“Хөлдүү” түлэнхийн төвөө хэзээ гэсгээх вэ?
Эцэг, эхийн хүүхэддээ тавих анхаарал сул байгаатай холбоотойгоор бага насны хүүхдүүд элдэв зүйлд түлэгдэн эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол буурахгүй байна. Өчигдрийн байдлаар л гэхэд Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд суух найман настай хүү савтай буцалсан халуун усанд нуруугаараа унаж түлэгдэн ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байсан юм. Энэ мэтээр эцэг, эхийн хайхрамжгүй байдалтай холбоотойгоор ихэнхдээ 0-3 насны бяцхан хүүхдүүд хорвоог таньж мэдэх насан дээрээ харамсалтайгаар амиа алдаж, эсвэл бүх насаараа бусдаас нуух сорвитой үлдэж байгаа нь нууц биш. Тиймээс манай сонины сурвалжлах хэсэг ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт очиж нөхцөл байдал ямар байгаа, хэдэн жилийн хугацаанд дуншсан ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн барилгын санхүүжилтийн асуудал хийгээд гарц, шийдлийг хайж энэ удаагийн дугаарын сурвалжлагаа бэлдлээ.
Түлэнхийн тасаг зургадугаар сараас оргил ачаалал авдаг
Өвчиндөө шаналж уйлах хүүхдийн дуу, толгой, гар, цээжин хэсгийг нь битүү марлоор ороосон хүүхдээ тэврэн коридороор холхих эхчүүд, хаашаа ч юм яаран алхах цагаан халаадтай эмч нар. Энэ бол ГССҮТ-ийн Түлэнхийн тасгийн нэг агшны дүр зураг. Эцэг, эхийн хайхрамжгүй байдал, анхаарал сулрах ганц хоромд түлэгдэж, өвчиндөө шаналсан хүүхдүүдийн авралын ганц газар нь энэ. Тиймээс ч манай сурвалжлах хэсэг юун түрүүнд тус тасгийг зорин ирсэн хэрэг. Бид тасгийн эмч Т.Бат-Эрдэнэтэй уулзаж, одоогийн нөхцөл байдал ямар байгааг тодруулсан юм.
Ачаалал харьцангуй бага байгааг тэрбээр хэлж байсан юм. Ерөнхийдөө жил бүрийн гурав болон дөрөвдүгээр сард Түлэнхийн тасгийн ачаалал багасч, эмч мэргэжилтнүүдэд “амьсгаа авах” боломж олгодог юм байна. Харин зургадугаар сард гарч цэцэрлэг сургууль амрах тэр үеэс эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг байна. Т.Бат-Эрдэнэ эмч энэ талаар “Ерөнхийдөө зургадугаар сараас дараа оны гуравдугаар сар хүртэл манай тасаг ачаалалтай ажилладаг.