Монголчууд дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ импортлохгүй байх бодлогыг Засгийн газраас баримталж, өнгөрсөн оны долоодугаар сард цемент, үхрийн мах, зөгийн бал, нөөшилсөн бүтээгдэхүүн, троллейбус зэрэг 5 нэр төрлийн бүтээгдэхүүний импортын гаалын татварыг 20 хүртэл хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд дотооддоо зах зээлтэй болж, хэрэглэгчид ч дотооддоо үйлдвэрлэсэн чанартай бүтээгдэхүүн хэрэглэж, экспортлох нөхцөл бүрдсэн юм.
Албан ёсны тоон үзүүлэлтийг ишлэвэл:
- цементийн импорт 46 хувь буюу 82 тэрбум төгрөгөөр буурч, экспорт 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн
- Үхрийн махны импорт 40 хувь хүртэл буюу 84 сая төгрөгөөр буурч, экспорт 65 хувь буюу 2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн
- Зөгийн балны импорт 16 хувь буюу 460 сая төгрөгөөр буурч, экспорт 10 дахин буюу 41 сая төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Зөвхөн цемент, үхрийн мах, зөгийн балд дүн шинжилгээ хийхэд 82.5 тэрбум төгрөгийн гадагшлах урсгалыг зогсоож, 3.2 тэрбум төгрөгийг эдийн засагт оруулсан үзүүлэлттэй байна.
Энэ үр дүн болон импортын ижил төрлийн бараа бүтээгдэхүүний “дайралт”-аас хамгаалахыг хүссэн үйлдвэрлэгчдийн хүсэлтийг харгалзсаны үндсэн дээр Аж үйлдвэрийн яамнаас импортын тарифын зохицуулалыг 28 нэр төрлийн бараанд хийсэн. Уг тогтоолыг ирэх сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлж эхэлнэ. Энэ нь нэг ёсондоо дотоодын үйлдвэрлэгчдээ гадны ижил бүтээгдэхүүнээс хамгаалж буй төрийн бамбай юм.
Харамсалтай нь төр дотоодын үйлдвэрлэгчдээ хамгаалах бамбайтай болсон нь ченжүүд болон монголд үйлдвэрлэл хөгжүүлэхийг хүсэхгүй байгаа эрхмүүдэд таалагдахгүй байгаагаас болж нэлээд асуудал үүсч байгаа бололтой юм. Тэдэнд Монгол үйлдвэрлэгч биш хэрэглэгч улс байх нь л хамгийн ашигтай. Тиймээс Монголын улстөрчдөд эхнээсээ дарамт шахалт үзүүлээд эхэлчихсэн бололтой юм. Тухайлбал, ирэх сараас ажлаа эхлүүлэхээр төлөвлөөд байгаа Оюутолгой төслийнхөн Хятадаас цементээ импортлохоор төлөвлөсөн байсан нь цементийн гаалийн татвар нэмэгдсэнтэй зөрчилдөж эхэлсэн. Тиймээс Монголын улстөрчдөд алтан хошуу хүргэх ажлыг эхлүүлсэн аж.
Энэ мэтчилэнгээс эхлээд ногоочид маань ногооны ченжүүдтэй, сүү, бүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид энэ төрлийн бүтээгдэхүүний ченжүүдтэй, модон эдлэл үйлдвэрлэгчид мөн л ченжүүдтэй нүүр тулж, өөрсдийн бүтээгдэхүүний зах зээлийг бий болгох алхам хийгдлээ. Монголдоо үйлдвэрлэгчдийг төр засаг нь дэмжиж эхэллээ. Харин Монголын зах зээлээс аажмаар шахагдаж буй ченжүүд байдаг бүх л аргаа хэрэглэх нь тодорхой биз, эхнээсээ улстөрчдөд “дээрх бүтээгдэхүүнүүдийн импортын гаалийн албан татварыг бууруулах”-ыг үүрэг болгоод эхэлчихсэн байна.
Эх сурвалж: цэнзургүй.мн