Залуус өнгөлөг бас мөнгөлөг болж. Энэ нь тэдний хүслэн болж. Залуу сайхан насандаа өнгөтэй мөнгөтэй явах шиг сайхан зүйл хаана байхав. Үүний тулд л хөдөлмөрлөж өөрийгөө эрдэмээр баяжуулан суугаа. Энэ нь ч зөв. Гэхдээ ямарваа нэгэн зүйл хэмжээнээсээ хэтэрвэл “гажиг” болдог шүү дээ.
Залуусын шинэ давалгаа болон гарч ирж байгаа “нас залуу, цус шингэн” хүүхдүүд маань “хүйсээ” мартах дайны “маяглах” болж. Тэд хөрөнгөөрөө баян байвал бусад нь хамаагүй гэдэг сэтгэлгээтэй болсон байна. Энэ сайхан байдлынхаа ард залуус маань өөрийгөө тахин шүтэх үзэлтэй болсон харагдана. Бусдыгаа хүндэлж мэддэггүй, хайрлаж чаддаггүй, бусдын хийснийг үнэлдэггүй, өөрт ашиггүй л бол хэн нэгэнд “үнэгүй” зарагддаггүй болж.
Цагийн сайханд тортой юмаа дааж ядах хөгшчүүдийг гэрт нь дөхүүлдэг байлаа, өндрөөс юм авч хүрэхгүйд нь тусалдаг байлаа, хаалга үүдийг нь онгойлгож өгдөг байлаа, багшдаа загнуулан “зодуулан” сайн хүн болох гэж зүтгэдэг байлаа. Одоо бүх зүйлийг хүний эрх гэгчээр “дараад” юу ч хийхгүй, хийж чадахгүйн дээр хийх сэтгэлгээгүй залуус түрэн гарч ирж. Чихэвчтэй хөгжимийн цаана эрүүл мэндээрээ хохирохоосоо гадна нийгмээс өөрийгөө таслах гэсэн “адаг” санаа байдаг болтой юм. Үнэндээ нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах нь чухал болохоос өөрийгөө “таслан”, хөндийлөх нь онц биш хэрэг.
Хэн нэгэнтэй сэтгэлээсээ ярилцдаггүй, өөрийгөө хуваалцдаггүй, бүрэг зожиг болох нь хувь хүндээ сэтгэл зүйн асар их өөрчлөлтийг үзүүлдэг байна. Тиймээс залуусийн энэ нийтлэг алдааг засахын тулд сэтгэлгээг нь өөрчлөх хэрэгтэй. Яаж гэж үү? Мэргэжлийн хүмүүс нь гаргалгаа гаргах байх. Гэхдээ тэднийг нийгэмшүүлж “хувь хүн” гэдэг онцлогийг тайлбарлан хүргэх байх.
Ямартай ч залууст байгаа алдааг хэрээс хэтрээд байгааг эцэг эхчүүд, мэргэжлийн багш сурган хүмүүжүүлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд анхааралдаа авахгүй бол бүүр “гажиг” залуусаар дүүрэх нь байна.
Б.Саран