Саяхан Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 16 настай бяцхан хүү Б-г авга эгч болох Д нь гурван жил амбаартаа хорьж тарчлааж байсан нь илэрсэн гутамшигтай хэрэг гарсан.
Иргэдийн мэдээллийн дагуу хууль хяналтын байгууллагынхан авга эгчийнх нь хашаанд очиход хүүг цонхгүй, 1.3:3 м-ийн харьцаатай модон амбаарт хорьж, нэг хөлд нь гинж зүүсэн, толгой нь хатуу зүйлээр цохиулснаас болж цус гарч хатсан, нуруу нь маш олон сорвитой, турж эцсэн байжээ.
Түүнийг асран халамжлагч гэх эмэгтэй Хөвсгөл аймгийн III дунд сургуулийн багш бөгөөд өөрийн мах цусны тасархайг ийнхүү дарангуйлж, нохойноос дор үзэж, байсан нь зэвүүцмээр. Ийм хэрцгий үйлдэл хийдэг байсан хүн яаж, ардын хүүхдүүдэд ном зааж, багш хэмээх нэр хүндтэй алдарыг зүүж сайрхаж явсан бол гэхээс дотор арзаймаар.
Ардын багш хүн айлын өнчин хүүг амбаартаа гурван жил хорино гэхээр санаанд даанч багтахгүй байна. Түүгээр зогсохгүй гутал нь багадсан учир урд хэсгийг нь тайрч, хөлийн хуруунууд ил гарсан уранхай гутал өмсүүлж , төмөр савтай хайрцаг, варианы шилэнд хоол, цай өгдөг, ундааны сав, гялгар уутанд бааж, шээлгэдэг байжээ.
Тэрээр хүүгийн аав ээж нь хэдэн жилийн өмнө салж бага охиныг ээж нь, харин хүүг аав нь асран халамжлахаар болсон аж. Харамсалтай нь хүүгийн эцэг өвчний улмаас хорвоог орхиж ийнхүү хэрцгий авга эгчийн асрамжинд шилжсэн байна. Аав нь амьд сэрүүн байхдаа хүүгээ хайраар дутаалгүй өсгөж байсан нь лавтай.
Хүүгийн ээж, хуучин нөхрөө нас барснаас хойш хүүтэйгээ уулзахаар Хотоос очдог байсан ч авга эгч гэх Д нь огт уулзуулдаггүй байжээ.
Харин энэ хэрэг илэрсний дараа хүүгийн ээж Хөвсгөлд очсон бөгөөд цагдаагийн хамгаалалтад байсан хүүг ээжийнх нь асрамжинд шилжүүлжээ. Энэ мэтчилэн хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдсөөр байгаа нь нууц биш. Ил гарсан нь энэ болохоос биш нүднээс далдуур ийм хэрэг олон байгаа гэхэд эргэлзэхгүй байна. Хүүхэд гэдэг тэр чигээрээ гэгээлэг ертөнц, цэцгийн дэлбээ шиг эмзэг байдаг. Тиймээс Монголын ирээдүй болсон бяцхан үрсээ хайрлаж хамгаалж хар толбоор сэтгэлийг нь бүү сэвтээ.
Д.Гэгээ Ugluu.mn