Сонгууль ойртож байна. Намын дарга нар хэнийгээ жагсаалтад багтаах вэ, хэнийгээ аль тойрогт өрсөлдүүлэх вэ гэж толгойдоо сонгуульдаж байна. Энэ бол эхний шатны сонгууль. Гишүүний суудалд санаархагчид даргаа тойрон эргэлдэнэ. Энэ бол дайвар сонгууль. Эцсийн сонгууль нь иргэдийн сонголт. Энэ бол жинхэнэ сонгууль.
Нэр дэвшүүлэх дарга, дэвшихийг хүсэгчид, сонгох иргэд цөм хүлээлтийн байдалтай. Бүх газар ажил зогссон. Ажил ярихаар “сонгуулийн дараа” гэсэн хоёр үгээр ам таглана.
Энэ мөчид дэнслэх асуудал олон байна аа. АН дөрвөн жил эрх барилаа. Одоо эрх баригчид тооцоогоо бодуулж дүнгээ тавиулна. Сонгогчид ямар дүн тавихаа өөрсдөө шийднэ. Гуйж, ятгаад ч нэмэргүй болсон байхаа даа.
Ямар уужуу юм бэ Монгол хүний сэтгэл
Өнгөрсөн оны судалгаагаар:
- Монгол Улсын нийт өрхийн 0.28 хувь нь нэн өндөр орлоготой /Ерөнхийлөгч УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХын гишүүд, сайдууд, ТНБД, агентлагийн захирал, төрийн өмчит компанийн захирал, цөөн тооны хувийн компанийн захирал г.м/, 42.04 хувь нь бага орлоготой, 23.3 хувь нь нэн ядуу, үлдсэн нь дундаж орлоготой байна. Бурханаас зарлигдсан тавилан уу, төр, засгаас явуулж буй бодлого уу. Яг л Египетийн пирамид. Иргэд маань яагаад ийм шударга бус байдалд дасчихав аа! Ямар хүлцэнгүй байна вэ! Иймэрхүү янзаар амьдраад болоод байна уу? Эсвэл цөхөрчихөв үү?
- НҮБ-аас жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн аз жаргалын өдөр” болгон зарласан байдаг. Манай улс “аз жаргал”-ын индексээр 2014 онд 135 дугаарт бичигдэж байсан бол 2015 онд ухарч 146 дугаар байранд жагслаа. Дэлхийн 175 орон эрэмбэлэгдсэн юм. Дааганы уралдаанаар бол бараг “баян ходоод” гэсэн үг.
- “BLOOMBERG MONGOLIA” –аас гаргасан судалгаагаар манай улс дэлхийн “хамгийн их стресс”-тэй орнуудын дөрөвдүгээрт бичигдсэн байна. /”Стресс” гэдгийг сэтгэлийн дарамтад оруулсан бухимдал, сэтгэлийн дарамт, сэтгэл алдрахуй/ гэх юм уу даа. Мөн“Ардчилал” сонины 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дугаарт стресст ороход иргэдийн уур бухимдал, сэтгэл санааны хямрал, дотоодын нийт бүтээгдэхүүний уналт, авилга, ажилгүйдэл, бага орлого, орчны бохирдол, дундаж наслалтын уналт нөлөөлж байна хэмээн бичжээ. 2012 онд 512, 2015-2016 оны хоёрдугаар сар хүртлэх хугацаанд 687 хүн амиа хорлов. Энэ эмгэнэлт үзэгдэлд хүүхэд олноороо өртжээ гэсэн мэдээлэл гарлаа. Амиа хорлолтыг бухимдлаас үүдэлтэй хэмээн дүгнэдэг юм билээ.
- Монгол Улс “авилгын индекс”-ээр 2014 онд 39 оноотойгоор дэлхийн 175 орноос 80 дугаарт жагсав. Манайх цөөхөн хүн амтай, олон даргатай болохоор ийм байдаг бололтой. Саяхан Украйнд байдаг дэлхийн улс орнуудын авилгын индексийг гаргадаг “Transparency International” байгууллагын судалгаагаар манай иргэдийн 86 хувь нь авилга газар авч маш ноцтой байдалд хүрсэн гэсэн үнэлэлт өгчээ.
- Төсвийн алдагдал 259.0 тэрбум төгрөгт хүрлээ. Энэ нь сүүлийн таван жилд гарсан хамгийн өндөр үзүүлэлт.
- Долларын ханш 2052-т хүрлээ. Монгол мөнгө цаас боллоо.
- Хөрөнгө оруулагчид буцчихлаа.
- Гадныхан Монгол Улсыг “эрсдэлтэй” таван орны тоонд орууллаа. Хөрөнгө оруулахаас эмээж эхэллээ. Манай улсаас “нөхөд” маань нүүр буруулаад л.
- Зээлийн дарамт, өрийн хавханд хавчуулагдлаа. Монгол Улсын гадаад өр 21.7 тэрбум ам. доллар, Засгийн газрын гадаад өр 12.1 их наяад төгрөг, нэг иргэнд ногдох өр 15.0 сая төгрөг боллоо.
Монгол Улс “авилгын индекс”-ээр 2014 онд 39 оноотойгоор дэлхийн 175 орноос 80 дугаарт жагсав. Манайх цөөхөн хүн амтай, олон даргатай болохоор ийм байдаг бололтой.
Саяхан Засгийн газар АНУ-ын CREDIT SUISSE банкнаас 250.0 сая ам.долларын зээл авчихлаа. Нэг иргэнд ногдох өр дахиад л нэмэгдчихлээ.
Зээл авах талаар хэнтэйгээ ярилцсан нь тодорхойгүй. Ч.Сайханбилэгийг ганцаарангий нь дахиад гадагш явуулмааргүй байна. Хилийн дээс алхахаараа “нөгөө хэн шиг” өр тавьчихаад бүрзийгээд хүрээд ирэх юм. Тэрийг нь төлөх гэж бөөн лай. Бидний л төрүүлж, өсгөж, хүмүүжүүлж, хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд хүргэсэн “үр” минь юм болохоор эх орныхоо нэр нүүрийг бодож төлөхөөс өөр яахав дээ.
Энэ их өрийг ирэх оноос төлж эхлэнэ. Өрийн дарамтанд сөхөрлөө. “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй мал таргалдаггүй” гэдэг үг байдаг даа. Ардын хувьсгалаас өмнө монголчууд манж, хятадуудад төлөх өрөнд дарагдсан байлаа. Гэвч хожимхон гэлээ ч ухаарч ноёд, барлагууд хамтран өрийн дансыг нь шатаан тэмцэж байв.
Одоо бол өрнөөсөө бултах ямар ч боломжгүй. Монголын өрийн хэмжээг дэлхий мэдчихсэн. Төлөхөөс өөр аргагүй. Монголчууд яах юм бэ? Нутгаа гэртэйгээ машин, тэмээ түрээслэн ачаад, малаа туугаад нүүх юм уу?
Өр тавьсан ноёд гараад л явчихна. Иргэд үлдэнэ. Энэ бурхны гэсгээл үү?
Улс гүрэн минь Монголоороо байгаасай
- Эрх баригчид ялагчийг хэн ч шүүхгүй хэмээн бардамнаж байсан. Одоо тэдэнд “Айсан хүнд аргал хөдлөнө” гээч л болж байна. Айсан хүн яадаг яадаг билээ. “Адуу хөөдөг” тэр “адуу” нь бид.
- Үндсэн хуулийн заалт спикерийн захирамжаас хүчгүй боллоо.
- Үндсэн хуулийг зөрчин зөрчин тодордог “гарын үсэг”-ний парламентач болохын төлөөх өрсөлдөөн хамгийн эрэлттэй “зах зээл” боллоо.
- УДШ-ийн Ерөнхий шүүгчийн буянаар “Тусгайлан гаргах саналгүй” гэсэн хэлц үг монгол үгийн санд орж ирлээ. Гэргий нь хархүн рүүгээ утас цохиод “орой ямар хоол хийх вэ?” гэж асуусан чинь нөхөр нь “тусгайлан гаргах саналгүй” гэж хариулсан тухай шог гарчээ. Ядарч байгаа ч гэсэн монголчууд хошигнохтойгоо л байна.
- Энэ цагийн өнгөн дээр “авилга авсан, албан тушаалаа хэтрүүлсэн” гэдэг үг “Сонин юу байна” гэдэгтэй агаар нэгэн ердийн сонсогдох боллоо.
- Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд очиж Оюутолгойн далд уурхайн санхүүжилтын төлөвлөгөөнд далдуур гарын үсэг зурчихлаа. Зөв, буруу нь удахгүй тайлагдана биз.
- Эрх баригчдын ивээлээр харгис, бурангуй үзлийг баримтлан номлодог МҮҮН-ийн шашин орж ирлээ.
- Булганыг баривчилж хорив.
- Талийгаач Ш.Отгонбилэгийг С.Зоригийг егүүтгэсэн аллагатай холбож үзэв. Үгүй болсон хүн өөрийгөө өмгөөлөх боломжгүйг ашигласан юм шиг, мөн ч жудаггүй еэ.
- Саяхан ард түмнээ өмгөөлж АН-д хандаж дуугарсан алдарт өвгөн найрагч Б.Лхагвасүрэнг “авсандаа орооч ээ” хэмээн мэдээллийн хэрэгслээр цацав. Найрагч их л гомдсон нь мэдээж. Хэнээс, хаанаас гарсан үг вэ гэдгийг иргэд ойлгосон бололтой. Монгол хүн ийм муухай, жигшмээр үгийг нэгэн зэрэг анх удаа сонсож байгаа нь энэ тохиолдол байх.
- “Эдийн засаг хямраад зогсохгүй, дампуурсан улс орон болох ойрхон байна” гэж М.Энхсайхан дүгнэж байна. Энэ хүн мууг зөгнөөгүй, бодит байдлыг хэллээ. “Их эвсэл” байгуулах санаагаа цухуйлгав. Одоо ч эрх баригч энэ хүний эсрэг “бөмбөг тэсэлж, сум тавьж” эхлэнэ дээ.
- Эрх баригчид хэнээс ичихгүй, юунаас ч айхгүй дураараа аашилж байсан. Одоо тэдэнд ”айсан хүнд аргал хөдлөнө” гээч л болж байна. Айсан хүн яадаг билээ. “Адуу хөөдөг”. Тэр “адуу” нь Та бид.
- Төрөөс явуулж байгаа бодлогод иргэд нь төөрч эхэллээ гэж Д.Дорлигжав оношлов. Эрх баригчдын нэг том төлөөлөгч шүү дээ. Төр нь төөрөхөөр иргэд төөрнө.
- Улсыг төр биш фракцууд удирдаж байна. . АН одоогоор “Алтангадас”, “МҮДН”, “UBS”, “Шонхор”, “МоАХ”, “МоАН, “Нэг ардчилал” зэрэг фракцтай. Нам, фракцууд жамаараа үгүй болно. Харин улс, төр нь үлдэнэ. Энэ бол Р.Амаржаргалын хэлсэн үгний гаргалаа. Эрх баригчдын эгнээнд иймэрхүү Монголоо гэсэн сэтгэлтэй, өнөө цагийн өнгө, намынхаа бодлого, үйлдэлд сэтгэл дундуур явдаг хүмүүс бий. Даан ч цөөхөн юм даа.
- Фракцаас салж бодлогын нам болно гэж яриад байх боллоо. Хорь гаруй жил фракцынхаа хэдэн хүний эрх ашигт дөрлүүлсэн бодлогогүй нам байснаа одоо л хүлээн зөвшөөрч байна даа.
Зоргоороо олддоггүй амьдралаа хайрлаарай
Монгол Улс элгээрээ хэвтчихлээ. Эх орон болон өөрийгөө бодоод эрх баригчдад таарсан дүнгий нь тавиач ээ. Хугацаа алдмааргүй байна. Дахиад дөрвөн жил энэ янзаараа байвал яах болоо. Сонгогчид маань дөрвөн жилд ганцхан олдох эрхээ эдэлмээр юм. Таны санал бүхнийг өөрчлөх хамгийн дөт зам. Дээдэс, дарга, даамалуудынхаа морийг нь эмээлж өгөөд , жолоо цулбуурыг нь эвхээд зоргонд нь тавьдагаа хэзээ болих юм бэ?
Шинэ залуу намууд олноор төрөөд байна. Харин та тэднийг үл ойшоогоод байх юм. Тэдний олонхи нь албан тушаалд дуртайдаа нам байгуулаагүй. Эрх баригчид дэндүү ёс зүйгүй, дураараа аашилж буйд дургүйцэж байгаагийн нэг илрэл. Нөгөө талаас нь харвал эрх баригчид Төрийн ордонд амар хялбар аргаар орж, өндөр зөөлөн сэнтийд заларч болоод байгаа нь залуучуудад тэдний араас явахад амархан юм шиг сэтгэгдэл төрүүлээд байна. Энэ бүхэн тэдний буруу биш. Иймээс шинэ нам байгуулагчдыг басамжлахгүй юмсан. “Өөрийн санаа өөртөө зөв, өрөөл даавуу өмдөндөө зөв” гэсэн үг байдаг. Тэд мөрөөдөх, хүсэх, улстөрийг хийх, улстөрөөр хөөцөлдөх эрхтэй. Сонгогч та шинэ намуудыг үл ойшоогоод байгаа нь эрх баригчдыг огшоогоод, дархлаажуулаад байна. Энэ нь сонгогч таны буруу.
“Хаан” сонголт хийснийхээ горыг хангалттай амслаа. Шилний цаанаас дөрвөн жил чихэр долоолоо. Одоо дахиж дөрвөн зовоод яах юм бэ? Сайхан Монгол орондоо зовох гэж төрсөн биш дээ. Жаргах гэж төрөө биз дээ?
Ахмад парламентчдадаа “одоо болоош дээ” гэсэн хөндий сэтгэлээр хандах нь дэмий байх. Энэ гишүүд чинь өнгөрсөн үеэс шинэ үе рүү шилжсэн шилжилтийн үеийн төлөөлөгчид. Даруулга хэрэгтэй нэг нь байдаг л байх. Гэхдээ “өнөөдөргүйгээр маргаашийг төсөөлж болохгүй” гэдэг шиг тэдгүйгээр парламентыг төсөөлж яав ч болохгүй байх.
Хүнд мартаж чадахгүй зүйл байдаг. Мартахаас өөр аргагүй зүйл бас байдаг. Өөрчилж, орхиж болмооргүй зүйл байдаг. Өөрчилж, орхихоос өөр аргагүй зүйл бас байдаг. Дэмжиж болмоор зүйл байдаг. Дэмжихгүй байхаас өөр гарцгүй зүйл бас байдаг. Итгэж бишэрч явах үе байдаг. Итгэл бишрэл алдагдах үе бас гардаг.
Харин монголчууд мартаж, үл мартаж чадна. Өөрчилж, өөрчлөхгүй байж бас чадна. Дэмжиж, зөнд нь орхиж чадна. Уучилж, уучлахгүй байж дөнгөнө. Итгэл бишрэл алдагдвал буруу хараад суучихтайгаа.
“Хаан” сонголт хийснийхээ горыг хангалттай амслаа. Шилний цаанаас дөрвөн жил чихэр долоолоо. Одоо дахиж дөрвөн зовоод яах юм бэ? Сайхан Монгол орондоо зовох гэж төрсөн биш дээ. Жаргах гэж төрөө биз дээ?
Та өөрт олгогдсон ганцхан боломжоо ашиглаж чадвал сайн сайхан амьдрах мянга мянган боломж Таны өмнө нээгдэнэ. Эрх баригчдыг ердөө зөнд нь орхичихвол яасан юм бэ, сонгогчид оо?
Ийм л байна. Үнэн юмыг яалтай ч билээ дээ.
эх сурвалж: today.mn