Урин дулаан зуны цаг айсуй. Цэцэг ногоо дэлгэрсэн, хүүхдүүд багачууд нь баясаж наадсан зуны улирал эрхгүй сайхан. Гэтэл урин цагтай уралдаж бидний мэддэг мөртөө тэр бүр анхаарал хандуулдаггүй нэг зүйл бол хөрсний бохирдлын асуудал байдаг. “Хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин нэмэгдлээ”, “Цэвэрлэх байгууламжийн лаг хөрсийг бохирдуулж байна” гэх мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гараад удаж буй. Үүний тулд хөрс чухам юунаас болж бохирдоод байгаа талаар судлаад үзье.
Хөрсний бохирдол гэж юуг хэлэх вэ?
Хүний буруутай үйл ажиллаганааас үүдэлтэй хатуу шингэн хог хаягдал, үйлдвэрийн химийн хортой нэгдлүүд агуулсан хаягдлыг ил задгай хаяснаас хөрсөнд агуулагдах ашигтай хэвийн организмууд мөхөж, хөрс өөрийгөө цэвэршүүлэх чадвар алдагдаж хөрсний бохирдол үүсдэг.
Хөрсийг чухам юу бохирдуулдаг вэ?
- Хөдөө аж ахуй, газар тариаланд ашигладаг бордоо, шавьж мэрэгч устгагчид
- Үйлдвэрийн гаралтай хатуу, шингэн хог хаягдал
- Ахуйн гаралтай хатуу, шингэн хог хаягдал /үнс, бохир ус, хүн амьтны ялгадас, малын сэг зэм, цаас, элэгдэж хуучирсан эд зүйлс
- Тээврийн хэрэгслээс ялгарах хорт бодисууд гэх мэт
Нийслэлийн хэмжээнд хөрсийг хамгийн ихээр бохирдуулж, хорт бодис ялгаруулдаг олон үйлдвэр, компани байдаг. Тухайлбал, тоосгоны 20, хайрганы 32, арьс шир боловсрулах 76, авто машин засварын газар/дугуй засвар, тосны худалдаа, сэлбэг худалдааны 335, асфальтан үйлдвэр 4,шатахуун түгээх газрууд гээд үйл ажиллагаа явуулж байгаагаас нь үүдээд хотын хөрсний бохирдол сүүлийн жилүүдэд нэмэгдсээр буй.
Улаанбаатарт азот, цианит натри, хлор, бром зэрэг хүнд хортой элементүүд орон зайн хувьд хэлбэлзэлтэй байдаг аж. Гагцхүү ингэж тархсан нь хөрсний бохирдлын хүрээг тэлэх гол зүйл болдог байна. Тээврийн хэрэгслийн утаанаас үүдэлтэй бохирдол үүсгэгч нь нийслэл хотын хэмжээнд 43.7 микрограмм байдаг бөгөөд Судалт төв, Да хүрээ зах, Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэг орчим зарим газраар 3-4 дахин их байгаа юм. Хотын хөрсөн бүрхэвч маш хүчтэй элэгдэл эвдрэлд орсон, ургамал бүрхэвч талхлагдсан, хог хаягдал их хэмжээгээр хуримтлагдсан байна. Мөн хөнгөн болон цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл төвлөрсөн, бага оврын уурын зуух ба ердийн галлагаат зуух, автомашины тоо эрс нэмэгдэж байгаа зэрэг нь хотын хөрсний бохирдлын гол эх үүсвэр болж байна.
Басхүү гэр хорооллын айлууд жорлонгоо хаа хамаагүй газарт ухах, угаадсаа асгах зэрэг нь хөрсийг дахиж сэргээгдэхгүй болтол нь бохирдуулдаг. Энэ нь байгаль эх болон хүний эрүүл мэндэд маш ноцтойгоор нөлөөлдөг юм. Тухайлбал, бохирдсон хөрс шороон дээр хүүхдүүд тоглож, бохирдсон хөрсний усыг унд ахуйн хэрэгцээнд хэрэглэж, ийм хөрсөнд ургасан жимс, хүнсний ногоог хүнсэндээ хэрэглэх зэргээр олон халдварт өвчнийг тусах эрсдэлтэй болдог.
Хөрсний бохирдлоос хамаарч 60 гаруй төрлийн халдварт өвчин үүсдэг
Бохир хөрс нь өвчин үүсгэгч нян, халдвар дамжуулагч хачиг, нохой бөөс, бясаа, шумуул, ялаа үржих таатай орчин болдог аж. Ийнхүү хөрсний бохирдлоос эвгүй үнэр гарч индол, хүхэрт ус төрөгч, метан зэрэг хорт хий ялгарч агаарыг бохирдуулдаг байна. Үүнээс үүдэн хүмүүс гэдэсний халдварт өвчин /цусан суулга,халдварт шар, блнад, урвах тахал/, малаас хүнд дамжин халддаг халдварт өвчин /боом, бруцеллёз/, мэрэгч амьтдаас хүнд халддаг өвчнүүд /тарваган тахал, галзуу/, шимэгч хорхойн халдварууд /хүүхдийн хялгасан хорхой, цагаан хорхойтох, туузан хорхой, хүний хүж хорхой/, тоосны халдварт өвчин / сүрьеэ, амьсгалын замын өвчин/-өөр тус тус өвчилдөг байна.
Мөн бохирлогдсон хөрсөнд балнад түүний нян 400 хоног орчим, цусан суулгын нян 1 жил хүртэл, шимэгчид 1-2 жил, хялгасан хорхойн өндөг 6-10 жил амьдрах чадвартай байдаг аж.
Хөрсний бохирдлоос сэргийлэхийн тулд хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй
Хөрсний бохирдлоос сэргийлж хүмүүс бид дараах арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай. Тухайлбал, ус, агаарын бохирдлыг бууруулах, эрүүл ахуйн шаардлага хангасан нийтийн бие засах газрын тоог олшруулах, хогийг ил задгай хаюулахгүйн тулд хог хаях цэг, зориулалтын хогийн савыг хүртээмжтэй, хэрэгцээтэй газар нь зөв байршуулах, ойр орчмын хог хаягдлыг тодорхой давтамжтайгаар цэвэрлэж занших, ил задгай бие засахгүй байх, гудамж, зам тайлбайд нус цэрээ хаяхгүй байх, амьдарч байгаа орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж, хөрсийг бохирдуулахгүй байх зэргээр хүн бүр өөрсдийн сэтгэл, зүрхээрээ байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах хэрэгтэй юм.