Өмнөговь аймгийн МАН-ын дарга Н.Наранбаатартай ярилцлаа.
-Сайн байна уу? Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Нанзадын Наранбаатар гэдэг. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1974 онд төрсөн. Эхээс зургуулаа. Айлын том. Манай ээж аймгийн Ус, цаг уурын газарт насаараа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Аав маань тээврийн жолооч хүн байсан.
Миний бага нас бусдын л адил, гэр хорооллын хүүхдүүд яаж өсдөг билээ. Усаа зөөнө, түлээгээ хагална, дүү нараа хичээл сургуульд нь зөөнө. Аав, ээжийг эзгүй үед нь гэрээ сахих, дүү нараа асарч, хоол ундыг нь хийж өгнө.
Зуны амралтаараа хөдөө эмээ, өвөөгийндөө очиж хурга, ишиг хариулна. Ингэж л миний хүүхэд нас өнгөрсөн. Математик, геометр, физикийн хичээлд илүү сонирхолтой. Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгссөн. Тухайн үед манай анги 13 хүүхэдтэй, бүгд их дээд сургуульд орж, өндөр боловсрол эзэмшицгээсэн. О.Чинзориг багшийн ач буянаар манай ангийнхан эзэмшсэн мэргэжлдээ эзэн нь болоод салбар салбартаа манлайлан ажиллаж, амьдарч байна. Миний хувьд дунд сургуулиа төгсөөд Цэргийн Их сургууль буюу одоогийн Батлан хамгаалахын Их сургуульд 1992 онд элсэн орсон.
-Яагаад Цэргийн Их Сургуулийг сонгон суралцсан юм бол?
-Тухайн үед зах зээлийн нийгэм рүү шилжсэн ороо бусгаа шилжилтийн хүнд үе байсан л даа. Амьдралын боломж тааруу, олон хүүхэд тэжээж байгаа аав, ээждээ дараа болохгүй, тэгээд ч төлбөргүй гэдэг утгаар нь Цэргийн Их Сургуульд элсэн орсон. Гэлээ гээд би Цэргийн сургуульд орсноороо бахархадаг. Хүнийг тэсвэр хатуужилтай болгохоос гадна шулуун шударга зарчимч занд сургадаг. Олон аавын хүүдүүдтэй мөр зэрэгцэн сурч хүмүүжинэ гэдэг сайхан хэрэг. Манай ангиас бригадын генерал цолтон ч төрсөн бий. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт бид хоёр Цэргийн сургуульд хамт суралцаж байсан, нэг ангийн нөхдүүд
-Таныг Цэргийн Сургуулиа онц төгсөж сургуульдаа багшаар үлдэж байсан гэж сонссон л доо?
-Тиймээ. Сургуульдаа багшаар үлдсэн. 1996 онд би ахлах дэслэгч цолтойгоор сургуулиа төгсөж мөн дараа жил нь буюу 1997 оны Цэргийн баяраар ахмад цол авч байсан.
-Сургуулиа дөнгөж төгссөн залуу боловсон хүчин яагаад ахмад цол авав?
-Цэргийн Их Сургуулийн багшийн цол нь ахмадаас эхэлдэг болохоор нэгэнт багш болсон учраас нэг жил ажиллаад 23 насандаа ахмад цол авч байсан юм.
Тухайн үеийн сонин, сэтгүүлээр Монголын хамгийн залуу ахмад цолтон гэх мэдээлэл гарч байсан.
Сургуульдаа 1998 он хүртэл эдийн засгийн онол хичээлийг заасан. Тухайн үед цэргийн байгууллагуудын цалин, хангамжийн асуудал тааруу байсан учир 1998 оноос багшлахаа больж энгийн болсон.
-Түүнээс хойш хаана ажилласан бэ?
-Тэгээд Төрийн өмчийн хороонд 1998 оноос 2002 он хүртэл программистаар ажилласан. Тухайн үед Төрийн өмчийн хорооны дарга нь УИХ-ын дарга З.Энхболд байсан.
-Эдийн засгийн чиглэлийн хүн яагаад программистаар ажиллах болов ?
Дунд сургуульд байхад О.Чинзориг багш маань математик, мэдээлэл зүйн хичээлийг заадаг байсан. Бид О.Чинзориг багшаас маш их зүйлийг сурч мэдсэн дээ. Тэгээд дараа нь Цэргийн их сургуульд сурч байхдаа өөрөө бие даан сурч мөн хичээлийнхээ хажуугаар БХЯ-ны Мэдээллийн хэлтэст программистаар дагалдан хийдэг байсан. Эдийн засгийн онолын багшаас илүүтэй энэ чиглэлд илүү сонирхолтой байсан л даа. Ингээд л программистаар шалгалт өгч тэнцээд Төрийн өмчийн хороонд ажилласан түүхтэй.
Тэнд ажиллаж байхдаа ажлын хэсэгт орж Монгол улсын төрийн өмчийн бүртгэлийн нэгдсэн баазыг монголд анх удаагаа байгуулж байсан.
Төрийн өмчийн хороонд ажиллаж байсны миний хамгийн том төсөл нь энэ байсан. Төрийн өмчийн хороонд ажилласан дөрвөн жил маш их зүйлийг сурч мэдсэн. Тэгээд Өмнөговь аймгийн тухайн үеийн Засаг дарга орон нутгийнхаа Татварын хэлтсийн даргаар ирж ажиллана уу гэдэг саналыг надад тавьж, үүний дагуу нутагтаа очиж 2002-2004 он хүртэл аймгийн Татварын хэлтсийн даргаар ажилласан .
-Нутаг орноосоо ажлын замналаа ийн эхлэж байж ээ?
Тиймээ. Дараа нь 2004 оноос аймгийнхаа ЗДТГ-ын даргаар таван жилийн турш ажилласан.
Ажилласан энэ хугацаанд хийсэн том ажлын нэг нь нүүрсний экпортыг эхлүүлсэн явдал юм.
2005-2009 онуудад Таван толгойн ТУЗ-ийн даргаар мөн ажилладаг байсан. Таван толгой ХК-ний 51 хувь нь аймгийнх учир орон нутгийн өмчит гэж явдаг. ТУЗ-ийн таван гишүүн нь орон нутгийнх, дөрвөн нь хувийн төлөөллийх, ТУЗ-ийн даргаар төрийн албан хаагч томилогддог учир ИТХ-ын шийдвэрээр би томилогдон ажиллаж байсан гэсэн үг л дээ.
-Та ЗДТГ-ын даргаар таван жилийн турш ажилласан энэ хугацаанд аймаг орон нутгаа 2020 он хүртэл бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрөөр хэрхэн хөгжүүлэх тухай баримт бичгийг боловсруулсан байдаг. Дээрх хугацаанд өөр юуг хийж бүтээв?
-Тийм ээ. Ингэхдээ Өмнөговь аймаг нь Монголын Говийн бүсийн хөгжлийн тулгуур бүс нутаг төдийгүй уул уурхайн хөгжлийн томоохон төв учир нутгийн зүүн бүс нь уул уурхайн томоохон бүсчлэл болон хөгжүүлэх, төвийн бүсийн тулгуур төв нь Даланзадгад хот байх бөгөөд тус хот бол Монголын Говийн бүсийн тулгуур төв хот байж нийгмийн суурь үйлчилгээний төв байхын зэрэгцээ соёлын болон оюуны томоохон төв болон хөгжих боломжтой. Төвийн бүс нь эдийн засгийн бүтцийн хувьд үйлдвэрлэл, аялал жуучлалын бүс болгохоор төлөвлөсөн. Баруун бүс нь уул уурхай ба мал аж ахуйн хослон хөгжүүлэх. Баруун бүсийн нутаг дэвсгэрийн хойд хэсэг нь байгалийн цогцолбор газар бөгөөд түүнийг дагасан аялал жуулчлал хөгжүүлнэ гэж үндсэн гурван бүсчлэлд хувааж төлөвлөсөн. Үүнээс гадна олон шинэлэг зүйлийг хийсэн.
Намайг Тавантолгойн ТУЗ-ийн дарга болохоос өмнө Тавантолгой дотооддоо л борлуулалт хийдэг, ашигтай ажиллаж чаддаггүй, жилдээ 50-60 мянган тонн нүүрс гаргадаг 60 гаруй ажилчинтай байсан гэж хэлж болно.
Тэгээд 2005 оноос нүүрсийг экспортоор гаргаж эхэлсэн. Ингэснээр ашиг орлого нь мэдэгдэхүйц нэмэгдэж хувьцааны ноогдол ашиг өгдөг болсноор Тавантолгойд хувьцаа байдгаа мартсан хүмүүс эргээд хувьцаагаа хайн олж эхэлсэн. Орлого нэмэгдэхийн хэрээр Тавантолгойн 51 хувьцааны ноогдол ашиг нь орон нутагт орж ирнэ. Мөн аймагт, улсад татвар, хураамж өндөр төлнө. 2006 оноос эхлээд жилд нэг сая түүнээс дээш тонн нүүрс борлуулдаг болсон. 2011 онд гэхэд жилд 3-5 сая тонн нүүрсийг борлуулдаг болсон. Энэ хэрээр улс орны болон орон нутгийн эдийн засагт асар эерэг нөлөөг авчирсан. Улсаас татаас авдаг байсан
Өмнөговь аймаг 2008 он гэхэд улсад өгдөг аймаг болж хувирсан.
Дэлхийн зах зээлд нүүрсийг гаргаснаар Өмнөговь аймгийн бүтээн байгуулалтын олон ажлууд эндээс бий болсон гэж тодотгож болно. Ийн ашигтай ажиллаж эхэлснээр өөрийн болон хөрш зэргэлдээ аймгуудад хэрэгцээний нүүрсийг нь хямдруулж өгдөг болов. Уурхайг тойроод ажлын байр олноор нэмэгдэж цаашлаад ханган нийлүүлтийн компаниуд хөл дээрээ босч иргэдийн амьдрал илт сайжирсан. Уул уурхайг зөв менежментээр явуулбал гарах үр дүн нь ямар байдгийг дээрх жишээнүүд тодоор харуулсан. Мөн тухайн үед Оюутолгойн үйл ажиллагаа дөнгөж эхэлж байсан ч гэлээ Оюутолгой компанитай хамтраад нийгмийн салбар руу нэлээдгүй хөрөнгө оруулалтуудыг хийлгэж байсан.
-Тухайлбал?
-Аймгийнхаа бүх сумдад эмч нарын орон сууцыг бариулсан. Мөн эмчийн дутагдалтай байгаа сумдуудад Оюутолгойн тэтгэлэгээр гаднаас чадварлаг эмч нарыг авч ажиллуулсан. Түүнчлэн хэдий сурлага сайтай ч төлбөрийн асуудлаас болж сурч чаддаггүй оюутнуудыг Оюутолгойн тэтгэлэгт хөтөлбөрт 100 хувь хамруулж төгсөөд ирэхээр нь ажлын байраар хангаж байв. Дараа нь Хятад улстай хамтын ажиллагаа тогтоож үүний хүрээнд эмч нарыг уламжлалт анагаах ухааны чиглэлээр мөн багш нар, малчид, ногоочдыг туршлага судлуулахаар Баяннуур аймагт тус тус сургасан. Мөн аймагт Монгол хүүхдийн анги нээж, сурагчдыг хятад хэл сургахаар явуулж байсан. Энэ хүүхдүүд маань түрүүчээсээ хятад хэлний орчуулагч, багш болсон байна. Түүнчлэн Хятадаас Гашуун-сухайт боомтын барилгыг барьж өгсөн. Тэнд амьдарч ажиллах төрийн албан хаагчдын орон сууцыг барьсан. Мөн боомт руу тог татуулж гэрэл цахилгааны асуудлыг шийдэж өгсөн. Хамтын ажиллагааны хүрээнд Тавантолгойгоос Гашуун-сухайт хүртэл 260 км замыг сайжруулсан зам болгож засуулсан. Догогдолтой ажилладаг байсан ДЦС-д шинэ зуух бариулж байсан.
Мөн томоохон ажлын нэг болох Өмнөговь аймгаас өөр аль ч аймагт байхгүй хамгийн том Нутгийн Удирдлагын ордонг бэлгэнд бариулж байсан. Энэ барилга маань 2007 онд Монгол улсын шилдэг 10 барилгын нэгээр шалгарч байсан.
-2009 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа сургуульд суралцахаар болж ажлаа өгсөн байдаг. Ийн амжилттай ажиллаж байсан Н.Наранбаатар яагаад алс хол сурах болов?
-Мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж байх мөн гадаад хэл сурах шаардлагын улмаас АНУ-ын Калифорнийн Их Сургуульд уул уурхайн чиглэлээр гурван жил суралцахаар гэр бүлээрээ явсан нь тэр.
Гадаад сурч байгаа хүмүүсийн ихэнх нь тэндээ үлддэг. Миний хувьд сурч мэдсэн зүйлээ орон нутгийнхаа хөгжил дэвшилд оруулахыг хүссэн учраас буцаж ирсэн л дээ. Ирснийхээ дараа хэсэг хугацаанд хувийн байгууллагад ажиллаж Дорноговь аймгийн “Айл баян”-гийн уурхайн даргаар ажилласан. Сургууль төгссөнөөс хойш 13 жил тасралтгүй төрд ажилласан учраас хувийн хэвшил тэр дундаа уул уурхайн салбарт ажиллаж тэдний зовлон жаргалыг мэдэх, бизнесийн туршлага олж авах зорилготой гэж хэлж болно.
Нутаг орноо гэх сэтгэл үеийн үед надад байсан учир уурхайд ажилд хүн авахдаа ч гэсэн нутгийнхаа иргэдийг түлхүү авч ажиллуулдаг байсан.
Нэгдүгээрт Өмнөговь аймагт уул уурхайн салбар илүүтэй хөгжсөн учир дадлага, туршлагтай гэдэг үүднээс нөгөө талаас нутгаа гэсэн сэтгэл, Өмнөговь аймгийн нэг ч гэсэн хүн ажилтай орлоготой байвал нутагтаа оруулж байгаа миний бага ч гэсэн хувь нэмэр юм болов уу гэж ойлгодог.
-Өмнөговь аймгийн МАН-ын 32 дугаар бага хурлаар намын даргаар та сонгогдон ажиллаж эхэлсэн. Намын дарга болоод ажлаа юунаас эхлэв?
-Миний бие аймгийн намын бага хурлын төлөөлөгчдийн итгэл, дэмжлэгээр намын даргаар сонгогдсон. Манай намын бүлэг Өмнөговь аймагт хийж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудад хувь нэмрээ оруулсаар ирсэн. Нэг ч ажлыг эсэргүүцэж байгаагүй. Өнгөрсөн зургадугаар сард
МАН-аас ард түмнийхээ дуу хоолойг сонсож, мөрийн хөтөлбөр, бодлого чиглэлээ тодорхойлох зорилгоор эхлүүлсэн “Бид хамтдаа” аян 21 аймаг, 330 суманд хэрэгжсэн.
Тус аяны хүрээнд аймгийнхаа бүх сумдаар явж хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудад тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлон, санал хүсэлтээ нэгтгэсэн байгаа. Уулзалт хийгээд явж байхад хэдий бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа ч ард түмний амьдралд төдийлөн нөлөөлсөн тэдний амьдрал дээшилсэн, ажилтай орлоготой болсон юм алга байна. Уулзсан нийт төрийн албан хаагч нарын дийлэнх нь цалингийн зээлтэй байгаагаа учирлалаа. Мөн улс төрийн шахалт их, ажлаасаа хэзээ халагдчих бол гэсэн айдас дарамт их байдаг байна. Мөн иргэдтэй уулзахад ажилтай, орлоготой хүн тун цөөн байна. Сумын төвийн хувьд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тамгын газар, соёлын төв, дэлгүүр гэсэн энэ хэдэн байгууллагад л цөөн тооны хүн ажил хийж байна. Бусад нь хоногийн хоолоо яаж залгуулж байна уу гэхээр хөөгдөн туугдан “нинжа” хийж амьдарч байна. Ингэхдээ тэд олохоосоо олохгүй нь их. Малчдын амьдрал ч хүнд байна. Түүхийн эд, махны үнэ доогуур, мал малладаг хүн нь цөөхөн, залуучууд нь төв суурин газар руу нүүчихсэн. Настай хүмүүс нь л малаа дагадаг, гэтэл орлого байхгүй.
Төрийн байгууллагуудын хувьд төсөв нь хүрдэггүй. Түргэний машин нь дуудлаганд явъя гэхээр шатахуун түлш нь байхгүй, өвчтөнд өгөх эм хүрэхгүй. Багш, эмч нар нь мэдлэг боловсролоо дээшлүүлье гэхээр байгууллагаас нь өгөх дэмжлэг хомс.
Залуу боловсон хүчин тогтвортой ажиллахад төрөөс дэмжлэг бага, байр орон сууц олдохгүй. Ингэхлээр хөдөөд боловсон хүчний дутагдал бий болдог. Ингээд ирэхээр багш нар нь хүрэлцэхгүй учир хөрвөх байдлаар нэг багш 2-3 төрлийн хичээл заахаас өөр аргагүй. Энэ нь улмаар сургалтын чанарт нөлөөлж байна. Төгсөгчдийн ЭЕШ-ын дундаж онооны үзүүлэлтээс харвал улсын хэмжээнд манай аймаг сүүл барьдаг. Үүгээрээ би багш нарыг буруутгах гэсэнгүй. Тэнд байгаа тэр бодлогыг нь барьж байгаа боловсролын асуудлыг хариуцдаг дарга даамал, мэргэжилтнүүдийн л буруу гэж хэлэх гэсэн юм. Эрүүл мэндийн салбарт ч гэсэн эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн бухимдал их байна.
-Иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал олон байлгүй. Энэ бүхнийг багцлаад хэлбэл?
-Ажлын байрны асуудал хамгийн их байна. Нийтээрээ хямралд өртсөн. Нөгөө талаас аймгаас гарч байгаа бодлогууд яг иргэд рүүгээ чиглэгдэхгүй байна. Томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэн гэж Өмнөговьчууд ярих дуртай.
Улаанбаатар-Өмнөговийг холбосон энэ зам улсын төсөв, бондын мөнгөөр л хийгдсэн. Энэ нь эргээд л бидний нуруун дээр өр болж байна. Гэтэл өөрсдөө хийсэн юм шиг ярьж байна.
Ингэж хэлснээрээ би бүтээн байгуулалтыг үгүйсгэх гэсэнгүй. Хамгийн гол нь бүтээн байгуулалтын ард нуугдаад байгаа чанаргүй гүйцэтгэл, авлига, хээл хахууль, шударга бус явдлыг шүүмжилж байгаа юм. Уулзсан иргэд хүртэл энэ бүхнийг хэлж ярьж мөн хардаж байгаагаа хэллээ. Би нэг тоог харьцуулж хэлье.
Намайг ЗДТГ-ын даргаар ажиллаж байх 2006 онд аймгийн жилийн төсөв 4,2 тэрбум төгрөг 10 жилийн дараа буюу 2016 оны төсөв 103.4 тэрбум төгрөг. Энэ их мөнгө хаашаа оров, юунд зарцуулагдав.
Аймгийн төсөв нь 25 дахин ихэссэн байтал яагаад иргэдийн амьдрал нь төдий дахин дээшлэхгүй эсрэгээрээ дордчихов. Өнөөдөр иргэд нь ургамлын тосыг граммлаж, төмсийг ширхэгээр нь худалдаж авч байна ш дээ. Дэлгүүрт тэдний барьцаанд тавьсан иргэний үнэмлэх, гар утас улам олон болсоор. Аймагт мөнгө байхгүй биш харин ч бүр хангалттай байна. Чухам тэрийгээ буруу юм руу зарцуулаад байна. Баригдсан байгаа орон сууцнуудад орох чадвартай хүн алга. Хүн рүүгээ чиглэсэн ажил хийгээгүй байна гэж би үзэж байна.
-Таныхаар иргэн рүүгээ чиглэсэн бодлого барихын тулд яах ёстой байсан бэ?
-Ажлын байрыг нэмэгдүүлэх. Уул уурхайдаа түшиглэсэн үйлдвэрүүд барих ёстой байсан. Мөн аялал жуучлалаа дагасан үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх. Хувиараа хөдөлмөр эрхлэгч баялаг бүтээгчдээ дэмжсэнээр ажлын байрыг нэмэгдүүлэх бүрэн боломж байсан.
Ахмадаа халамжилсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжсэн, өрх гэр, хүүхдүүдийн боловсрол, эрүүл мэнд рүү нь чиглэсэн ажлуудад төсвийн мөнгийг түлхүү зарцуулаагүй байна.
Манай нам аймгийн ИТХ-д төлөөлөгчдөөрөө дамжуулан “нийгмийн салбараа орхигдуулсан байна аа” гээд асуудлыг хөндөн тавьсан хэдий ч бидний саналыг хүлээж аваагүй.
-Тухайлбал танай намын зүгээс ямар асуудлыг Иргэдийн хурлаар өргөн барьсан бэ?
Төрийн албан хаагч нарт өмнө нь олгодог байсан говийн нэмэгдлийг сэргээе гэдэг санал боловсруулаад ИТХ-д танилцуулсан боловч хүлээж авсангүй.
Тавантолгой ашигтай ажиллаж байгаагийн хувьд нөгөө талаас орон нутгийнх гэдэг утгаар өрх бүртээ хоёр тонн нүүрс үнэгүй өгье гэдэг санаачлагыг манай намаас гаргаад оруулсан боловч мөн л уналаа. Дараа нь эцэг эхчүүдийн амьдралд дэм болох болов уу гэдэг үүднээс Улаанбаатар хотод 500 оюутны хотхон барья. Ингэхдээ оюутнуудаасаа зөвхөн ашиглалтын зардлыг нь авдаг байя. Үүнд 2-3 тэрбум төгрөг л зарцуулагдахаар төлөвлөсөн боловч мөн л дэмжигдсэнгүй. Өмнөговь аймагт “Динозаврын парк” гээд барьж байгаа юм. Энэ парк нь 9 тэрбум төгрөгөөр босож байгаа атал оюутнуудын төлөө хийж байгаа ажил үүнээс хэд дахин бага төсөв зарцуулагдана. Говийн нэмэгдлийн тухайд мөн л 2 тэрбум орчим төгрөг.
Иргэдийн дунд ажилгүйдэл асуудал болохоос биш динозаврын парк үгүйлэгдээд, нэн түрүүний хийх ёстой ажил биш байхгүй юу.
Үр дүнгүй, үрэлгэн зардал олон болжээ. Уг нь ард түмнийхээ амьдрал ахуйд наалдахаар юм хиймээр байгаа юм л даа.
-Тэгэхлээр иргэд рүүгээ чиглэсэн буюу таны хэлснээр хүнээ хөгжүүлэх тал руу илүүтэй танай намын бодлого холбогдох болов уу гэж харж байна л даа?
-Тиймээ. Манай нам албан тасалгааны цонхоор амьдралыг битгий хараач ээ. Та нар ард иргэдийнхээ дунд ор. Тэр ажлын байр, айл өрхийн гэрт нь хүрч очиж амьдралтай нь танилцаач ээ л гэж хэлээд байгаа юм.
Албан тасалгааныхаа цонхоор харчихаад амьдрал болж байна, сайхан байна гэж бүү ярь.
Бидний хувьд нүүр нүүрээрээ, нүд нүд рүүгээ хараад уулзсан учраас тэдэнд юу тулгамдаж байна, яавал үүнийг нь засах юм, ямар бодлого боловсруулбал зохилтой юм гэдгээ мэдэж байгаа.
Тиймээс өнгөрсөн жил өрнүүлсэн “Бид хамтдаа” аянаас гарсан бүх л асуудлыг мөрийн хөтөлбөр, бодлого чиглэлдээ тусгасан боловч сая аудитын байгууллагаар нэлээд танууллаа. Товчхондоо, манай нам хүн рүүгээ чиглэсэн олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр тусгасан.
-Хэрхэн хүн рүүгээ чиглэгдэх бол?
-Төрөөд нас барах хүртлэх хүний амьдралын энэ цикльд нь тохирсон бодлого гаргаж хэрэгжүүлнэ.
Өөрөөр хэлбэл хүн төвтэй мөрийн хөтөлбөр.
Бидэнд ард түмэн итгэл хүлээлгэвэл бидний хийх ажлууд нь бэлэн. Нөгөө талаас манай нам өнө эртний туршлагатай хамт олон. МАН 1921 онд байгууллагдсан тэр цагаас хойш өдгөөг хүртэл улс орны тусгаар тогтнол, бүтээн байгуулалтад ихээхэн үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Манай намд туршлага, чадварлаг боловсон хүчин, цаашид хийх бодлого нь бэлэн байна.
-МАН-ын баримталдаг гол бодлогын тухайд?
-Манай нам зүүний чиглэлийн үзэл баримтлалтай. Зүүний гэхээр хүн төвтэй бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг нам. Тэгэхээр иргэд болон нийгэм рүүгээ хандсан олон төрлийн ажлуудыг хийдэг. Цаашид ч хийсээр л байх болно.
-Ихийг хийж бүтээсэн, цаашид ч хийсээр л байх оргилуун хүсэл зорилготой ийм хүнтэй ярилцаж байгаагийн хувьд ажил амьдралдаа баримталдаг зарчмыг нь сонирховол?
-Би төрд ажиллаж байхдаа ажилчиддаа “Та тангараг өргөсөн төрийн албан хаагч, өргөсөн тангарагтаа үнэнч, шударга байх ёстой. Бид ард түмний татвараар цалинждаг хүмүүс. Тэгэхээр эргүүлээд бид ард түмэндээ үйлчлэх ёстой. Тиймээс ажлаасаа битгий хоцор, ажилдаа чинь сэтгэлээсээ ханд” гэж хэлдэг байсан юм. Үйл хэрэг, үзэл бодол нь зөв байх зарчмыг би дагаж мөрддөг.
-Хэлэх дуртай үг?
-Санаа зөв бол заяа зөв
-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Ё.Отгонбаяр гишүүний “Талд ассан түймэр” гээд номыг уншсан. Үүнээс өмнө “Монголын их хаад” 12 боть номыг уншлаа. Ер нь түүхийн ном унших дуртай. Машиндаа Өлзийбаатар гуайн “Монголчууд” сонсдог номыг сонсож байна.
Ярилцсанд баярлалаа. Таны нөр их хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Эх сурвалж:Breakingnews.mn