Б.Батсайхан: Биеийг эдгээсэн эмчид бус ламд талархах нь үйлийн үр ч юм бил үү

Судасны мэс засалч гэхээр их сонирхол татаад байна. Бусад төрлийн мэс заслаас юугаараа онцлогтой юм бэ?

182462-06042016-1459913210-771931891-11

Би 2007-2009 онд нарийн мэргэжлийн курс төгсөөд мэс заслын эмч болсон. Харин 2013 оноос судасны хагалгааг хийж эхэлсэн. Эрэгтэй хүн болгон л мэс заслын эмч болох сонирхолтой байдаг байх. Тэр жишгээр сонголтоо хийсэн. Хүний бүх эрхтэн тогтолцоо өөрийн гэсэн анатомитой. Судас ч бас өөрийн анатомитой. Ямар ч хагалгааг судас тэжээж байдаг, эмч болгоны зайлшгүй мэдэх ойлголт судас болохоор өөрийн эрхгүй сонирхон судалсан. Тэгээд л судасны мэс засалч болчихож.

Эрхтэн шилжүүлэх хагалгаанд судас залгах нь голлох үүрэгтэй юу?

Шилжүүлэн суулгах мэс засалд донор эрхтний цусан хангамжийг хадгалах нь их чухал байдаг. Тэгж гэмээнэ тухайн эрхтэн өөр биед тэжээл авч сууна. Ингэхийн тулд судасны залгалтыг сайн хийх ёстой.

Энэ мэс заслыг хэр баргийн эмч хийдэггүй, нарийн мэдрэмж шаарддаг гэх юм билээ?

Гэдэс оёх, ходоод тайрах хагалгааг бодвол нарийн ажил шаарддаг. Судсыг аппаратаар бус ихэвчлэн гараар оёно. Мэдээж бүдүүн бус нарийн ширхэгтэй утсаар гүйцэтгэнэ. Зарим жижгийг нь микроскопийн тусламжтайгаар залгах нь бий. Тэгэхээр нарийн чимхлүүр ажил гэсэн үг.

Энэ чиглэлээр Монголдоо ажиллаж буй тоотой хэдэн эмч нарын нэг гэж таныг онцолж байсан. Эмчээс ямар ур чадварыг нэхдэг юм бэ?

Хамгийн гол нь дур сонирхолтой, хийе гэсэн хүсэл мэрийлттэй байх ёстой гэж боддог. Учир нь судасны мэс засал хийхэд тэвчээр, чимхлүүр ажил шаарддаг. Өөрөөр хэлбэл маш удаан, тайван байдалд ажиллана. Бас судасныхаа техникийг сайн эзэмшиж зөв хийх шаардлагатай. Зүгээр нэг залгачихаж болдоггүй, тусгай техниктэй байдаг. Ямар утас сонгох вэ, хэр гүн хатгах уу гэдгээ нарийн тооцоолно.

Судас гэхээр хариугүй нарийн эд төсөөлөгдөөд байх юм. Тэгээд хооронд нь залгана гэхээр баргийн ухаанд төсөөлөгддөггүй. Асар их төвлөрөл шаардах байх даа?

Нарийн мэдрэмжтэй хандахгүй бол хайхрамжгүйдэж арын ханатай нь оёчихож болохгүй. Тэгвэл судсыг бөглөхтэй адил үйлдэл болно. Тэгэхээр хатгалт, хатгалтын зай болгон нь их нарийн. Эрхтэн суулгана гэдэг нэг хүний эрхтэнг нөгөөд шилжүүлдэг болохоор залгаасыг маш сайн хийх хэрэгтэй. Хувийн тохирооноосоо хамаарч биологийн дархлаа нь суулгаж байгаа эрхтнийхээ эсрэг тэмцдэг. Үүний хажуугаар судасны асуудал үүсгэвэл асуудал хүндэрнэ шүү дээ.

 10-124347-15007846720160406124354

 Хамгийн анхны элэг шилжүүлэх хагалгаа 36 цаг үргэлжилж байлаа

Бөөр, элэг шилжүүлэн суулгах баг хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй вэ?

Манай бөөр шилжүүлэх 15, элэг шилжүүлэн суулгах баг 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Бүгд л өөр өөрийн гүйцэтгэх ажил, үүрэгтэй. Тэгэхээр багаар ажиллана. Ялангуяа эрхтэн суулгах мэс засалд хувийн тоглолт хийнэ гэсэн ойлголт байдаггүй. Жишээ нь элэг шилжүүлэн суулгахад хэвлий нээх, элгээ суллах, судсаа ялгах, элгээ аваад судсаа залгах, артераа залгах, хэвлийгээ хаах багууд ажилладаг. Нэг бүхэл байж амжилт олдог мэс засал учраас нэг баг доголдоход дараа дараагийн ажил хүндэрнэ. Тэгэхээр хагалгааны шат болгон үүргээ маш сайн гүйцэтгэх нь чухал. Миний ээлж солигдсон ч тухайн эмч хагалгааны темпээ бариад л үргэлжлүүлнэ.

Хагалгаа хамгийн удаандаа хэчнээн цаг үргэлжилж байсан бэ?

Хамгийн анхны элэг шилжүүлэн суулгах хагалгаа 36 цаг үргэлжилж байсан. Зогсоо зайгүй л ажилласан.

Сүүлийн үед элэг, бөөр шилжүүлэн суулгах хүмүүсийн эрэлт хэрэгцээ ямар байгаа бол?

Элэг, бөөр шилжүүлэн суулгах хүсэлтэй хүмүүсийн эрэлт, хэрэгцээ ихэсч байна. Учир нь сүүлийн үед бөөрний дутагдалд орох үзэгдэл эрс нэмэгдсэн. Хүмүүс эмчлүүлэхээр гадаадыг зорьдог байсан бол манайд эрхтэн шилжүүлэх хагалгаа нутагшиж эхэлснээс хойш ирж үйлчлүүлэх болсон. Хагалгааны тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Үүнтэй уялдан бидний хийж байгаа хагалгааны давтамж өснө. Арван хоногийн байдлаар бид гурван бөөр, нэг элэг шилжүүлэн суулгажээ.

Сая танай танилцуулгаас эрхтэн шилжүүлэх хагалгааны өртөг 36-360 мянган ам.доллар гэж харлаа?

Манай эмчлүүлэгчийн төлбөр бол өртөгтөө л шингэсэн зардал. Хэрэглэж байгаа багаж хэрэгсэл, элэгдэл хорогдол, эм тариа, залгаж байгаа гуурс, залгуур, утас гээд бүхий л шаардлагатай үнэ тэнд шингэсэн байдаг. Түүнээс бус ажилбар, эмчийн хөдөлмөрийн хөлс тэнд ороогүй.

Өнөөдрийн байдлаар хэчнээн хүнд хагалгаа хийсэн байна?

Бүх мэс заслын эмч хагалгааны тоогоо бүртгэдэг. Би 115 бөөр шилжүүлэхэд 40-50 тохиолдолд оролцсон. Нийт 2000 гаруй хагалгаа хийжээ.

Ажилдаа улайрчихсан тохиолдолд цаг явж байгааг ч мэдэрдэггүй.

Харин хагалгаанаас гарч ирээд ядарснаа мэддэг

Хагалгаа хамгийн удаандаа 36 цаг үргэлжилсэн талаар та ярьсан. Хүний амь нас хормоор хэмжигдэж байх тэр үед цаг хугацаа хэрхэн өнгөрснийг ч анзаарах сөхөөгүй байдаг уу?

Хагалгааны үеэр цаг хугацаатай уралдана. Мэдээж спортын тэмцээн шиг энэ хагалгааг хурдан хийгээд дуусгачихъя гэж улайрахгүй шүү дээ. Цаг хугацаатай уралдахын хэрээр тайван байх ёстой. Ажилдаа улайрчихсан тохиолдолд цаг явж байгааг ч мэддэггүй. Нэг мэдэхэд өнгөрчихсөн, маш удаан зогссон байдаг. Харин хагалгаанаас гарч ирээд ядарснаа мэдэрдэг.

Мэс заслын өмнө эмч сэтгэлзүйгээ бэлтгэх нь их чухал байх?

Миний амьдралд ямар ч юм тохиолдсон хагалгаагаа зогсоогоод гарах эрх надад байхгүй. Тийм болохоор утсанд ямар ч дуудлага ирсэн би үргэлжлүүлнэ гэсэн үг. Хагалгааны өмнөх өдрөөс өөрийнхөө сэтгэлзүйг бэлтгэж эхэлдэг. Архи дарс уухгүй, нойрондоо сайн байх хэрэгтэй.

Хамгийн анхны хагалгаа?

Хамгийн анх оюутан байхдаа л мэс засалд оролцож байлаа. Хүүхэд байсан болохоор тэр бүхнээ үеийнхэндээ гайхуулна, гэрийнхэндээ бахдан ярина. Мэдээж мэс заслаар мэргэшээд өөрөө бие даан хийж эхлэхэд баярлалгүй яах вэ. Сэтгүүлч хүн анхныхаа сурвалжлагыг нийтлүүлээд хөөрдөгтэй л ижил мэдрэмж төрөх болов уу.

Хүний биед мэс хүргээд зүсэлт хийнэ гэхээр асар их зориг шаарддаг байх?

Зориг шаардана. Бас хувь хүний темперамент тохирох ёстой. Тайван меланхолик, флегматик шинжийн хүмүүст тохирохгүй байх жишээтэй. Хагалгааны үеэр зүслэгийг хаанаас, яаж эхлэх, гэнэт шийдвэрийг хэрхэн гаргах зэрэгт тухайн хүний темперамент их чухал үүрэгтэй. Дээр нь өөрийн сонирхол нэмэгдэнэ. Базаж хэлбэл шийдвэрлэх үед, маш хурдан хугацаанд зөв шийдвэрийг гаргах чадвар шаардана.

Тухайн цаг үед оновчтой шийдвэр гаргана гэдэг амаргүй юу?

Цаг хугацаатай уралдаж байх тэр үед яах вэ гээд бодож зогсох цаг бидэнд байхгүй. Бас эргэлзээ ч байх учиргүй. Тэр бүхний цаана хүний амь нас бий шүү дээ.

Тэгэхээр таны темперамент?

Холерик юм уу, сангвиник л байх.

 

Мужаан сандал хийх болгондоо таашаал авдаг шиг
бид өвчтөнөө эдгээх тоолондоо л сэтгэл ханамжийг эдэлдэг

Эмч хүнд айдас байх ёсгүй юм шиг ээ?

Тийм ээ. Чи юу хийхээ мэдэж байвал тэнд айх зүйл байхгүй.

Мэс заслын ширээний ард анх зогсоход айдас байсан уу?

Би айдас бус сандрал гэж хэлнэ. Дөнгөж эхэлж байгаа болохоор биеэ барих, хэт хичээх сандрал байж л таарна. Энэ салбарт ажиллаад багагүй хугацааг өнгөрөөсөн ч хэсэг завсарлахад л бага зэрэг тулгамдал үүсэж байдаг.

Хагалгаа амжилттай болох, тэр их хөдөлмөрийн ард гарах шиг сайхан мэдрэмж эмч хүнд байдаггүй байх даа?

Мужаан сандал хийх болгондоо таашаал авдаг шиг бид мэс заслаа амжилттай хийж, өвчтөнөө эдгээх тоолондоо л сэтгэл ханамжийг авдаг. ­

Эмч хүний зовлон юу вэ?

Мэдээж өвчтөний бие муудаж, нас барах тохиолдолд сэтгэл шанална, зовно, нойргүйднэ. Амралтын өдрөө ч тайван амрахгүй сэтгэл тогтохгүй үе цөөнгүй. Тэр бүхэн эмч хүнд зовлон юм даа.

Жаргал зовлонг дэнсэлбэл?

Мэдээж эмнэлэгт инээсэн хүн орж ирэх нь ховор. Дандаа л өвдөж, шаналсан, зовиуртай хүмүүс ирнэ. Манайд хандаж буй хүмүүсийн дийлэнх нь хөдөө орон нутгийнхан байдаг. Тиймээс хол зам туулахдаа өвчнөө сэдрээсэн хүмүүс цөөнгүй ирдэг. Зарим нь эмчилгээ авахгүй, эмчлүүлээд ч нэмэргүй байх тохиолдол бий. Тэр үед үнэхээр хэцүү.

 

 Шаардлагатай зүйлээ хийж чадалгүй өвчтөнөө алдах шиг харамсал үгүй…

Хагалгаа амжилтгүй болох үед хамгийн түрүүнд юу бодогддог вэ?

Шаардлагатай бүх зүйлээ хийсэн ч үр дүнгээ өгөхгүй бол бурхантай булаацалдаж хүч хүрээгүйдээ эвлэрдэг. Харин юу ч хийж амжаагүй байтал өнөөх хүн маань явчихвал үнэхээр харамсалтай. Эмч хүн тийм асуудал гаргаж, харамсал тээхгүй байх учиртай. Харин хамаг хүчээ шавхаад дийлдвэл харамсах нь бага.

Таны хэлсэн үг дотроос “бурхантай булаалдах” гэдэг үг сонирхол татлаа. Тунгаах нь ээ мэс заслын ширээ гэдэг нээрэн л хүний амийг бурхантай булаалдах агшин юм даа?

Бидний ажил хүний амьдралыг уртасгах, өвчнөөс нь салгах, эрүүл болгохын л төлөө хийж байгаа үйлдэл шүү дээ. Ер нь эмч болгоны дотоод сэтгэлд аваръя, тусалъя гэсэн бодол сэдэл нуугдаж байдаг. Алдаа гаргая, нөгөө хүнийг хохирооё гэсэн санаа огт байдаггүй. Эмч болохоор шулуудсан бол суралцаж байх үеэсээ хүнийг гэсэн сэтгэлгээг юун түрүүнд төлөвшүүлэх хэрэгтэй.

Мянга амжилт гаргасан ч нэг алдааг чинь л ярина гэдэг?

Бид ажлын ачааллаасаа шалтгаалан хүн болгонтой тэр бүр инээмсэглэн харилцаж чадахгүй үе цөөнгүй. Гэтэл тэр бүхнийг хэн нэгэн нь буруугаар өлгөж авахыг үгүйсгэхгүй. Өч төчнөөн хүн эдгээхэд нэгд нь хүндрэх тохиолдол гарч таарна. Тэрэнд эмчид л бүх бурууг тохож болохгүй юм шиг…

“Эмч нар хүнд сурталтай”… Энэ үгэнд хэр эмзэглэдэг вэ?

Системийн алдаа. Хэрэв тухайн хүний биед тохирсон ачааллыг өгөөд байвал юу гэж л муухай ааш гаргах вэ дээ. Ажилдаа дарагдаад стресстсэн болохоор уурладаг байлгүй.

Хүмүүс эмчийг төгс, алдаа гаргахгүй юм шигээр төсөөлдөг байх. Тиймээс ч өвчтөнийг нэгэнтээ аварч чадаагүй үед эмчийг буруутгах, дайрах тохиолдол цөөнгүй гардаг байх?

Гаралгүй яах вэ. Мэдээж стресст орно. Эмч болгонд л тохиолдож болох тэр бэрхшээлийг даван туулж гарах хэрэгтэй.

 

Өвдөж ирчихээд эмчээс баталгаа нэхдэг. Энэ бол байж боломгүй асуудал

Эмнэлгээр ороод гарахад өвчиндөө шаналсан хүмүүсийг хараад өөрийн эрхгүй сэтгэл өвдөж эмзэглэдэг. Гэтэл та бүхэн тэр голомтод амьдралынхаа дийлэнх мөчийг өнгөрөөдөг?

Манайхан дунд эрүүл мэндийн боловсрол дутмаг байдаг. Жишээ нь хагалгаа хийлгэхийн өмнө “Та ямар баталгаа өгөх юм” гэж асуудаг. Хүний бие гэдэг машин биш. Эрхтэн шилжүүлнэ гэдэг машины сэлбэг сольж байгаа асуудал биш. Хүний бие бол бие л байхгүй юу. Хагалгааны дараах эрүүл мэнд өвчтөнөөс өөрөөс нь шалтгаална. Амьдралын буруу хэв маяг, зуршил зэргээсээ хамаарч хүн өвдөөд ирсэн байж таарна. Гэсэн хэрнээ эмчээс баталгаа нэхдэг. Энэ бол байж боломгүй асуудал. Хүн машин техник биш, бас төмөр биш биз дээ. Зарим хүн өвчин даах чадвар сайн байдаг бол үлдсэн хэсэг нь эсрэгээрээ ч байж болно.

Ямар үед урам хугардаг вэ?

Байдаг чадлаараа ажиллаад ч үр дүн гарахгүй үед өвчтөний ар гэрийнхэн үл ойлгоход урам хугарна. Гэхдээ тэр бүхнийг давах чадвартай байх хэрэгтэй. Байгаа орчноосоо аз жаргалыг олж чадахгүй бол өөрийгөө хаанаас хайгаад олохгүй гэдэг биз дээ. Тэгэхээр даван туулахаас аргагүй. Байгаагаасаа таашаал авахыг хичээх хэрэгтэй. Түүнээс биш өөрт таарсан бэрхшээл болгоноос шантарвал зовлон дуусахгүй. Бас нэг зүйл байна. Ходоодыг нь эмчлээд эмнэлгээс гаргана. Гэтэл удалгүй ходоод нь цоороод л ирдэг. Ийм үед хүмүүсийн эрүүл мэндийн боловсролд өөрийн эрхгүй гутардаг.

Дийлэнх хүн эмчийг найдвар, бурхан мэтээр хардаг байх…

Хүн болгон өөр өөрөөр боддог байж болно. Эмчийн мэргэжил бол насан туршдаа суралцдаг мэргэжил. Сураад л байна. Тухайн үед өөрийнхөө сурсан мэдсэнээ бусдад зориулна. Тэрийг нь хүмүүс 100 хувь компьютер, хайлтын систем шиг эндүүрч болохгүй. Хүн бүх зүйлийг мэдэх албагүй. Харин өөрт хэрэгтэйгээ л мэдэхэд хангалттай.

Эмч хүнд зайлшгүй байх ёстой чанар?

Хүнлэг энэрэнгүй байдал…

Тэгвэл тэвчих ёстой чанар юу бол?

Хүнийг ялгаварладаггүй байх. Гэтэл манай нийгэм хүнийг ялгаварладаг. Гэмт хэрэгтэн, хулгайч, сайд гээд л бүгд өвдөнө. Харин эмч хэнийг нь ч ялгахгүйгээр эмчлэх үүрэгтэй. Өвчин хүнийг ялгадаггүйтэй ижил.

1 | 4 фото

 Хатуу ч гэсэн өвчтөнд үнэнийг хэлэх ёстой.

Өвчин тусаад амиа хорлосон тохиолдол цөөхөн шүү дээ

 Дахин дахин эмчлээд засал авахгүй, ялагдах тохиолдолд?

Хэсэг хугацаанд би чадсангүйгээ л гэж бодно. Түүнээс биш стресстээд, архи уугаад, гутарч болохгүй. Өөрийгөө аваад гарах чадвартай байх ёстой.

Өвчтөнд “явцгүй” болсон гэх мэдээг дуулгахад их зориг шаарддаг уу?

Хэцүү. Хүн хавдраар өвдчихлөө гэхэд өөрөөс нь нууж болохгүй. Энэ нь хувь хүнийг хүндлэхгүй байна гэсэн үг. Хатуу ч гэсэн үнэнийг хэлэх ёстой. Тухайн хүн найман жил ч амьдарсан, 80 ч насалсан түүнд өөрийн гэсэн мөрөөдөл байдаг. Тэрийгээ гүйцээх боломжийг олгох ёстой. Манайхан битгий аав, ээжид хэлээрэй. Сэтгэл санаа нь дийлэхгүй шүү гэдэг. Гэтэл хүн зовлонг даваад гардаг. Өвчин тусаад амиа хорлосон тохиолдол маш цөөхөн. Хүн зовлонг туулах чадвартай. Харин тэрхүү давааг давсны эцэст үлдсэн хугацаандаа мөрөөдлөө хийж гүйцээх ёстой байхгүй юу. Харин өвчнийг өөрөөс нь нууж нас эцэслэвэл нөгөө хүн зорьсноо хийж чадалгүй явчихна. Хүн ганц амьдарна. Амьдрах хугацаандаа зөв явах ёстой. Тэгж чадвал ганц амьдрал бидэнд хангалттай.

Хүнд амьдралд тэмүүлсэн, үхэхгүй юм шүү гэх их шунал байдаг?

Тухайн хүн 30 насалсан байж болно. Гэтэл тэр хүн өөртөө маш сэтгэл ханамжтайгаар амьдралаа өнгөрүүлснийг үгүйсгэж болохгүй. Тиймээс үлдсэн амьдралаа харамсахгүйгээр дуусгаж ч болно…

Амьдралынхаа эцсийн мөчийг маш тайвнаар, бэлтгэлтэйгээр үдэж буй дүр зургийг харж байсан уу?

Байлгүй яах вэ. Ер нь хүн үхэлд бэлэн байх ёстой. Амьдралын эцсийн мөчид үхэл хүлээж байгаа. Тэр заагт бүгд л хүрнэ. Тэгэхээр зоригтой байх ёстой. Заавал ихийг бүтээж, мөнгө олж, амжилт гаргасан байх албагүй. Гагцхүү амьдралаасаа таашаал авсан байх нь чухал. Хүрье гэсэндээ хүрээд түүндээ ханасан байх нь хангалттай. Улаанбаатарт хүн амын төвлөрөл ихэсч байна. Хотод орж ирэхээр амьдрал нь дэвжих юм шиг, Солонгос явчихвал асуудал нь шийдэгдэх юм шиг санадаг. Мэдээж тэрийгээ зөв ашиглаад хөгжсөн хүмүүс байна. Гэхдээ байршлаа солилоо гээд сэтгэл ханахгүй тохиолдол байдаг. Сэтгэл ханамж хүний дотоод сэтгэлд л бий.

Та үхлээс айхгүй юу?

Айхгүй…

Магад үргэлж үхэлтэй тэмцэлдэж, заримтай нь нүүр тулдаг болохоор айдасгүй байгаа юм болов уу?

Магадгүй л юм. Гэхдээ бид чинь яг байгаагаар нь амьдралыг хардаг реалист хүмүүс. Бүхнийг бодитоор хүлээж авдаг, шашинд итгэдэггүй. Нотолгоонд тулгуурлаад сурчихсан гэх үү дээ.

Эмч болоод “Тэгэхгүй юмсан” гэх бодол төрж байсан уу?

Эсрэгээрээ “Тэгэх юмсан” гэх бодол их төрдөг ш дээ. Бүхнийг хийж үзэх юмсан, оролдоод үзчих юмсан гээд л…

 

“Сэрэлт” кинон дээр Бумаагийн өврөөс хадаг гарч ирэхэд
орос эмч ямар их гутардаг билээ дээ

Шашны талаас аливаа өвчин, зүдгүүрийг үйлийн үртэй холбож тайлбарладаг?

Нэг үг санаанд орчихлоо. “Би эмнэлгээс эдгээд гарлаа. Нөгөө лам чинь их эрдэмтэй юм байна лээ шүү” гэдэг. Өнөөдөр хүмүүсийн дунд ийм сэтгэлгээ байна. Үйлийн үрийг ламаар зассан юм шиг боддог. Биеийг нь эдгээсэнд эмчид бус ламд талархаад явж байгаа нь үйлийн үр ч юм бил үү.

Өөрийг нь эмчилсэн өвчтөн нь ламд талархахыг сонсвол ямар ч эмч гутрах байх аа?

“Сэрэлт” кинон дээр Бумаагийн өврөөс хадаг гарч ирэхэд орос эмч ямар их гутардаг билээ дээ. Гэхдээ бас бүхнийг үгүйсгэж болохгүй хүний өвчин даах чадвар, зурлага гэж байдаг юм шиг ээ… Үхэх нь хүрвэл хүн дорхноо л явчихна.

Үхэл, сэхэлтэй холбоотой тодорхойлж хэлэхийн аргагүй тохиолдлууд гардаг уу?

Гарна. Айхтар хүнд өвчтөнийг “За явцгүй болчихлоо доо” гэж бодож байтал эдгэчихнэ. Харин зөв зүгээр байж байгаад л зүрх нь зогсчих тохиолдол гарна. Тэгэхээр аливааг хэт үгүйсгэж болохгүй мэт…

Эдгэрэл нь тухайн хүний сэтгэлийн тэнхээгээс хамаардаг гэх?

Сэтгэлийн тэнхээ маш чухал. Ялангуяа томоохон хагалгаанд орох гэж байгаа хүмүүст сэтгэл засал онцгой үүрэгтэй. Хагалгааг давж гарна гэх сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Би яах бол доо гээд байвал өөдлөхгүй. Би зүгээрээ гэж хэлээд маргааш нь босоод явчихдаг хүмүүс байна.

Эмч хүн сэтгэлзүйч байх ёстой байх?

Эмч хүн өвчтөнтэйгөө харьцахдаа сэтгэлзүйч байх хэрэгтэй. Тэднийг үл ойшоож, сэтгэлээр унагаах үг хэлж болохгүй. Хамгийн түрүүнд сэтгэлзүйгээр эмчлэх нь чухал. Монголчууд одооноос л сэтгэлзүйг ойлгож эхэлж байна. Сэтгэл судлал гэхээр галзуу хүн эмчилнэ гэж ойлгодог. Эмчилнэ гэдэг эм тариагаар шахахын нэр биш.

Гэр бүлдээ хэр цаг зарцуулж байна?

Ёстой бага зарцуулдаг. Өглөө гараад орой харих нь түгээмэл. Гэртээ очоод хоол идчихээд л унтана. Нэг ёсондоо буудалд байгаа юм шиг амьдардаг даа.

Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье!

gogo.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …