Энэ үгийг өмнөговьчууд түүнд дайсан юм. Учир нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэхэд эрхэм гишүүн Д.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийлэхгүй, дуугарахгүй байгаа нь ийнхүү аймгийнх нь иргэдийг ундууцуулсан бололтой. Нутгийнх нь төлөө бусад гишүүд санаа тавьж, газар дээр нь очиж танилцан ажлыг хэсэг байгуулан ажиллаж байхад Д.Бат-Эрдэнэ гишүүн чимээгүй байсаар. Хэдийгээр ажлын хэсэгт нь орж ажиллаж байгаа ч, энэ талаарх байр сууриа хэзээ илэрхийлэх болсон хүлээлт нутгийнх нь иргэдэд үүссэн байх.
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Иргэдийн санал хүсэлтийн дагуу ийм ажлын хэсэг байгуулагдаж, 2016 оны нэгдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ахлуулан тус нутаг дэвсгэрт очиж ажиллан, газар дээр нь танилцаад ирсэн.
Мөн Өргөдлийн байнгын хороо ч үүнд анхаарлаа хандуулж эхэлсэн. Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлаар 2015 оноос өнөөдрийг хүртэл иргэдээс 1200 гаруй өргөдөл ирсэн байгаа юм. Иймд асуудлыг тус байнгын хороо анхааралдаа авч, асуудлыг судлах хүрээнд 2015 оны зургаадугаар сарын 19-ний өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад, 2015 оны долоодугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдад мэдээлэл ирүүлэх, асуудлыг шийдвэрлэх талаар албан тоот явуулсан аж. Энэ мэт иргэдээс ийм гомдол, асуудлыг анхааралдаа авах асуудал удаа дараа ирсээр байна. Гэтэл тус тойргоос сонгогдсон иргэд уг асуудлаар ажилладаггүй юмаа гэхэд үг ч дуугарахгүй байгаа нь сонин.
Гурвантэс суманд өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж байгаа. Цоохор ирвэсийн амьдрах орчин, шилжилт хөдөлгөөн хийдэг гол нутгийг хамгаалах зорилгоор уг газрын улсын тусгай хамгаалалтад авах шаардлага байгааг мэргэжилтнүүд ярьж буй.
Улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй газарт уул уурхайн хайгуул, ашиглалтын 21 тусгай зөвшөөрөл олгосноос 5 тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж үлдсэн 13 хайгуул, 3 ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу 12 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж. Иймд эдгээрийг мөн цуцалж, тус газрыг улсын тусгай хамгаалалтад авах ёстойг ахин дахин сануулсаар байна. Үүнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Өргөдлийн байнгын хороо анхааралдаа авч буй нь сайн хэрэг. Одоо нутгийнх нь гишүүд үүний төлөө ажиллаад үр дүнг нь гаргачихвал өмнөговьчууд нутгийн бахархалт газрыг хамгаалж үлдэх боломж бүрдэх нь. УИХ-ын ээлжит чуулган эхэлсэн энэ өдрүүдэд уг асуудлыг байнгын хороогоор оруулах асуудал эд яригдаж байгаа юм.
Эх сурвалж:zaluu.com