Зохистой хоололт гэдэг нь…
Зөв зохистой, чанартай сайн хооллох нь эрүүл амьдрахын бас нэг чухал үндэс. Эрүүл хооллох гэдэг нь олон төрлийн илчлэг сайтай хоол, хүнсний зүйлийг зохистой хэмжээгээр зөв тохируулан хэрэглэх явдал юм. Хоол идэх зуршлаа нэг өдөр өөрчлөх гэж бодсоны хэрэггүй. Аажмаар бага, багаар олон төрлийн хоолыг хэрэглэх дадал зуршилтай болох нь хялбар байдаг.
Хоол хүнсээ тохируулж хэрэглэх ерөнхий дүрэм:
- Өдрийн хоолны ихэнх хэсгийг хүнсний ногоо байхаар тохируулж хоолло.
- Тогтмол жимс хэрэглэ. /өдөрт нэг алим, нэг гадил идэж, нэг аяга жимсний шүүс уу/
- Будаа их ид
- Өөхгүй хар мах хэрэглэ. Тосонд шарж, хуурсан мах хэрэглэхийн оронд ил гал дээр болон төмөр сараалж дээр шарсан болон жигнэсэн мах хэрэглэ
- Илчлэг багатай сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэ /хөөрүүлсэн сүү, тараг, тослог багатай бяслаг/
- Загасыг наад зах нь долоо хоногт нэг удаа хэрэглэ
- Илчлэг ихтэй, чихэрлэг гурилан бүтээгдэхүүн, түргэн хоол, төрөл бүрийн амттан, ундаа, торт, жигнэмэг, шоколад зэрэг хүнсний зүйл бага хэрэглэ
- Амьтны гаралтай тос бага хэрэглэж цөцгийн тосны оронд маргарин, ургамлын тосыг бага хэмжээгээр хэрэглэ
- Түлэгдтэл нь шарсан, хайрсан хоолны зүйлс хэрэглэхгүй аль болох жигнэж, буцалгаж хэрэглээрэй
- Өөх, давс, сахарыг бага хэрэглэ
- Буцалсан ус их уу
Ходоодны шархыг анагаахад тустай ардын уламжлалт аргууд:
Хоолны хордлогоор байнга өвддөг, ходоодны өнгөр нь алга болж, үрэвсэлтэй болсон хүн хятад шинэ байцааг сүүдэр газар хатааж нүдээд аяга буцалсан усанд цайны халбагаар нэг хийж таглан, 5 минут хандлаад өлөн элгэн дээрээ ууна. Өдөрт 3 удаа хоол идэхээс өмнө уувал үр дүнтэй.
Ходоод муутай хүн өглөө өлөн элгээрээ 1-2 түүхий өндөг уух хэрэгтэй. Гэхдээ өндгийг орой сайтар угаагаад хөргөлгүй байлгавал зохистой. Өндөг уусны дараа 30 минутаас доошгүй хэвтэнэ. Ийнхүү нэг сар өндөг уугаад дараагийн сард зөгийн цэвэр балыг хоолны халбагаар өглөө бүр өлөн элгэн дээрээ ууна. Хэрвээ ходоод тань ихэд муудсан бол бүтэн жил эмчилгээ хийхдээ дунд нь нэг сар амарч хавар, намар хоёрт эмчилгээ хийвэл зүгээр.
Ходоодны архаг өвчнийг анагаахад хамгийн үр нөлөөтэй арга бол хоолны нэг халбаганаас илүүгүй ургамлын тосыг амандаа балгаж дараа нь мөсөн чихэр юм уу гаатай чихэр хөхөж байгаа юм шиг хөхнө. Залгиж хэрхэвч болохгүй, энэ эмчилгээг 10-20 удаа хийхэд тос өтгөн байснаа шингэн болно. Ингэсний дараа тосоо нулимж хаяад амаа зайлна. Тос нь хамаг биеийн хорыг өөртөө шингээсэн байдаг. Эмчилгээг өглөөд нэг удаа өлөн элгэн дээрээ буюу орой унтахын өмнө хийвэл дээр.