“Жаст”группын ерөнхийлөгч асан Ш.Батхүү эр хүний 13 мэхийг дуусган байж цуглуулсан хур хөрөнгөөрөө хоосон гэгдэх “Олон овоот”-ын ордыг ухаж төнхсөөр байгаад тавиад “туучихлаа” гэж өдөр шөнөгүй гасалж, хэн нэгэнд гомдсон сэтгэлээ янз бүрээр тайлбарлах болсоор багагүй хугацаа өнгөрүүлж буй. Түүнчлэн “Олон овоот”-ын ордыг 100 хувь өөрийн мэдэлдээ аваад байгаа Г.Алтан хатагтай хүртэл уг ордоос татгалзах болсноо ил далдаар хэлэх болов. Тэгвэл дээрх эрхмүүдийн энэхүү үйлдэл нь сайтар өнгөлөн далдалсан жүжиг болохыг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Тодруулбал өнгөрсөн долоо хоногт тус ордод ажиллаж байсан олон мянган залуус ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн тухай бид мэдээлж байсан. Тэгвэл тэдгээр залуусын төлөөлөл болох инженер Ш.Баярмагнай хэлэхдээ “Олон овоот”-ын орд огт хоосон биш. Маш их талбайтай. Хэрвээ түүн дээр хайгуул хийх юм бол алтаар ч зогсохгүй жонш, шохойн чулуу гаргаж авах боломжтой. Ийм их баялагтай газрыг Ш.Батхүү, Г.Алтан нар яагаад хоосон гэж яриад байгааг ойлгохгүй байна.
Үүнийг хуучин Мянгаа захирлын үед ажиллаж байсан хайгуулын инженерүүд болон, өрмийн мастерууд бүгд батална. Асар их баялагтай, лав л бидний үед дуусашгүй нөөцтэй орд гэж олон хүний амнаас сонсож байсан. Зүгээр л өөрсдийгөө дампуурсан мэтээр ард түмэнд ойлгуулж, гадаадын баян компаниад өндөр үнээр зарахыг оролдож байгааг үгүйсгэхгүй.
Өнөөдөр Ш.Батхүү захирал зөвхөн хөрс хуулалт хийсэн гэж л яриад байгаа. Тэр хүн яг үнэндээ доор нь байсан алтыг гаргаад авсныг үгүйсгэхгүй шүү дээ.
Бид Ш.Батхүүгийн хэвлэлд өгсөн ярилцлагыг уншсан.
Тухайлбал “Ц.Мянганбаярын ажилчид алт ухах ажил дээр байсан болохоор маш их хэцүү байсан” гэж ярьсан байна билээ. Тэгэхээр бид гаргасан алтыг нь хулгайлаад байсан болж таарах нь ээ дээ. Үүн дээр ёстой уучлаарай Ш.Батхүү гуай гэж хэлмээр байна.
Учир нь Мянгаа захирал алттай талбайгаасаа аль хэзээний алтаа гаргаж авчихаад хэдэн мянган га газрын хөрс хуулалт хийснээрээ би хиншүү үнэртэтлээ шатаж, дампуурлаа гэж жүжиг тавиад байгаад нь үнэхээр гайхаж байна. Хөрсийг нь хуулж, алтыг гаргаж авчихаад ингэж ярихаасаа ичддэггүй юм байх даа.
Хэрвээ шаардлагатай гэвэл социалист нийгмийн үед уг ордод хайгуулын шинжилгээ, судалгаа хийж, хэр нөөцтэй болохыг нь тогтоон Эрдэс баялагийн зөвлөлд бүртгүүлж байсан азай буурлууд өнөөдөр амьд сэрүүн байж л байна. Та бүхэн тэдгээр хүмүүстэй уулзаж өөр маш олон зүйлийг сонсож болно. Удахгүй Ш.Батхүү, Г.Алтан нарын үнэн нүүр царай илчлэгдэх байлгүй дээ ” гэсэн юм.
Мэдээж энэ яриа үнэний ортой. Учир нь “Олон овоот” хоосорсон гэж өдөр шөнөгүй хашхирах болсон нь олон хүний дургуйцлийг хүргээд байгаа. Тухайлбал Ш.Баярмагнайгийн хэлж буйгаар бол социалист нийгмийн үед манай нэртэй хоёр ахмад геологич “Олон овоот”-ын бүлэг ордод хамаарах Авдрантын ордод эрэл хайгуулын ажил хийж эл ордыг нэг сая тонн гаруй жонштой гэдгийг нь албан ёсоор баталгаажуулж, Эрдэс баялагийн зөвлөлд бүртгүүлжээ. Харин “Жаст” өнгөрсөн хугацаанд эл ордод өрөмдлөг хийгээд нэг сая биш бүр гурван сая тонн жонштой болохыг нь баталчихаад байгаа.
Ийм байхад яагаад “Олон овоот”- ыг хоосноор нь дуудаж олон мөнгөтэй эрхмүүдийн шуналыг хөдөлгөнө вэ гэдэг нь цаанаа нэг л учиртай. Өөрийгөө бизнесийн торгон мэдрэмжтэй гэж нэрлэдэг Ш.Батхүү захирал ийм их хэмжээний баялагтай хайгуулын талбай авснаа одоо хүртэл мэдээгүй байна гэдэг нь хачирхалтай хэмээж байсан.
Товчхондоо 16 лицензид хамаарах талбайн ердөө нэгхэн хэсэгт л “Монгол газар” компани ашиглалт явуулсан юм билээ. Харин үлдсэн лицензүүд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан аж. Тодруулбал “Бурхан Дэл 16759А” зөвшөөрөлтэй 450.7 га талбайд 4.8 тонн алтны нөөцтэй болохыг нь тогтоож 2010 онд Эрдэс баялгийн зөвлөлд бүртгүүлсэн байна. Мөн “Баян Овоо 17172 А” зөвшөөрөлтэй 1773.7 га талбайд 7 сая тонн жоншны нөөц байгаа нь 2012 онд батлагдсан ба зах зээлийн үнэлгээ нь 2.8 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоо байгаа.
Түүнчлэн эдгээрээс гадна 2013 онд Эрдэс баялагийн зөвлөлөөр Мөргөцөг уулын 483.6 га талбайд 5 сая тонн шохойн чулууны орд нь 15282 А зөвшөөрөлтэй лицензээр баталгаажуулсан байдаг юм байна. Тэгэхээр хоосон гэгдээд буй “Олон овоот”-ын нэг хэсэг бүлэг орд нь л гэхэд алт, жонш гэх мэтийн байгалийн ховор нөөцтэй болохыг нь дээрх хэсэгхэн ордуудаас харж болохоор байна. “Монгол газар” ХХК-ийн захирал Ц.Мянганбаяр “Жаст”-ын Ш.Батхүүд Монголын өмнийн говьд байдаг номер нэг жоншны ордоо өгсөн гэдэг нь үнэн болж таарч байх шиг байна. Үүнийг нь маш олон эрдэмтэд батлаад байгаа юм билээ.
Ямартай ч цагийн сайханд Монголын баячуудыг хошууруулж байсан “Олон овоот” ын цаана ямар эрх ашиг, шунал хүсэл нуугдаж байгаа нь дээрх ордуудаас харж болохоор байна. Товчхондоо Ш.Батхүү асар их нөөц баялагтай орд газрыг хоосноор нь дуудаж баялагийг нь үгүйсгээд байхаар байгаль дэлхий хэзээ нэгэн цагт Ш.Батхүү ноёнтонг шийтгэх байлгүй дээ хэмээн дээрх бүх мэдээллийг Ш.Баярмагнай дурдаж байсан юм.
Р.Саруул
Өглөөний сонин