгөж эхний хэдхэн шатыг алхан гарчихаад цаашид гүйцээлгүй буцах гунигт төгсгөл өнөөгийн нийгэмд шил шилээ даран гарах болжээ. “Болохгүй байна, бүтэхгүй байна, таарахгүй байна” гээд ирээдүйн бүхий л зорилго тэмүүллээсээ ухарч, нэгэн тулганы галыг бөхөөж байна.Анхны амьдрал, анхны эхлэлээ хөсөр хаяхаасаа илүүтэйгээр хорвоод мэндлээд хэлд орж амжаагүй нялх үрээ өнчрүүлж орхих тэр хатуу шийдвэрийг дэндүү амархан гаргадаг болсон мэт. Эцэг эх болсон тэдний залуу насны ааг омог, шантарч туйлдах сэтгэлийн бурууг юу ч мэдэхгүй ангалзан эрхлэх бяцхан үр нь үүрч, золиос болон шийтгэгдэж байна.
Гэр бүл болж, амьдрал зохионо гэдгийг чулуун гэрт тоглоом өрөн тоглохтой адил сэтгэсэн мэт дэндүү хэврэг, дэндүү хийсвэр болсны учир юунд байна вэ? Нийгмийн амьдрал, шинэ үеийн сэтгэлгээ юу? Эсвэл багаас олсон хүмүүжил, ухамсар уу?
Бидний нүдээр харахад үүнд хариулт олох тун бэрх. Харин чухам энэ л гэр бүлийн ариун нандин басхүү хэврэг байдлын шалтгааныг судлахад олон жилийн хөдөлмөрөө зориулж, сурч боловсорсон мэргэжлийн сэтгэлзүйчээс хариулт авахыг хичээлээ. Залуу гэр бүлийн салалтын шалтгаан болон тэдний алдаа юун дээр байгаа талаар сэтгэлзүйч Д.Мөнхдэлгэртэй ярилцсан юм.
-Сүүлийн жилүүдэд залуу гэр бүлийн байдал тун тогтворгүй болж, хүүхдээ хүртэл өнчрүүлэн салж сарних болжээ. Үүний шалтгааныг сэтгэл зүйн үүднээс юутай холбон тайлбарлаж байгаа бол?
-Залуу гэр бүлүүдийн салалт ихэсч байгаа нь баримтат судалгаанаас ч харагдаж байгаа. Үүнийг нэн тэргүүнд хувь хүний сэтгэл зүйн байдалтай холбон үзэх ёстой юм. Гэр бүл гэдэг нь нийгмийн тогтолцоо хэлбэртэй байдаг учир нөхрийн, эхнэрийн, хүүхдийн болон дотоод уур амьсгалын гээд тус тусын сэтгэл зүйн байдлыг ялган үзэх шаардлагатай байдаг.
Харин салалтын шалтгаан буюу энэ ихээр нэмэгдээд байгаагийн учир нь сэтгэл зүйн үүднээс гэр бүл төлөвлөлт, бэлтгэлийн асуудалтай холбогдож байна. Залуус гэр бүл болж, өрх толгойлон авч явах, эх болж үр хүүхэд өсгөхөд тодорхой бэлтгэлгүй, үүнээсээ үүдэн төлөвлөлт огт хийгээгүй хэрнээ нэг гэрт ордог болж. Харин гэр бүл буруу төлөвлөж, амьдрал хөлөө олж чадахгүй байсны эцэст салалтаар төгсч байгаа нь ажиглагдаж байна.
Нөгөөтэйгүүр гэр бүл болох гэж буй хоёр нэг нэгнээ огт ойлгож мэдээгүй, цаашлаад өөрөө өөрийгөө ч бүрэн таниагүй байдаг болж. Өөрөө өөрийгөө танин мэдээгүй хүн бусдыг таньж яахан чадах билээ. Үүний уршгаар ханиа таних гэж оролдох оролдлого бүр нь бүтэлгүйтэж, хэрүүл уруулд хүргэн, улмаар “таарахгүй юм байна” гэсэн дүгнэлт хийхэд хүргээд байна. Орчин үед ихэсч буй нийгмийн эмзэг сэдэв болсон гэр бүл салалтыг олон шинжлэх ухаан янз бүрийн талаас тайлбарлаж байгаа ч үндэс суурь ердөө энэ хоёр шалтгаан болж байдаг юм.
-Гэр бүл болоход сэтгэл зүйн хувьд бэлтгэлгүй байна гэсэн үг үү?
-Тийм. Гэр бүл гэж юу вэ гэдгийгээ ч төдийлөн мэдэхгүй, гэр бүлийн гишүүдийн нөхрийн, аавын, эхнэрийн, ээжийн үүрэг хариуцлагыг ухамсарлаж амжаагүй хэрнээ дэр нэгтгэсний уршгаар энэ бүхэн гарч байна. Бүх талаараа огт бэлтгэгдээгүй хоёр хүн нэг гэрт орж, амьдрал үүсгээд эхлэхээр “гэрлэх гэж ийм хэцүү зүйл байдаг юм уу, би ингэх ёстой гэж үү” гээд маш олон хямралд өртөж, асуудал урган, улмаар шантрахад хүргэдэг юм.
-Салалтынхаа шалтгааныг залуус ихэнхдээ “Бид хоёр таардаггүй юм” гэж тайлбарласан байдаг юм билээ. Хоорондоо огт таарахгүй хүмүүс гэж ер нь байдаг уу?
-Дэлхий дээр байгаа бүх хүн өөр хоорондоо ялгаатай, өөрийн гэсэн давтагдашгүй шинж чанартай байдаг. Тиймээс гэр бүл болж буй хоёр ч өөр өөрийн гэсэн дахин давтагдашгүй, хоёр өөр ертөнцтэй байх тул хоорондоо яв цав таарна гэж байхгүй.
Өөрөөр хэлбэл, хүмүүсийн ярьдаг “яг таарсан хосууд” гэсэн ойлголт байдаггүй юм. Эсрэгээрээ хоорондоо огт таарахгүй хүмүүс гэж бас байхгүй. Нэг бодьгал, үндсэн шинжийн дор өөр өөрийн гэсэн өвөрмөц чанарыг бүрдүүлэн хувийн ертөнцийг үүсгэдэг ч үндсэн гол багана нь хүн гэдэг ухагдахуун дээр тогтдог. Хүн бүр дотоод сэтгэлтэй, уурлаж гомдох, баярлан хөөрөх, уйлан шаналах мэдрэмжтэй зэргээрээ ав адилхан. Яруу найрагч О.Дашбалбарын шүлэгт “Бидний нүднээс нулимс хүртэл нэгэн янзаар бөмөрдөг” гэдэг шиг л бид бүхний сэтгэлийн мэдрэмж, хөөрөл адилхан.
Зургаан тэрбум хүний ганцхан огтолцдог зүйл нь хүн гэх ухагдахуун, сэтгэл зүй байдаг юм. Тэгэхээр яагаад ч таарахгүй хүмүүс гэж байдаггүй болж байна. Хүмүүс л харин нийгэмд гүйцэтгэх үүрэг, ажил мэргэжлийн онцлогоосоо мөн тогтсон буруу хандлагаасаа шалтгаалаад өөртөө хэн ч тохирохгүй гээд томъёолчихсон байдаг.
-Гэхдээ “яг таарсан хосууд” нь хоорондоо эв түнжинтэй, “таарахгүй” хосууд нь байнгын хэрэлдэж байх шиг анзаарагддаг шүү дээ.
-Энэ бол цэвэр харилцааны асуудал. Харилцааны чадвар эзэмшээгүй хоёрын хооронд “миний зөв чиний буруу” гэсэн сум үүсчихсэн байдаг. Өдөр бүр нэг нэгнийхээ өөг харж, алдааг нь засах гэж бус харин буруутгах гэж чичлээд байвал таарах, таарахгүйгээс үл хамааран ямар ч гэр бүлийн дотоод уур амьсгал эвдэгдэж ирнэ. “Чи ийм учраас ингэлээ” гээд гурав дахь өнцгөөс хандаад байвал ямар ч бат бөх харилцаа дорхноо нурж унадаг.
Ийм байдалд орчихоод яавал дээр, яах ёстойгоо мэдэхгүй олон залуус, бүсгүйчүүд аргаа барж байна. Үүний цорын ганц хариулт нь ерөөсөө л чи өөрөө өөрийнхөө хэн гэдгийг таньж мэдэх явдал юм. Чи яг ямар сэтгэлгээ, үзэл бодолтой болон ямар нөхцөлд ямар зан чанар гаргаж, ханийнхаа ямар үгэнд ундууцаж, ямар үгэнд урамшиж байгаагаа олж харахаар үүний эхлэлийг тавих ёстой.
Харин дараа нь би гэж яг хэн юм бэ, би юуг зорьж төлөвлөж явдаг юм бэ гэх мэтээр алсын хараагаа ч олох ёстой юм.
-Өөрийгөө олохын тулд яг юу хийх ёстойг тодруулмаар байна?
-Бид өдөрт өөртэйгөө байх тавхан минутын хугацааг гаргадаггүй. Өөртэйгөө байна гэдэг нь нүүрээ будаад суух биш шүү дээ. Харин өөрөө өөрийнхөө бодолтой, хэнд ч хэлээгүй нууцтайгаа хоёулхнаа үлдэж чадахыг хэлж байгаа юм. Заримдаа санаандгүй бид ганцаараа ярьчихсан байдаг. Энэ бол бидний дотоод сэтгэл нээгдэж байгаагийн илрэл. Яг ингэж дотоод сэтгэлээ нээгээд, улам гүнзгий нэвтэрч орно. Эхний ээлжинд тавхан минут энэ үйлдлийг хийх хэрэгтэй. Ямар нөхцөлд чи амар амгалан байдаг тэрийгээ бүрдүүлээд, тэр хугацаандаа чи юу ч бодохгүй байсан ч болно.
Зүгээр л ганцаархнаа байх хэрэгтэй. Яг тэр үед дотор чинь ямар бодол эргэлдэж, орж ирж байна түүн дээрээ тогтоод, эрэгцүүлж эхлэхэд өөрийгөө нээж эхэлдэг юм. Хугацаа гаргаж чадсанаар өөрийгөө нээх үүд хаалгыг нээж байгаа эхний үе шат юм.
Өөрийнхөө дотоод мөн чанарыг олж харах үед гайхалтай, дуу алдам сайхан чанаруудаа олж, түүнийхээ хэрээр өөрийгөө хайрлаж эхэлдэг. Мөн бусдад таниулах боломжоо олж харна.
Үүнийг уншиж байгаа хэн ч байсан тавхан минутыг л өөртөө зарцуулчих гэж хэлмээр байна. Нэг л доторх ертөнцөө мэдэрчихвэл маргааш, нөгөөдөр тэр үйлдлээ давтах гээд үгүйлдэг болдог юм.
-Өөрөө өөрийгөө таньж мэдээгүй, ойлгоогүй удах тусам өөрөөсөө улам холдож байдаг юм шиг санагдлаа. Эцэст нь яах гэж амьдраад байгаагаа ч мэдэхгүй болчихдог байх?
-Амьдралын утга учрын онол гэж байдаг. Үхэл үү, амьдрал уу гэж заагладаг энэ онолоор өөрөө өөрийгөө олж чадаагүй хүн амьдралыг, зорилгоо хэзээ ч олж чаддаггүй юм. Амьдраад байгаа хэрнээ аажмаар үхэж байдаг гэсэн үг. Нэг мэргэн хүн “Зорилгогүй амьдрал чинь чимээгүй, удаан үхэл юм” гэсэн байдаг.
Зорилго бол цаад зүйл, хамгийн наана нь өөрийгөө олох үйлдэл байна. Өөрийгөө олчихоор аяндаа зорилго тодорхойлогдоод ирдэг. Удирдах уу, удирдуулах уу, амьдрал авч явах болсон уу үгүй юу гээд олон асуултын хариуг өөрөөсөө олдог.
Тэгэхээр ялангуяа залуус нэн даруй өөрөө өөрийгөө мэдэрч, энэ орчлонд ямар зорилготой яаж амьдрахаа олох ёстой юм. Эс бөгөөс амьдралын амт шимт, сайхан бүхнийг мэдэхгүй, нар мандаж, сар гарахыг харж явсаар өтөл насандаа очсон байвал харамсаад барахгүй. Мөн дээр нь нүдээ анин бүдчиж явах хугацаандаа өөрөөсөө гадна олон хүний амьдралд хар толбо, зовлон гуниг суулгасаар байна.
-Мянган өрөөтэй байшингийн ганцхан өрөөнд эргэлдсээр нэг насаа үдэж байгаа юм шиг сонсогдож байна?
-Бидний үнэлэмж эд материал биш, мөнгө төгрөг биш, нетээс авсан мэдээллийн хэмжээ биш. Харин өөрийн дотоод сэтгэлээс авсан мэдээллээр үнэлэгддэг байх ёстой юм. Сэтгэлийнхээ 100 хуудас номыг эргүүлж чадсан бол цаашлаад мянга мянгаар тоологдох тэр агуу ертөнцийг төвөггүй нээнэ. Бодит байдал дээр энэ нийгэмд үүссэн замбараагүй байдал биднийг ч хөл толгойгоо олохгүй болгоод байна. Энэ замаар явах нь зөв ч юм шиг, тэр улс ч хөгжчихсөн юм шиг тийм туйлбаргүй нэгэн болгож байгаа.
-Гэр бүлийн салалтын шалтгаанд хардалт, хэрүүлээс үүдсэн асуудал нэлээд дээгүүр тоочигддог. Үүний талаар тайлбарлавал?
-Хүн төрөлхтөнд ойлголцлын гайхамшигтай түлхүүрийг өгсөн ч түүнийгээ ашигладаггүй хэвээр байна. Энэ бол ярилцлага. Дотоод сэтгэл, гомдол гунигийг нээх цорын ганц гүүр нь ярилцлага. Залуус ярилцаж чадахгүйгээсээ болж сэтгэлдээ гомдлоор хана босгож, зузаалсаар байгаад эцэстээ “тэсэрдэг” юм.
Харин хардалт бол нэг төрлийн сэтгэцийн өвчин.
Хүн өөр шигээ төсөөлж бусад зүйлд ханддаг ч түүнийгээ мэддэггүй. Жишээлбэл, нөхөр нь нэг бүсгүйг хараад “Яасан хөөрхөн нүдтэй бүсгүй вэ” гээд харсан бол эргээд эхнэрээ “Чи хэн рүү хараад байна” гэж асуугаад эхэлдэг. Тэрнээс гэр бүлдээ чин үнэнч байж чаддаг хүн хэзээ ч өөрөө түрүүлж хань ижлээ хардаж сэрддэггүй. Хардалтын тусад нь маш том бүлэг болгон ярилцах ёстой л доо.
–Нөгөө талаас зарим залуус “нас бие гүйцээгүй шахам байхдаа хүүхэд олчихоод түүндээ ороогдон гэр бүл болсон нь л алдаа байж” гэж ярихыг сонссон юм байна?
-Гэр бүл төлөвлөлтийн асуудалд энэ үнэхээр чухал байр суурь эзэлдэг юм. Хосууд маань хэд хэдэн насандаа, хэдэн хүүхэд гаргах вэ гээд харилцан заавал ярилцаж нэгнээ сонсч тохиролцох, төлөвлөх ёстой юм л даа. Гэр бүл гэдэг нь нэг өрөөнд хамт амьдрахыг нэр биш.
Хос хоёроос эдийн засгийн хувьд ч тэр, нийгмийн байр суурь дотоод амьдрал гээд олон талын бэлтгэлийг шаарддаг юм. Хүүхэдтэй болсноор бүхэл бүтэн хүн тэр гэр бүлд нэмэгдэх тул түүнийг тэжээх чадвар бий эсэхээс авахуулаад олон зүйлд бэлэн байх хэрэгтэй. Гэр бүлээ төлөвлөж чадсан хүмүүс харин хэдэн ч настайдаа хүүхэдтэй болж, түүнийгээ авч явж чадаж байна.
–Салалт хүүхдийн сэтгэхүйд хэр гүнзгий тусдаг бол?
-Салсан гэр бүлийн хүүхдүүдийн дийлэнх нь зан үйл гажсан, буруу замаар орсон байдгийг нуугаад яахав. Хэрэг төвөгт орооцолдсон, хар тамхи хэрэглэж, гудамжаар тэнэж яваа хүүхдүүдтэй сэтгэлийг нь уудлаад ярилцахад ихэвчлэн гэр бүл нь салсан, улмаар ээжийгээ эсвэл аавыгаа үгүйлэн гансарч гүн хямралд орсон байдаг. Тэр алдаж яваа хүүхдүүдийг эцэг эх нь ийм зам руу түлхсэн байна шүү дээ.
Эндээс эцэг эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ ирээдүйг балруулдаж, нүгэл үйлддэгээ ойлгох хэрэгтэй. Гурван нас хүртэл нь хүүхдийг бурхан шиг байлга гэдэг шиг хүүхэд хамгийн сайн сайхныг мэдэрч өссөнөөр амьдралын аз жаргалыг олж хардаг болно. Багаас нь өөрөө өөрийгөө танин мэдэх зэргийг зааж өгөх хэрэгтэй гэх мэтээр.
Эцэст нь залуустаа хандаж, нандин сайхан гэр бүлээ нураахаасаа өмнө чадах бүхнээ хийж, бүх арга замыг хайж үзээч гэж аминчлан хэлэхийг хүсч байна. Гэр бүл чинь нурахад ганцхан чи бус олон хүн нэг насаараа хохирч байна шүү дээ гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй юм.
Эх сурвалж: “Монцамэ агентлаг”