Манай улс гурван сая гаруйхан хүнтэй ч эрдэнэс баялагийн “Охь” болсон нутагтай. Тэгсэн ч бид өртэй төртэй, ядуу хоосон амьдарч байна. Бидний амьдралын хамгийн гол асуудал иргэд нь эрүүл бус, эх орон өртэй, хөгшид буурлууд бухимдалтай, залуус нь ажилгүй, “гишгих” газаргүй шахуу болтлоо газар нутгаа хөндүүлэн байна.
Ийм нийгэмд бид тэмцэн өдөр хоногийг өнгөрүүлж байгаа нь эмгэнэлтэй. Гэхдээ энэ бүх асуудал хэсэгхэн хүний алдаатай шийдвэр, алдаатай бодлогоос шалтгаалсан гэхэд болно. Бид цаашид яаж хөгжих вэ. “Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэдэгчлэн улс нийгэм “муу муухай” үлгэр дуйраалалтай байхад гэр бүлийн салалт хамгийн ихээр “эмзэг” асуудал юм.
Энэ төр нийгмийн хамгийн бага нэгж болсон гэр бүл гэдэг өнөөдөр тоглоом болон хувирчээ. Хурим хийгээд долоо ч хоноогүй салдаг “сайхан” нийгэмтэй болж. Өнөөдөр манай улсад нийт 823 412 өрх бий. Үүний 600 000 гаруй нь Улаанбаатар хотод амьдарч байна. Гэр бүлүүд салах нь тухайн хүний хүмүүжил, соёл, боловсрол, ухамсартай холбоотой ч үүнд нийгмийн байдал хамгийн чухал нөлөө үзүүлдэг байна. Жишээ нь: Банкны дарамтанд орсон гэр бүлийн муудалцах шалтгаан нь санхүүгийн хямралын тухай байхад зарим өрхөд нь нийгмийн чанартай өндөр дэгдэлттэй өвчний маргаан тасрахгүй.
“Хүүхдээ харж” чадахгүй өвтгөлөө гэх. Үнэндээ агаар дуслын замаар халдварладаг өвчнүүд хэн нэгэнд харагдаж байж “өвчлүүлэхгүй” л дээ. Энэ мэтчилэн гэр бүлийн тогтвортой харилцаа гэх зүйлгүй болсон өнөө үед хамгийн наанаа хэлдэг үг нь “салья”, “болье” гэх болж. Цагийн сайханд нэг гэр бүл болсон л бол эр нөхөр архичин болох, хадам эцэг эхтэйгээ таарахгүй байх, хүүхэд төрөхгүй байх, элдэв хөндлөнгийн дарамтыг үл тоон насан туршдаа амьдардаг байсан. Учир шалтгаан нь хүн бүр “ажилтай” хүн бүр “орлоготой”, хүн бүр “түүхийг бүтээлцдэг” байлаа. Ердөө л энэ. Гэтэл одоо хэдэн дипломтой ч ажилгүй, хэдэн хүүхэдтэй ч өвчлөл их, хэдэн төгрөгтэй ч өртэй болж.
Насан туршидаа амьдрах гэр бүл гэж өдрийн од мэт ховрын бараа болж. Учир нь нийгэм маш стресстэй, бүх зүйл сөрөг хандлага илэрцтэй байгаад оршиж байна. Ажилгүй хүнийг хүн бишид тооцдог болж. Ажилгүй байна гэдэг өөрөөс нь шалтгаалахгүй байгааг мэдрэхгүй болж. Хүнийг хүн ёсоор хэмжин үнэлэхээ болсон байна. Зарим үед хүнийг мөнгөний “мод”, хүсэл биелүүлэгч мэтээр хандан гэр бүлээ зохиодог болж. Харамсалтай ч энэ үнэн.
Насаараа ажилгүй байна гэж байхгүй шүү дээ. Цаг хугацааны, түр зуурын, нийгмийн өөрчлөлтийн золиос болон салж байгаа гэр бүлүүд тэднээс үүдэлтэй өнчирсөн хүүхдүүдийг яах вэ? Энэ замбараагүй зүйл яван явсаар нэг эцгийн хоёр хүүхэд хоорондоо гэрлэх, үерхэх тохиолдол байвал яах бол. Энд хэн, хаанаас, хэзээ хариуцлага тооцох вэ? Энэ Монгол хүн болж төрсний хохь уу?
Б.Саран