НМХГ-ын ХХААҮҮХХ-ээс хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд зориулан “Хүлэмжийн аж ахуйд ургамлын хорио цээр, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэж юу байдаг, урьдчилэн сэргийлэх арга хэмжээг хэрхэн хэргэжүүлэх талаар мэдлэг олгох зорилгоор үзүүлэх сургалтыг 4-р сарын 29-ны өдөр “Грийн сити гарден” ХХК-ийн гидропоник хүлэмжийг түшиглэн зохион байгууллаа. Тус сургалтанд нийслэлийн хэмжээнд хүлэмжийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүд оролцсон байна.
“Грийн сити гарден” ХХК нь төмс хүнсний ногооны 1900 тн багтаамжтай агуулах, 1 га талбайд хүлэмжийн тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлээд 5 жил болж байгаа бөгөөд 2015 оны 11 сард 300 м.кв талбай бүхий өвлийн дулаан хүлэмжийг барьж ашиглалтанд оруулан, 12-р сараас тариалалтаа эхлүүлэн, ”Мөнх зун” нэртэй өргөст хэмх, лоолийг худалдаанд нийлүүлж эхэлжээ.
Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх явцад хүлэмж болон талбайд ургамлын хортон шавьж, өвчин тархаж ургамал ургалтын хугацаанд ургамлыг гэмтээх, ургацын хэмжээг бууруулах, ургамлыг үхүүлэх зэрэг хор нөлөөтэй байдаг тул эдгээрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хорио цээр, эрүүл ахуйн дэглэмийг мөрдөх зайлшгүй хэрэгтэй байдаг байна.
Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн дэглэм гэдэг нь хэрэгжүүлэхэд энгийн хялбар бөгөөд хэрэгжүүлсэнээр ургалтын хугацаанд ургамал хамгаалах химийн бодисын хэрэглээг үгүй болгох, органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх гол нөхцөл болдог.
Ургамлын эрүүл ахуй, хорио цээрийн дэглэмийг үйл ажиллагаандаа мөрдөхөд дараах дадлыг мөрдлөг болгох шаардлагатай юм. Үүнд:
1. Хүлэмжинд зөвхөн тус хүлэмжинд ажилладаг ажилтан орно.
2. Хүлэмжинд орохын өмнө гараа сайтар угаана. Тамхи татдаг ажилтан хүлэмжинд тамхи татахгүй бөгөөд, тамхи татсаны дараа гараа сайтар угаана.
3. Хүлэмжинд ажилладаг ажилтан зориулалтын ажлын хувцас өмсөнө. Малгай үсийг бүтэн далдалсан, бээлийг хувцасны ханцуй дээгүүр давуулж өмсөнө.
4. Ажилтан хүлэмжинд зориулалтын угаах цэвэрлэхэд хялбар усны гутал өмсөж болно.
5. Хүлэмжинд хэрэглэгддэг багаж хайч, сагс сав хэрэгсэлийг тогтмол угааж цэвэрлэж байна.
6. Усалгааны усанд аюулгүйн үзүүлэлтийг улирал тутам шинжлүүлнэ.
7. Ургац хураалтын дараа хүлэмжийг заавал ариутгана. Тариалалтанд хэрэглэсэн хөрс, багаж хэрэгсэлийг боломжтой бол солих, эсвэл аритгаж дараагийн тариалалтанд хэрэглэнэ.
8. Хүлэмжийн хөрсийг халаах, гүн хөлдөөх аргаар ариутгаж болдог байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар