Ц.Байгалмаад дэлхийн хүн гэсэн тодотгол томдохгүй. Энэ бүсгүйн үндсэн мэргэжил нь анагаахын инженерчлэл. Бакалавраа электроник, мэдээлэл зүйн инженерээр авч байжээ. Харвардын Анагаахын их сургуульд багшилж байсан, Докторантурын оюутан байхдаа Японы Үндэсний хавдар судлалын төвтэй хамтарсан уушгины хорт хавдар ба хэвлийн хөндийн эмгэг судлалын төсөл дээр ажилласан, төгсөөд Японы Шизуокагийн их сургууль, Хамамацугийн анагаахын их сургуулийн хамтарсан эмнэлгийн инноваци хөгжүүлэлтийн төсөл дээр ажиллахдаа зохион бүтээсэн зүйлээрээ олон улсын долоон патент авсан гээд яривал дэлхийн гэж тодотгохоос аргагүй он жилүүд түүний намтарт бий. Ц.Байгалмаа Монголдоо ирээд ч зохион бүтээх ажлаасаа холдсонгүй, төд удалгүй японы автомашинд суурилуулах “Монгол хөгжим М1”-ийн дотоод системийг хийж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлжээ. Түүний бүтээлийн ачаар жолооч нар машиныхаа хөгжмийг солихгүйгээр хүссэн ФM-ээ сонсоод явах боломжтой болж. Ц.Байгалмаагийн сүүлд хийсэн ажил нь Ухаалаг-Эко зуух. Улаанбаатарыг утаанаас салгах бүрэн боломжтой зуухных нь талаар түүнтэй ярилцлаа.
-Нам даралтын зуухнуудын хувьд дэлбэрэх эрсдэл өндөр байдаг. Саяхан гэхэд л Архуст суманд зуух дэлбэрч харамсалтай явдал боллоо. Та бүхний бүтээсэн зууханд ийм эрсдэл байхгүй гэсэн үү?
-Тийм ээ, дэлбэрэх эрсдэлээс найдвартай хамгаалж чадсан зуух болсон. Бид нам даралтын зуухныхаа автомат ажиллагаа болон аюулгүй байдал дээр судалгааны ажлаа эхэлсэн. Тэгээд дэлбэрэхгүй, найдвартай ажиллагаатай зуух хийхийн тулд зуухны автомат хяналтын системийг нь өндөр технологиор ухаалгаар шийдэхээр зорьсон юм. Нэлээн судалсны эцэст, үйлдвэрлэлийн хяналт автоматжуулалтын салбарт дэлхийд тэргүүлэх технологитой Япон улсын “Мицубиши” брэндийн PLС (programmable logic controller) автомат хяналтын системийг ашиглахаар шийдсэн. Энэ контроллер нь үйлдвэрлэлийн автоматжуулалтад түгээмэл хэрэглэгддэг найдвартай ажиллагаатай, хяналтын горимыг нь хэрэглэгчийн хүсэлтэд нийцүүлж программчилж болдог нэг ёсны компьютер юм. Барилгын цахилгаан шат, замын гэрлэн дохио, алдарт Диснейландын хүүхдийн паркийн тоглоомны аюулгүй ажиллагааг хангаж хянахад ашиглагддаг эд гэвэл илүү ойлгомжтой болох байх.
Бид Ухаалаг-эко зуухныхаа галлагааны горимыг ийм төхөөрөмжөөр хянаж, автомат ажиллагааг нь хангасан тул дэлбэрэхгүй гэж хэлэх байна. Жишээ нь, зуухан дахь усны даралт 3 кг/см.кв-аас дээш өсвөл даралтын хамгаалагч нь онгойж зуухны даралтыг бууруулдаг. Бас усны температур тохируулснаас дээшээ өсвөл автомат ажиллагааныхаа горимоор өөрөө унтардаг байхаар тохируулсан. Хяналтын системд ашиглагдах өгөгдлүүдийг зууханд суурилуулсан даралтын ба усны температурын хяналтын хэмжүүрүүдээс авдаг шийдэлтэй. Дашрамд хэлэхэд зуухны бүтэц загварыг үйлдвэрлэгч компанийн монгол инженер залуу гаргаж, би өөрөө зуухны автомат хяналтын систем дээр нь ажилласан юм.
-Дэлбэрэхгүй, ажиллагааг нь чанартай хяналтын систем суурилуулж найдвартай шийджээ дээ?
Тийм. Манай зуухны автомат ажиллагааны хяналтад ашигласан PLC контроллер нь Эрдэнэтийн ГОК, Оюу толгойн уурхайн үйлдвэрлэлийн дамжлага дээр хэрэглэгддэг маш найдвартай систем гэвэл илүү их ойлгомжтой болох байх.
-Утаа гаргадаггүй зуух гэж сонссон. Үнэхээр ямар ч утаа гарахгүй гэж үү?
-Ямар ч утаа гаргахгүй. Барууны орнуудаас импортоор орж ирж зах зээл дээр зарагдаж байгаа зуухнууд дотор утаа багатай зуухнууд бас байдаг л даа. Гэхдээ манай Ухаалаг-Эко зуух тэднээс илүү бүрэн шаталттай гэж итгэлтэй хэлэх байна. Агаарыг урьдчилан 200°С-350°С халааж зуухны шатаах талбайд байгаа нүүрсийг бүрэн шатаах нөхцөлийг хангасан. Бүрэн шаталттай учраас агаарын бохирдол үүсгэхгүй.
-Нүүрс голох уу?
-Ухаалаг-Эко зуух утаагүйгээс гадна өөр нэг давуу тал нь бүх төрлийн нүүрс хэрэглэж болно. Гэхдээ автоматаар шахаж оруулах нүүрс нь 8-50 мм хэмжээтэй буталсан нүүрс байх шаардлагатай. Сүүлийн үед нүүрсний уурхайнууд автомат зууханд зориулан уурхайн аман дээр нүүрсээ буталж зардаг болсон байна лээ.
-Зуухыг ажиллуулахад хэр ажиллагаа шаардагдах бол?
-Манай зуух бүрэн автомат ажиллагаатай. Галлагааны горимыг дурын нөхцөлөөр нэг товчлуураар өөрчилж болно. Галлагааны горимд таарсан нүүрсийг гидравлик гидро цилиндрээр авоматаар шахаж оруулдаг шийдэлтэй юм. Шаардлагатай үйлчилгээ нь өдөрт нэг удаа үнсээ авах л ажил байна. Зуухнаас гаргаж авах дулааны хэмжээ, өөрөөр хэлбэл, зуухнаас гарч буй усны температураа автоматаар хянангаа, шахаж оруулах нүүрс ба агаарын хэмжээгээ автоматаар тохируулж ажилладаг. Иймд уламжлалт нам даралтын зууханд байдаг шиг олон ээлжийн галч ажиллах шаардлагагүй бөгөөд ажиллах хүчний хөлс хэмнэх давуу талтай. Утаагүйн дээр эдийн засгийн хэмнэлттэй зуух учраас зуухаа “Ухаалаг-Эко зуух” гэж нэрлэсэн.
-Зуухны үнэ ханш гаднаас орж ирж байгаа ижил төрлийн зуухнуудаас хэр ялгаатай вэ?
-Хянах самбарын “Мицубиши” брэндийн PLC бага зэрэг үнэтэй. Зууханд хэрэглэхэд хайран шахуу эд л дээ. Гэхдээ бид зуухныхаа галлагааны горимын программыг нь өөрөөр хэлбэл, баруунд бол хамгийн өртөг өндөртэй ажил байдаг ухаалаг хяналтын системийг нь Монголдоо бичиж, контроллероо ажиллуулж байгаа тул нийт өртөг нь зөвхөн бодит материалын зардлаар бодогдож үйлдвэрлэгдэж байна. Иймд, гадаадаас Монголд импортолж байгаа автомат ажиллагаатай зуухнаас хоёроос гурав дахин хямд үнэтэйгээр зах зээлд нийлүүлэх боломжтой.
-Бүрэн шаталттай болохоор үнс бага гарч таарах байх?
-Тийм ээ, хэрэглэж байгаа нүүрснээсээ шалтгаалаад үнс маш бага гарна. Саяхан бид мэргэжлийн хүмүүсээр шалгалт үнэлгээ хийлгүүлж, зуухаа бүрэн шаталттай агаарын бохирдол үүсгэхгүй байгааг баталгаажуулсан.
-Зуухныхаа эх загварыг хэрхэн шийдсэн бэ?
-Бид Ухаалаг-Эко зуухаа 4.5 мм-ийн зузаантай сайн чанарын лист төмрөөр хийж байна. Одоо Монголд зарагдаж байгаа зуухнуудаас илүү зузаан төмрөөр хийхийг зорьсон. Хийц загварын хувьд ижил төрлийн зуухнуудтай харьцуулахад Монголын нөхцөлд таарсан шийдлүүдийг олныг оруулсан загвар болж чадсан. Ашиглалтын зардал багатай. Зуухны ширмийг жилд нэг удаа солино. Импортын ижил төрлийн зуухтай харьцуулахад Монголд үйлдвэрлэж байгаагийн бас нэг давуу тал нь энэ мэт хэрэглэгчдэд дөхөмтэй үйлчилгээ байх юм.
-Та нарын бүтээсэн нам даралтын зуух багадаа хэчнээн метр кв талбайг халаах хүчин чадалтай вэ?
– 60 квт-ын хүчин чадалтай бага оврын Ухаалаг-Эко зуухаар 500 метр квадрат орчим талбайг халаана. Хэрэглэгчийн захиалгаар 60квт,100квт,120квт,160 квт гэм мэт хүчин чадалтайгаар үйлдвэрлэнэ. Том талбайтай обьект халаах шаардлагатай бол 2х60 квт, 2х100квт,4х160квт гэх мэтээр маш найдвартайгаар хосолж ажиллах зориулалттайг ч үйлдвэрлэж болно. Жишээ нь, сумын төвийн цэцэрлэг, сургууль, захиргааны байр зэрэг талбайн хэмжээнэс хамаараад дурын хүчин чадалтайг нийлүүлэх боломжтой юм.
-Амины орон сууцанд ашиглаж болох уу?
-Амины орон сууцны талбайд тааруулсан дурын хүчин чадалтайг нийлүүлж болно. Манай зуух бүрэн автомат ажиллагаатайн дээр, хямд төсөр тул амины орон сууцанд хамгийн их тохиромжтой. PLC хяналтын компьютерийг нь гар утастай холбоод өгөгдлийг нь авч зуухаа зайнаас хянах бас боломжтой. Дашрамд хэлэхэд бид зуухаа “Ухаалаг-Эко зуух” гэж нэрлэсэн нь ийм учиртай юм.
-Нам даралтын зуухаа гар утаснаасаа хянаад байх боломжтой гэсэн үг үү?
-Тийм бүрэн боломжтой. Одоогоор ийм шийдлийг хийгээгүй байна. Хэрэв зайнаас хянадаг зуухыг хэрэглэгч өөрөө хүсвэл бага зэрэг илүү өртөгтэйгөөр хийж өгөх боломжтой.
-Гэр хорооллын утаа гэж айхавтар асуудал байна. Үүнийг танай зуухаар шийдэх боломж байгаа болов уу?
-Бид зуухаа дурын хүчин чадлаар хэчнээн ч айлд тохируулж хийх боломжтой. Жишээлбэл, гэр хорооллын гудамж бүрт нэгийг суурилуулж, тэр гудамжны айлуудын дулааныг утаагүйгээр шийдэж болно. Хэрэв тэгсэн тохиолдолд тухайн гудамжинд бие даасан төсөрхөн дулааны шугам тавьж дэд бүтцийг нь бий болгох шаардлагатай. Гэхдээ энэ нь маш том нүсэр бүтэцтэй төвийн дулааны шугамыг гэр хороололд авчрахаас хамаагүй хямд шийдэл байх нь ойлгомжтой. Гудамжиндаа нэгдсэн зуух тавиулсан айлууд нийлээд түлэх нүүрсээ авч зуухаа галлаад явбал утаагүй, тохитой, дулаахан амьдрах боломжтой болно.
-Та ер нь яагаад Монголдоо ирж зуух хийх болсон юм бэ? Харвардын их сургуульдаа багшлаад байж байсан эмэгтэй Монголдоо ирээд зуух хийлцсэн гэхээр маш сонирхолтой байна л даа?
Хүмүүс надаас яагаад Монголдоо буцаж ирсэн юм бэ гэж их асуудаг. Үнэхээр хааяа би өөрөө ч яагаад Монголдоо ирсэн юм бол оо гэж бодох үе байдаг л даа (инээв). Тухайн үед хүүхэд маань зургаан нас хүрч сургуульд орох болсон байсан. Би хүүхдээ анхны “А” үсгээ монгол багшаар заалгаасай, монгол эх хэлээ юун түрүүнд эзэмшээсэй гэж хүссэн. Хэчнээн гадаад хэлийг төгс эзэмшсэн байсан ч хэл бол зөвхөн харилцааны хэрэглүүр төдий зүйл биш, тухайн хүн өөрийгөө монгол хүн гэж тодорхойлох хамгийн чухал зүйл гэж боддог. Тийм ч учраас охиноо монгол хэлээр ертөнцтэй танилцаж том болоосой гэж бодоод ирэхээр шийдэж байсан.
Зуухны тухайд бол, анх Монголдоо ирэхэд хүүхдээ гадаа өвөл салхилуулахдаа утааны зовлонг биеэрээ мэдэрсэн л дээ. Тэгээд гадаадын өндөр хөгжилтэй орнууд Монгол шиг хүн амын төвлөрөл ихэссэн, хотын хөгжлийн үедээ утааны асуудлаа яаж шийдэж байсныг судалж эхэлсэн. Мөн утаа бага гаргадаг импортын зуухнууд байдаг ч их үнэтэй учраас манайхан тийм зуух хэрэглэдэг болтол ДНБ дор хаяж одоогийнхоос даруй гурав дахин их болох шаардлагатайг ч ойлгосон. Гэхдээ тэгээд хүлээгээд баймааргүй байсан. Тэгээд монголчууд авч чадахуйц өртөгтэйгөөр бүрэн шаталттай, найдвартай ажиллагаатай, чанартай зуухыг дотооддоо үйлдвэрлэхээр ажилласан. Автомат хяналтын систем суурилуулах тухайд бол мэргэжил маань учир шийдэл олоход тийм ч хэцүү байгаагүй.
Эх сурвалж: Өдрийн сонин