Та “Улаан ном”-ыг хэр сайн мэдэх вэ?

ulaannooomБОНХАЖЯ, түүний харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, санаачлан Байгал хамгаалах сан, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн ЕБС-ийн захиргаад хамтран  БОНХАЖ-ын сайдын ивээл дор “Монгол Улсын “Улаан ном”-ыг хэн сайн мэдэх вэ?” сэдэвт сургалт, танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулна.
Уг тэмцээнд нийслэлийн есөн дүүргийн сурагчид хоёр үе шатанд өрсөлдөх аж.
Эхний шатны шалгаруулалт дөрөвдүгээр сарын 16-19-нд болж, дүүрэг тус бүрээс хоёр баг шалгаруулах юм. Шалгарсан багууд мөн сарын 24-нд эцсийн шатанд өрсөлдөнө.
“Монгол Улсын “Улаан ном”-ыг хэн сайн мэдэх вэ?” уралдаант тэмцээнд оролцогчдын бүртгэл  дөрөвдүгээр сарын 15-ныг дуустал үргэлжлэх бөгөөд уг тэмцээн нь нийт зургаан сая төгрөгийн шагналын сантай юм. Түүнчлэн тэмцээний эцсийн шатанд багш нар хоорондоо өрсөлдөх хийгээд эхний гурван байр мөнгөн шагналтай юм байна.
Тус төвөөс “Хүрээлэн буй орчинд бидний оролцоо” уриан дор жил бүр ЕБС-ийн сурагчдын дунд танин мэдэхүйн уралдаант тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Сурагчдын хүрээлэн буй орчин, экологийн мэдлэг, боловсролыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой тус тэмцээнийг зохион байгуулдаг ажээ.
Уг зорилгын хүрээнд энэ жилийн уралдаант тэмцээнийг БОНХАЖ-ын сайдын ивээл дор “Улаан номыг хэн сайн мэдэх вэ” сэдвийн хүрээнд зарлаж байна

download (1) download (2) dbf06b0d-5da7-4bf9-a4f2-2c354c8af565
Тогтвортой хөгжлийн боловсролын үзэл баримтлалын хүрээнд Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд тархац нутаг нь хумигдаж, тоо толгой нь цөөрч, устах аюулд орсон биологийн төрөл зүйлүүдийн талаар мэдлэг, мэдээлэл олгох, байгаль хамгаалах үйлсэд сурагчдын оролцоог нэмэгдүүлэх,
тэдэнд учир шалтгааныг таниулж, байгаль, эх дэлхийгээ хайрлан хамгаалах төлөвшил олгоход уралдаант тэмцээний гол зорилго оршиж байгаа. Өнөөдрийн байдлаар 42 сургууль оролцохоор бүртүүлээд байна гэж Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Ө.Сумъяабаатар ярилаа.
“Улаан ном”-ыг бичсэн Редакцын зөвлөлийн хэлэлцүүлэг

download
Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв 2016.04.01
Мөн тус төвөөс өнгөрсөн долоо хоногт Улаан номыг бичихэд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрдэмтэн, судлаачдыг  урьж хэлэлцүүлэг хийсэн байна. Хэлэлцүүлэгт Биологийн шинжлэх ухааны доктор Л.Амгалан, Ц.Шийрэвдамба, Б.Мэндсайхан, Г.Цэрэнханд зэрэг эрдэмтэд оролцож, Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд тархац нутаг нь хумигдаж, тоо толгой нь цөөрч устах аюулд орсон биологийн төрөл зүйлүүд болон тэмцээний ач холбогдлын талаар санал солилцсон юм. Мөн байгаль хамгаалах үйлсэд сурагчдын оролцоог нэмэгдүүлж, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах  төлөвшил олгох тэмцээнийг зохион байгуулах гэж байгаад талархалаа илэрхийлэн, тэмцээний бүхий л үйл явцад анхаарч хамтран ажиллахаа мэдэгдсэн байна.
Дашрамд дурьдахад, Та “Монгол Улсын Улаан ном”-ыг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн facebook хуудаснаас татаж унших боломжтой бөгөөд тус төвийн номын сангаар ч үйлчлүүлэх боломжтой юм.
Улаан номын тодруулга:
Дэлхийн байгаль хамгаалах холбоо 1948 онд устаж, ховордож байгаа ургамал, амьтны зүйлийг бүртгэх комисс байгуулжээ. Энэ комисс нь дэлхий дахиныг хамарсан мэдээ баримт цуглуулан бүртгэж,”Улаан ном” бий болгох бэлтгэх ажлыг хангасан байна. Улмаар 1969 онд дэлхийн “Улаан ном”-ын анхны эхийг хэвлэхэд манай орноос тахь, хулан, хавтгай, япон тогоруу зэрэг дөрвөн зүйлийн амьтан багтжээ. Энэ ном нь нийтдээ 660 гаруй зүйлийн ховор буюу ховордож буй амьтад, олон тооны ургамлыг мэдээлсэн юм.
Дэлхийн “Улаан ном” хэвлэгдсэний дараа улс орнууд өөрийн нутаг орны хэмжээнд энэ ажлыг үргэлжлүүлж, эдүгээ 70 гаруй орон нэгэнт “Улаан ном”-той болжээ. Энэ нь аливаа улсын хэмжээнд ургамал, амьтны зүйлүүд ховордож буй эсэхийг бүх нийтээрээ хянан анхаарч байх баримт бичиг юм. Уг номыг улаан өнгөтэй хэвлэдэг нь “Анхаар! устана” гэсэн санааг илэрхийлдэг юм байна. Энэ нь, улаан чоно, соргог бөхөн мэтийн устаад байгаа, мазаалай баавгай, хар мөрний молцог хандгай зэрэг устаж болзошгүй амьтан, түүнчлэн ургамлыг хамгаалах төрийн бодлогыг тодорхойлох, хууль тогтоомжийг мөрдүүлэх, ховор, нэн ховор зүйлүүдийг авран хамгаалах, өсгөн үржүүлэх, тарьж ургуулах шинжлэх ухааны үндэслэл болох баримт бичиг ажээ.  Түүнчлэн “Улаан ном” нь устах аюулд орсон болон орж болзошгүй амьтан, ургамлыг сурталчлан таниулж, энэ талаарх мэдлэг, боловсролыг бүх нийтэд олгоход чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Олон улсын байгууллага, улс орнуудтай амьтан, ургамлын мэдээлэл солилцох, тэдгээрийг хамгаалах, өсгөн арвижуулах чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Монгол Улсын тухайд, 1985 оны 12 дугаар сарын 23-нд анхны “Улаан ном”-ыг хэвлүүлэхээр шийдвэрлэж, 1987 онд хэвлэсэн. Энэ эхэд 23 зүйлийн хөхтөн, 19 зүйлийн шувуу, зургаан зүйлийн хоёр нутагтан ба хэвлээр явагч, хоёр зүйлийн загас, 86 зүйлийн ургамлыг багтаасан байдаг. Түүнээс хойш 1997, 2013 онд шинэчлэн хэвлүүлжээ. Хамгийн сүүлчийн шинэчилсэн эхэд нийт 110 зүйлийн амьтан, 192 зүйлийн ургамлыг багтаав. Шилүүс, суусар булга, ойн булга, хүрэн  баавгай зэрэг зургаан хөхтөн, цагаан тогоруу, усны нөмрөг бүргэд, одой галуу, ооч ёл, манхин галуу зэрэг 18 зүйл шувуу, эгэл загалмайт могой нэг зүйл мөлхөгч зэрэг нийт 25 зүйл амьтныг шинээр оруулсан байна. Монгол “Улсын Улаан ном”-д зөвхөн Монголд байдаг унаган амьтан хоёр зүйл, үлдвэр амьтан нэг зүйл, унаган ургамал 27 зүйл, үлдвэр /өнө эртний/ ургамал 13 зүйл тус тус багтжээ.  Мөн 95 зүйл дээд ургамал, таван зүйл хаг, 11 зүйл хөвд, зургаан зүйл мөөг, 13 зүйлийн замаг шинээр бүртгэсэн байна.
Харин өмнөх “Улаан ном”-д багтсан байсан зургаан зүйл хөхтөн, 13 зүйлийн шувуу, 60 зүйлийн дээд ургамал, хоёр зүйл хаг, гурван зүйлийн хөвд, нэг зүйлийн замаг хасагджээ.
“Улаан ном”-ын шинэчилсэн эхэд амьтан, ургамлын зүйл тус бүрийн монгол, латин нэр, статус, таних шинж, тархац, байршил нутаг, тухайн амьтны амьдралын онцлог, ургамлын үржил, тоо толгой, түүний хомсдох шалтгаан, хамгаалахаар авсан болон цаашид хамгаалах арга хэмжээг холбогдох судалгаа, шинжилгээний шинэ соргог мэдээ болон төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилттэй уялдуулан монгол, англи хэлнээ бичсэн байна.
“Улаан ном”-ыг шинэчлэн хэвлүүлэх ажилд Монгол Улсын амьтан, ургамлын чиглэлээр судалгаа шинжилгээний ажил дагнан эрхэлдэг, өнднэр хүндтэй 60 орчим эрдэмтэн, судлаачид хамтран ажиллажээ.

эх сурвалж: bolod.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …