Эрдэнэ-Зуу хийдийн хамба Х.Баасансүрэн/
Таны нүдэнд хэн нэгэн адгийн хог шаар мэт харагдаад түүнтэй үзэж тарна гэж бодож байвал Таны сэтгэл ч гэсэн хог шаар болоод эхэлчихсэн байдаг. Та өдөржин хоол идэхгүй гэж хүчээр хичээж өдрийг өнгөрөөвөл шөнөжин Та хоол зүүдлэнэ. Юуг хүчтэй эсэргүүцнэ түүнтэйгээ Та адилхан болж байдаг. Сөргийг л анзаараад байвал Та түүнтэйгээ адилхан болж байдаг.
Бусад чамд зэвүүн харагдаж байвал Таны сэтгэл ч зэвүүн болж байна гэсэн үг. Хэт шүүмжлэгч хүмүүс үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй л дээ. Өдийг хүртэл бусдыг засах гэж алдаа дутагдлыг нь хэлж явсан үйл хэрэг нь буруу гэж тэд огтхон ч төсөөлж чадахгүй. Гэхдээ шүүмжлэгч нараар хэзээ ч дутаж байгаагүй юм. Дутах ч үгүй. Хорвоогоор дүүрэн шүүмжлэгч байна шүү дээ. Тэд нар Таниас хавьгүй илүү шүүмжилж чадна.
Юуг Та илүү анхаарна та өөрөө тэр зүйлийнхээ нэг хэсэг нь болж байдаг нь гарцаагүй үнэн юм шүү. Юм бүхэнтэй тэмцэж өөрийгөө сайн дураараа бухимдуулж явах хэрэг юу байна. Хорвоогийн асуудлууд хэзээ ч дуусахгүй. Та үхэн үхтэлээ шүүмжилсэн ч асуудлууд байсаар л байх болно. Хариуд нь Та хэрүүл шүүмж бухимдлаар дүүрэн амьдарсан нэгэн болно.
Шүүмжээр дүүрэн амьдралд амгалан тайван байдал бага ноогддог юм. Дандаа тэмцэж явдаг чанараа орхиж эхлэхэд л Та тайван амгалан болж эхлэх болно шүү.
Эх сурвалж: Zaluu.com