Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулуудын барилгыг шинэчлэн барьж байгаа билээ. Сургуулийн барилгуудыг насжилт өндөртэй, цаашид үйл ажиллагаа явуулвал аюултай гэсэн шалтгаанаар буулгаж, шинэчлэх ажил улс даяар өрнөж байна. Гэвч шинэ нь хуучнаасаа ч дордсон байвал яах вэ. Жишээлбэл, III сургуулийн барилга ашиглалтад ороод удаагүй байгаа.
Гэвч барилгад цууралт үүссэн гэдэг “таагүй” мэдээлэл сонсогдов. Уг нь “дэлхийн стандартад нийцсэн магтах зүйл ихтэй сургуультай боллоо” гээд л тууз хайчилцгааж байсан. Гэвч дэлхийн стандарт нь тууз хайчилсан өдрөөс нэг их холдолгүй “тараа таниулж” эхэллээ. Хана тааз нь цууралт үүсч, зарим ангийн хаалганд ан цав гарсан тухай албан хүн мэдээлж байна. Мөн дахин засварлуулахаар хүсэлтээ өгсөн гэдгээ ч хэллээ. Тэгвэл шинэ мөртлөө хуучнаасаа дордсон энэ барилгад хүүхдүүдээ юу бодож суулгах вэ.
Ер нь 30-40 жил нурчихаагүй хуучин барилгууд нь илүү найдвартай байсан юм биш үү гэж логик ч гарч ирж байна. Бүс нутгийн онцлог, өвөл хөлдсөн хөрс, урин дулаан болохоор хөдөлгөөнд орж барилгад цууралт үүссэн гэж тайлбарлаж байна. Энэ тайлбар аюултай гэж нураагаад шинэчилсэн сургуулийн барилгад тохирох гэж үү. Нэг өвлийн ая даахгүй, цаг уурын нөхцлөөс шалтгаалж цууралт өгч буй барилга цаашид хэдэн жил болох вэ. Мөн энэ нь дэлхийн стандарт мөн гэж үү.
Мөн бол ийм стандартаар барьсан барилгад хүүхдүүдээ сургах хүсэл алга. Түүний оронд биднийг, бидний аав, ээжийг, эмээ өвөөг сургаж, хүмүүжүүлсэн хуучин сургуулиуддаа сурья. Ялгаагүй л нурах барилгууд. Гэхдээ 40 жил “ёо” гэж үзээгүй барилга, дөрвөн сарын дараа цууралт өгч буй барилга хоёрын хооронд “том ялгаа” бий шүү. Ийм барилга хүлээн авч байгаа улсын комисс, ийм барилга барьж байгаа барилгын компани, ийм барилгыг дэлхийн стандарт гэж зарлаж байгаа албан тушаалтанд бүгдэд буруу бий.
Чадамж нь л энэ хойно өөрсдөө л эндээ амьдарч, ажиллацгаа даа. Хүүхдүүдээ та нарын туршилт, дэлхийн стандартын хохирогч болгомооргүй байна.
Б.Саран