Нөөц нь дууссан ордын нууц луйвар

 “Хөдөө тал минь малаар дүүрэн, хөрсөн дороо эр­дэнээр баялаг” хэ­мээн дуул­саар ирсэн монголчууд ХХI зууны эхэнд “Эрдэнэт үйлдвэр өртэй байна, ил­гээлтийн эзэд нь ч дуусч байна”  хэмээн гунигт дуу аялах болов.

Саяхан л алт, зэс, нүүрс, төмрийн  хүд­рийн дуусашгүй  их нөөц байхад алзах­гүй ээ  хэ­мээн ханхалзаж суу­сан монголчуудын  гол худалдан  авагч БНХАУ биднээс нүүр бууруулж ма­най нүүрс, төм­рийн хүдрийн  үнэ  өдрөөс өдөрт шалчийлтлаа унасаар байна.

Өнөөдөр монголын уул уурхайн салбарт “хорт хавдар” шиг бугшаад байгаа ч олон нийт төдийлөн сайн  анзаардаггүй, мэддэггүй, тэгсэн хэрнээ нийт ард түмний өмчийг хэд­хэн эрх мэдэлтэн, мэдээлэл сай­тай хүмүүс хуйвалдан хулгайлах замаар  дэлхий даахгүй болтол бая­жих  гол эх сурвалжуудын нэг нь  нөөц нь дуусах яагаа ч үгүй асар их баялагтай орд газруудын нөөцийг  дууссан, эсвэл ямар ч нөөцгүй гэх хуурамч  баримт бүрдүүлэн хувийн компани, гадаадын иргэдэд зарж борлуулан асар их ашиг олж  байгаа  ноцтой гэмт үйлдэл юм. Товчхондоо нөөц нь дууссан ордын нууц луйврын түүх ингэж эхэлжээ.

Оюутолгой, Тавантолгойн уур­хай­нууд үүцээ дэлгэн, га­даадынхныг дал­­лаж, ха­рийнхан манай байгалийн баялагт хөл алдан хошуурч байсан цаг саяхан. Тэр үеэс л төр засгийн өндөрлөгүүд ашигт малтмал олбор­лолтын хажуугаар байгаль орчны бохирдол, нөхөн сэргээлт гэ­дэг асуудлыг байнга ярьж, хоёр чихнээс нь “хонх” зүүгээд эхэлсэн.

Гэхдээ  ма­най  дарга  нар    асууд­лын­хаа  гол учрыг олох нь байтугай  дө­мөгхөн тө­сөөлөлгүй байс­наас  мон­голын эдийн за­саг, санхүүд ноцтой хүнд­рэл үүсгэх эх­ний бэрх­шээлүүд тулгарч эхэл­лээ. Социализмын үед улсын хөрөн­гөөр геологи, хай­­гуулын ажил хийж, нөө­цийг нь тогтоосон  ашигт малт­малын ордуудыг эзэм­шиж бай­гаа төрийн өмчит компаниудын удирд­лагууд үг­сэн хуйвалдаж,  нөөц нь дуу­саагүй орд газруудад нө­­­хөн сэргээлт явуулах нэ­рээр ихээхэн хэм­жээний алт, зэс, жонш, нүүрсний ор­­­дуу­­дыг нуун дараг­дуулдаг жинхэнэ  мафийн үйл ажил­лагаа  сүүлийн үед газар авч байна.

Хувийн хэвшлийнхэн  ч тэднээс дутахгүй гэсэн шиг  Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийнхөнтэй үгсэн хуй­­­­вал­дах замаар улсын өмчийг хэдэн зуун тэрбумаар нь үнэгүй­дүүлж, асуу­дал намж­саны дараа хул­гайн ар­гаар  ухаж авдаг энэ луйв­рын сүлжээ хам­гийн сүүлд “Хад­галамж” банкийг зал­гисан “Олон овоот”-ын орд дээр илрээд байгаа.

“Хоёр чихнээс өөр юмгүй  үлд­сэн” хэмээн  уйлан дуу­га­раад бай­сан “Жаст”-ын Ш.Батхүүгийн 2009 онд өөрийн болгосон “Олон овоот”-ын бүлэг ордын 16 ли­цен­­зэд хамаарах талбайн  ердөө гурваас нь асар их хэмжээний баялаг илрээд байгаа нь дээрх булхай луйв­рыг нот­лох хамгийн эхний ба­талгаа мөн. Гуравхан жил өрөмдлөг хийсний үр дүнд Ш.Батхүү дээрх гурван тал­байн нэгнээс нь 7 сая тонны нөөцтэй жоншны, нөгөө тал­­байгаас нь 5 сая тонны нөөц­тэй шохойн чулууны, ха­рин гурав дахь талбайгаас нь  4.8 тонн алтны нөөц ил­рүүлжээ.

Ингэхээр “Олон овоот”-ын 16 лицензтэй талбайнхаа дөнгөж гурваас нь ийм хэмжээний баялаг илрүүлээд байгаа “Жаст”-ын Ш.Батхүү “хоёр чих”-нээсээ гадна асар их баялаг дээр сандайлж суугаа нэгэн болж таарч байна.  Ийм л  луйварчид улсын хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон уул уурхайн асар их баялагтай орд газруудыг  улстөр, бизнесийн бүлэглэлүүдтэй үгсэн хуйвалдах замаар  хуваан авч, ард түмний өмчийг хулгайлан завшдаг  улаан цайм дээрэм, тонуул өнөөдөр монголд галзуурч байна.

Улстөр, бизнесийн бүлэг­лэлүү­дийн  ард найдвартай зогсож, асар их баялагтай уул уурхайн орд газруудын нөөцийг хуурамчаар тогтоох, газрын гүнд оршсоор байгаа үнэт металиудын нөөцийг дууссан гэж хуурамч дүгнэлт үйлдэж байгаа эрх бүхий байгууллага нь Монгол Улсын хэмжээнд  Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөл гэдэг цорын ганц монополь эрхтэй байгууллага болоод байна.

Социализмын үеэс эхтэй энэ байгууллага өнөөдөр ч хувийн хэвшлийнхний  хийсэн геологи хай­гуулын ажлыг хүлээн авч батал­гаажуулан тэдний өмнөөс хуулийн хариуцлага хүлээх үүрэг хүлээсээр байгаа нь  авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг үүсэх үндсэн шалтгаан болсоор байгаа юм. Үүний хамгийн тодорхой баримт нь Эрдэс баялагийн  мэргэжлийн зөвлөлийн удирдлагууд албан ту­шаалаа урвуулан ашиглаж, улсын хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон 18 ордын лицензийг хууль бусаар хувьдаа завшсан хэр­гээр АТГ-т шалгуулж байсныг дурдахад л хангалттай.

Австралийн   эрдэмтэд  мон­голын хаагдсан уур­хайнуудад судалгаа хийхэд ер­дөө 25 хувь нь л нөөцөө ашиглаж дууссан байсан бөгөөд, ихэнх нь өөр ямар нэгэн шалтгаанаар хаагд­сан нь тогтоогджээ. Тэгэхээр өнөөд­рийн уурхайн хаалт гэдэг бол хөдөл­гөөнгүй зүйл биш бөгөөд то­дорхой нөхцөл  буюу хулгайлан ухаж авч болох боломж бүрдсэний дараагаар үлдсэн 75 хувьд нь дахин олборлолт явуулдаг практик тогтжээ.

Социализмын үеэс эхтэй улсын төсвийн хөрөнгөөр геологи хай­гуулын ажил хийж нөөц нь тогтоогдсон уул уурхайн асар их баялагтай орд газруудын нөөцийг дууссан, эсвэл ямар ч баялаггүй  “хоосон” талбай хэмээн цохолт хийж, улсад хэдэн зуун тэрбумын хохирол учруулах  гэмт хэргийг хамгийн сайн хэрэгжүүлсэн эрхэм бол Эрдэс баялгийн мэр­гэж­­­лийн зөвлөлийн орлогч дарга асан М.Ариунбаяр хэмээх нөхөр юм. Тэрээр 2000-2008 онд Монгол-Оросын  төрийн өмчит “Монгол­росц­ветмет”  нэгдлийн  ерөн­хий  геологичоор  ажиллаж байх­­даа ашиг­­лалтын лицензийн наймааг ёс­той л “баруун, солгойгүй” хийсэн гэх юм билээ.

Улсын хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон асар их бая­лагтай ордуудыг “хоосон” гэж тодорхойлолт гарган  цааш нь асар их үнээр зардаг мөртлөө өчүүхэн нөөцтэй ордыг “Монголросцветмет” нэгдэлд ашиглалтын лицензээр “шахдаг” байж. Түүний үйлдсэн олон гэмт үйлдлээс хууль хя­налтынханд ил болсон гуравхан хэргийг дэлгэе.

Баримт 1.

“Монголросцветмет нэгдэл” ХК Дорноговь аймгийн Айраг сумын нутаг “Дай-Уул” жоншны орд газарт нийт 190 га талбайг эзэмшдэг байж. Гэтэл М.Ариунбаяр энэ талбайг 2001 оны дөрөвдүгээр сарын 21-нд ашиглалтын лицензтэй талбай болгохдоо 190 га талбайг 59 га болгон бууруулж, уг 59 га талбайг “Монголросцветмет нэгдэл” ХК-д авсан байна. Үлдсэн хэсэг талбай буюу хамгийн их нөөц тогтоогдсон талбайг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тайшиншин Юан” компанид худалдсан бусармаг “түүх”-ийн бодит баримт устаж арилсангүй.

Баримт 2.

Хэнтий аймгийн Бор-Өндөрийн Баргилт гэх газарт улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн тал­байгаас хамгийн их нөөцтэйг нь мөн л төрсөн ах М.Ариунболдын эхнэр Т.Мөнхцэцэгийн “Голдензүен интер­нэшнл” компанийн нэр дээр хайгуулын лицензтэй талбай бол­го­сон байна. Үүнийхээ дараа БНХАУ-ын  хөрөнгө  оруулалттай “Тунсинь” компанид бэлэглэлийн гэрээгээр уг талбайг шилжүүлжээ. Өнгөн дээрээ бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн мэт харагдахаар ба­римт бичиг бүрдүүлсэн ч асар их мөнгө авсныг нь мэдэх гэрч үлдсэн нь яамай. Тэрхүү талбайн ашигт малтмалыг “Тунсинь” компани ухаж, олборлоод зогсохгүй “Монгол­­­росцветмет нэгдэл” ХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбай руу ч орчихжээ. Харалган төрийн ха­­раагүй бодлого гэдэг л энэ байх.

Гадны хөрөнгө оруулалттай хувийн компани Монгол төрийн өмчит талбайгаас олборлолт хийж буй энэ хэрэг явдлыг Улсын мөрдөн байцаах газар, Хэнтий аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад тодорхойгүй шалтгаанаар иргэний журмаар шийдвэрлэх ёстой гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Иймэрхүү асуудлыг өлхөн шийд­­вэрлэх хө­рөнгө мөнгийг М.Ариунбаяр өчнөөн л хураагаа байл­гүй дээ, бодвол…

Баримт 3.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг Өндөрцагаан гэдэг газарт улсын төсвийн болон төрийн өмчит “Монголросцветмет нэгдэл” ХК-ийн хөрөнгөөр буюу 427 сая төгрөгийн  өртгөөр 13 мянга орчим га талбайд  хайгуул хийжээ. Хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон талбайн хамгийн их нөөц тогтоогдсон 249 га талбайг М.Ариунбаяр эхлээд өөрийнхөө нэр дээр хайгуулын лицензтэй талбай болгож аваад, дараа нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Кю Жи Экс Монгол” ХХК-д 300 сая төгрөгөөр зарсан баримт бий. Дээрх баримтууд дээр үндэслэн М.Ариунбаярт холбоотой хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгажээ. Гэвч Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан үндэслэлээр хаасан сурагтай.

Хаана, ямар хүний үзэгний үзүүрээр ийм их хэмжээний мөнгө­тэй холбоотой эл хэрэг хаагдсан нь удахгүй тодорхой болно гэж найдах л үлдэж байна. Нөөц их­тэй томоохон ордыг хаана гэ­дэг нь урт хугацаа шаардах ажил. Тэгэхээр уурхайг хаатал юу хийл­гэх вэ гэдгээ бид тодорхой болгох ёстой.

Одоо ашиглагдаж байгаа гү­ний уурхайнуудыг эргээд нө­хөн сэргээх нь эдийн засгийн хувьд маш хүнд учраас эхнээс нь төлөв­лөгөөтэй хөдлөхгүй бол 30-40 жилийн дараа буух эзэнгүй, буцах хаяггүй баахан хоосон нүх, чулуун овоотой сууж байх нь тодорхой.

Хажуугаар нь улсын асар үнэтэй уул уурхайн баялагт хууль бусаар эзэн суухаар санаархагчдад төрийн төмөр нударгыг хатуухан үзүүлж, даварсан үйлдэл бүрийг нь тас цохиж байх нь шударга ёсонд нийцнэ.

images (1)

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …