Монгол Улсын Засгийн газрын 159, 222 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхээр Улсын онцгой комиссын даргын 2016 оны 02 дугаар тушаал батлагдаж, Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 12-25-ны өдрүүдэд “Улаанбурхан өвчний эсрэг хамтдаа” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулна.
Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын зардалд Засгийн газраас 943,5 сая төгрөг гаргасан бөгөөд 18-30 насны 624,000 орчим залуучуудыг хамруулахаар төлөвлөжээ. Үүнд: Их дээд сургууль, коллежийн оюутан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагсад, цэргийн албан хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүмүүжиж буй иргэд, АСЕМ-ын хурлын зохион байгуулах үйл ажиллагаанд оролцогсод, аймаг, нийслэл, сум, дүүргийн нутаг дэвсгэрт байнга болон түр оршин сууж байгаа иргэд болон байгууллага аж ахуйн нэгжийн ажилтан, албан хаагчид, ажил эрхлээгүй 18-30 насны иргэдийг хамруулах юм.
Аймаг, нийслэлийн хэмжээнд энэ арга хэмжээг зохион байгуулах 1600-аад эмч эмнэлгийн мэргэжилтэнг сургаж бэлтгэн, вакциныг хуваарилан хүргүүлжээ. Хүн бүрийг овог нэр, регисрийн дугаараар бүртгэж, эмчийн үзлэгт оруулж, дархлаажуулах эсэхийг шийдэж, вакцин тарьсаны дараа зүүн гарын чигчий хүруунд тэмдэглэгээ хийж, 30 минут эмчийн хяналтанд байлгах ажээ.
Харин жирэмсэн эмэгтэйг вакцин тарихаас чөлөөлөх бөгөөд 18-30 насны охид, эмэгтэйчүүдэд энэ вакциныг тарьсанаас хойших нэг сарын хугацаанд жирэмслэхгүй байхыг зөвлөн, гарын үсгээр баталгаажуулж, дархлаажуулах ажээ.
Түүнчлэн энэ насны залуучууд, иргэдийг хувийн болон ажил төрлийн, эрүүл мэндийн холбогдолтой асуудлаа энэхүү нэмэлт дархлаажуулалтын 14 хоногийн хугацаанд ухаалгаар зохицуулан санаачилгатай идэвхтэй хандаж, хамгийн ойр байгаа өрх, сумын Эрүүл мэндийн төвдөө очиж, улаанбурхан улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд бүрэн хамрагдахыг уриалж байна.
Буянт-Ухаа, Алтанбулаг, Замын-Үүдийн хилийн боомтод дархлаажуулалтын түр цэг байгуулан, хурууны тэмдэглээгүй зорчигчийг дархлаажуулах ажлыг зохион байгуулна.
БСШУЯ, ХЯ, ХЗЯ, ГХЯ болон орон нутгийн ЗДТГ, ЭМГ, МХГ, Их дээд сургууль, коллежи, албан байгууллага өөр өөрсдийн чиглэлээр зорилтот бүлгийн хүмүүсийн хурууны тэмдэглэгээг шалган, тэмдэглээгүй иргэдийг дархлаажуултад хамруулах юм.
ХӨСҮТ, МХЕГ, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран дархлаажуулалтын явцын дэмжлэгт хяналт, түргэвчилсэн үнэлгээг хийх ажлыг зохион байгуулахаар болжээ гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.