Та жирэмсэлж “болохгүй”

aba8958576e9a8d9e4585fb6b58af144

Саяхны нэг өдөр найз бүсгүйтэйгээ уулзаж хоол идэнгээ хол, ойрын сонин хачин өөрсдийн амьдралын талаар ярилцаж хэсэг суув. Ийнхүү элдвийг ярих зуур найз бүсгүйн минь яриан дунд нэгэн сэдэв сонирхол татахын сацуу бухимдал төрүүлээд амжив. Энэ нь эмэгтэйчүүд шинээр ажилд орохдоо ойрын 3-5 жилдээ жирэмсэлж болохгүй гэсэн заалт бүхий гэрээ байгуулаад ордог болсон явдал юм. Найз бүсгүйн минь хувьд хэд хэдэн томоохон компанийн ажлын ярилцлаганд ороход ийнхүү шаардлага тавьж нүдийг нь бүлтийлгэсэн аж. Энэ ярианы дараагаар ийм гэрээ байгуулж ажилд орж байгаа хүмүүсийг болон энэ талаарх эрх зүйн орчинг судлаад үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн долдугаар зүйлд “Хөдөлмөрийн харилцаанд ялгаварлал, хязгаарлал, давуу байдал тогтоохыг хориглох” тухай заалтууд бий. Үүний 7.4-т “Иргэнийг ажилд авахад эрхлэх ажил, үүргийн онцлогтой холбоогүй тохиолдолд түүний хувийн амьдрал, үзэл бодолтой холбоотой, гэрлэлтийн байдал, намын харьяалал, шашин шүтлэгийнх нь тухай болон жирэмсэн эсэх талаар асуулт тавьж болохгүй” гэж заажээ.

Гэвч энэ хориглолтыг дагадаг ажил олгогч цөөхөн гэхэд болно. Тэд гэр бүлийнх нь тухай байтугай гурван үеийнх нь түүхийг нэхээд сууж байдаг шүү дээ. Жирэмсэн үү гээд арай шууд асуучихгүй ч “Ойрын үед гэр бүл төлөвлөлтийн талаар ямар бодолтой байна” гэх мэт тойруу асуултаар мэдчихнэ.

Үүнээс харахад ажил олгогчдын болгоомжлол нь нялх хүүхэд өвдчихвөл ажлаас чөлөө авчихна, юу юугүй дахиж төрөөд ажилтан хайх хэрэг гарна зэргээр тэднээс “болгоомжилно”. Уг нь ийн шалтаглаж, гадуурхаж болохгүйн учир дээрх хуулийг баталсан байлтай.

Тэгэхээр хэрэв та жирэмсэн бол, мөн хүүхэд чинь хөхүүл, эсвэл хоёр нас хүрээгүй бол шинээр ажилд орох боломж бараг л хомс. Хэдийгээр үүнийг хуулиар хориглоогүй боловч ажил олгогчдод  “бага насны хүүхэдтэй хүн ажилд авахгүй байх” гэсэн бичигдээгүй хууль дүрэм бий. Харин ажилд орохын тулд  “… жилийн хугацаанд жирэмсэн болохгүй” гэсэн гэрээг нэгэнт байгуулчихсан эмэгтэйчүүдийн хувьд байдал бүр эмгэнэлтэй юм. Гэрээний хугацаанд хүүхэдтэй болчихвол нэг бол ажлаасаа халагдах, үгүй бол үр хөндүүлэх гэсэн хоёр сонголт л үлдэх нь.

Бас нэгэн жишээ дурдахад 27 настай Б.Саранцэцэг гэх эмэгтэй нэгэн хувийн компанид маркетингийн менежерээр ажилладаг аж. Энэ байгууллагад гурван жил ажилласныхаа дараа жирэмсний амралтаа аваад гэртээ суужээ. Хэсэг хугацаа өнгөрч таван сарын дараа эргэн ажилдаа орох гэтэл буцаан оруулсангүй. Уг үйл явдлын хүрээнд хамрагдах хуулийг судлахад, Хөдөлмөрийн хуульд зааснаар жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногийн хугацаатайгаар олгоно. Мөн амаржсаны болон ээлжийн амралтаа авсан эх өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгож болдог аж. Хэрэв тухайн эх амралттай болон чөлөөтэй байсан бол эдгээр хугацаанд ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдах ёстой. Харин ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг:

  • Аж ахуйн нэгж байгууллага татан буугдсан
  • Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан
  • Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдлуудад л ажлаас халах үндэслэл болдог байна.

Эдгээрээс бусад тохиолдолд ажлаас халахыг хориглодог. Саранцэцэгийн хувьд ямар нэгэн өөрөөс шалтгаалах хэрэг зөрчил, сануулга зэргийг гурван жил ажиллаж байх хугацаандаа огт авч байгаагүй бөгөөд харин ч сайшаалтай сайн ажилтан байсан аж. Гэтэл түүнийг амаржаад ирэхэд нь эргээд ажилд нь авсангүй. Үүнийг харахад дурын нэг байгууллагын дотроо тогтоосон “худал” дүрэм журам, Хөдөлмөрийн хуулийг биелүүлдэггүй том толгойтой удирдлага, хэзээ ч хэрэгждэггүй цаасан дээр бичигдсэн цоорхой хуулийн ачаар, амаржлаа гээд ажлаасаа халагдсан хохирогч эмэгтэй л хөөрхий болж үлдлээ.

Монгол улс хүн амын тоо, хөгжлөөрөө дэлхийд доогуурт тооцогдох орон. Гэтэл төрөлтийг дэмжиж, нийгмийн олон талт халамжийг тал бүрт олгодог улс мөртөө байгууллагын гэх жижигхэн хүрээнд эмэгтэйчүүдийнхээ төрөлт, хүн амынхаа өсөлтийг боомилуулсаар…

Ажилд орох гэхээр хэл ам сугалах шахсан олон юм асууна, арай гэж орсоных нь дараа амаржлаа гээд ажлаас нь халчихна. Ай даа, эмэгтэй хүний зовлон гэж.

Г.Хулан 

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …