Одоо үйлчилж буй Эрүүгийн хуульд социалист хэв маягийн үндсэн үзэл баримтлалын зарим шинж хэвээр хадгалагдсаар байгааг буюу шоронд удаан хугацаагаар хорихыг гол хэрэглүүр болгосон, шударга, энэрэнгүй, тэгш эрхийн зэрэг зарчим зарим талаар алдагдсан гэж үзэх тодорхой үндэслэлийн талаар эрдэмтэд, хуульчид, иргэд шүүмжлэн бичиж, ярьсаар байсан боловч шинэчлэхгүйгээр олон жил өнгөрсний эцэст саяхан шинэчлэн найруулж баталсан билээ.
Гэхдээ шинэчлэн найруулж, баталсан Эрүүгийн шинэ хуулийн талаар зарим эргэн харах асуудлууд байх боловч тус хууль хэрэгжиж эхлээгүй байгаа тул үл хөндөн харин одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн шинэчлэх үндэслэлд хамаарах зарим асуудлыг тоймлон авч үзэж байна. Энэ нь нөгөө талаасаа шинэ Эрүүгийн хуулийн шинэчлэлийн шинэ үзэл санааг зарим талаар илэрхийлэх юм.
Эрүүгийнхуулийншинэчлэх үндэслэлд хамаарах ямар асуудлууд байна вэ ?
Монгол орон шоронжсон байна. Өнөөдөр шоронгийн тоо, тэнд ял эдэлж буй хүмүүсийн тоо, тэдний нас, хүйсийн байдал ямар байгааг бодитой мэдэх, мэдрэх ёстой. Дэлхийд хамгийн цөөхөн хүн амтай орнуудын нэг атлаа хамгийн их шоронжсон, ял эдэлж байгаа хүмүүсийн дийлэнхийг сурч боловсрох, гэрлэх, хөдөлмөрлөх идэр насны залуус эзэлж байна. Хөгжингүй, ардчилсан орнуудад гэмт хэрэг үйлдсэн этгээдэд шүүхээс оногдуулсан нийт ялын 80 хувийг хорихоос өөр төрлийн торгох ба бусад ял эзэлдэг байхад манайд нийт ялын 70 хувийг хорих ял эзэлдэг талаар судалгаа байна. Шүүхийн 2011 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн мэдээгээр энэ онд шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 7.6 хувиар, ял шийтгүүлэгчид 12.6 хувиар өссөн ба нийт ялын дотор хорих ялын эзлэх хувь 77.4 хувь, 5.8 хувь албадан ажил хийлгэх, 12.5 хувь баривчлах ял, бусад ял 0.1 хувь.
Гэмт хэргийн үндсэн гол шалтгаан нь ядуурал, ажилгүйдэл, архидалт, хууль, эрх зүйн мэдлэг боловсролгүй байдал. Эдгээр шалтгаан нь мөн төрийн ба улс төрийн нам, бизнесийн хүрээн дэх хууль зөрчсөн буюу авлигын шинжтэй тогтолцоот ужиг, буруу бодлоготой уялдаж холбогдоно.
Монгол Улс авлигын индекс, хүний хөгжлийн үзүүлэлт, 1 хүнд ногдох орлогоороо дэлхийн олон орнуудын сүүл хэсэгт орж байна.
Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн 1 хүнд ногдох байгалийн баялгаараа дэлхийд эхний аравт ордог эх оронтой Монголын цөөхөн ард түмэн хөгжлөөрөө, орлогоороо дэлхийд эхний зууд ч орохгүй байна. Энэ бол Монголд клептокраци буюу авлига, хахуульд автагдсан засаг, олигархи бүлэглэл ноёрхох болсны нэг илэрхийлэл юм.
Төрийн үүргийн хангалтгүй хэрэгжилт, буруу бодлогын золиос бол иргэд бишээ. Ажилгүйдэл, ядуурал, архидалт, авлига, хээл хахуулийн эсрэг зөв бодлого явуулж чадаагүй, чадахгүй байгаа буюу хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргээ хангалтгүй биелүүлж буй төр засгийн зүгээс гэмт хэргийн эсрэг Эрүүгийн харгис бодлого хэрэгжүүлж байгаа нь төрөөс иргэдийг өөрсдийн буруу бодлого, хэрэгжилтгүй үүргийн золиос болгож буй хэрэг гэж үзэж болно.
Төрөөс гэмт хэргийн үндсэн шалтгааныг бууруулах бүх талын үүргээ зохих ёсоор биелүүлж чадаагүй цагт гэмт хэрэг буурахгүй нь маргаангүй тул тэдгээр шалтгааны улмаас алдаж, эндсэн иргэдийг Эрүүгийн хуулийн харгис ялаар хатуу албадсаар байгаад ёс суртахуунтай иргэн болгоно, гэмт хэргийг багасгана гэвэл энэ нь дарангуйлагч засаг, дарангуйлагч үзэлтний үл гүйцэлдэх санаа болох юм.
Иймд Монгол Улс дэлхийн ардчилсан улс орны нийтлэг жишиг, хандлага, эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны ололтын дагуу Эрүүгийн хуульд цогц шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай.
Улс орнуудын эрхзүйн тогтолцоонд олон улсын эрх зүйн үүрэг, ач холбогдол улам бүр өсч, эрх зүйн бүлгүүд цэвэр биш холимог байдлаар нэвтэрч, улмаар ардчилсан буюу түгээмэл үнэт зүйлсийг хамгаалахад үр ашигтай, үр нөлөөтэй л бол эрх зүйн соёлыг зээлдэн нутагшуулах буюу рецепци хийх нь эрхзүйн хөгжлийн гол хандлага болж байгаа нь Эрүүгийн хуульд цогц шинэчлэл хийхийг зайлшгүй нөхцөлдүүлсэн юм.
Эрүүгийн хуульд шинэчлэх хийх үндэслэлд дараах асуудлууд хамаарна гэж үзэж байна.
1.Ялын бодлогод эрс шинэчлэл хийх
Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах нийт ялын 77 хувийг хорих ял биш харин эсрэгээр хорихоос өөр төрлийн ялын хэлбэрүүд эзэлж байхаар ялын тогтолцоонд оновчтой зохицуулалт хийж, шоронжуулах явдлыг эрс багасгах, хорих ял эдэлж байгаагүй хүмүүст хорих ял оногдуулах явдлыг аль болох хязгаарлаж, хорих ялыг дангаар бус харин албадан ажил хийлгэх, торгох болон бусад хөнгөн төрлийн ялыг сонгох байдлаар хослуулан тогтоосон гэмт хэргийн бүрэлдэхүүний тоог үлэмж өргөжүүлэх.
Хятад улс нь дэлхийн хамгийн олон хүн амтай, эрүүгийн хууль нь социалист хэв маягийн шинжтэй атлаа ялын тогтолцоо нь хүмүүнлэг, иргэнлэг, ардчилсан шинжтэй аж. Тухайлбал : хяналт тавих буюу хэд хэдэн эрх чөлөөг нь 3 сараас 2 жил хүртэл хязгаарлах, 15 хоногоос 6 сар хүртэл баривчлах, 6 сараас 15 жил хүртэл хугацаатай хорих зэрэг ялыг сонгомол байдалтай хэрэглэдэг. Зөвхөн Хятад гэлтгүй бусад хөгжингүй орнуудад хорих ялын доод хугацаа багаас гадна хорихоос бусад төрлийн хөнгөн ялын эзлэх хувийн жин олонхи хувийг эзэлдэг, ялыг заавал сонгож хэрэглэх боломжтой байдлаар заадаг, онц ноцтой хэрэг л биш бол хорих ял аль болох оногдуулахгүй байх жишиг хандлага зонхилж байгааг судлаач, эрдэмтэд цохон тэмдэглэсэн байна.
Нийт ялд хорихоос өөр хөнгөн төрлийн ялын хэлбэрүүд дийлэнхий хувийг эзэлж байхаар шинэчлэлт хийх нь ардчилалын түгээмэл үнэт зүйлсийн утга агуулга, үзэл баримтлалын бодит хэрэгжилтийн илрэл болохоос гадна олон талын ач холбогдлыг нь давхар тооцох шаардлагатай. Тухайлбал: Нийгмээс заавал тусгаарлахгүйгээр засрах, ухамсарлах боломжийг анх тутам олгоно, залууст алдаандаа ухамсарлах боломжийг олгосноор тэдний ар гэрийн ахуй амьдралд үүсэх төрөл бүрийн ээдрээ, төвөгтэй, эмзэг олон асуудлуудаас урьдчилан сэргийлнэ.
Мөн эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой, бас хэмнэлттэй. Нөгөө талаас төрийн үүргийн хангалтгүй хэрэгжилт, буруу бодлогын золиос нь энгийн иргэд болох ёсгүй болон хэт хатуурхах Эрүүгийн бодлого буюу шоронжуулахад чиглэгдсэн Эрүүгийн хууль нь иргэдээс шүүхэд итгэх итгэлийг бууруулж буй хүчин зүйлсийн нэг болж байгааг хатуу ухамсарлах нь зүйтэй. Уг чанартаа шүүхдээ биш хуулинд “асуудал” нь байгаа юм.
- Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн төрөл, ангилалыг шинэчлэх, гэмт хэргийн бүрэлдэхүүнийг нарийвчлах, ялын төрөл ба тохироог шинээр болон шинэчлэн оновчтой, зөв тогтоох
Эрүүгийн хуульд хийдэлтэй буюу засч, боловсронгуй болгох олон зүйл, заалтууд байгаа. Энд тэр бүгдийг авч үзэх боломжгүй, харин шоронжуулахад чиглэгдсэн зарим зөрчилтэй заалт, гэмт хэргийг төлөөлүүлж авч үзэж болох юм.
Улсын хэмжээнд танхайрах гэмт хэрэг тэр дотроо зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг хамгийн их гардаг, 2011 онд танхайрах гэмт хэрэг 6.9 хувиар өссөн мэдээ байна. Гэтэл тухайн хэргийг үйлдсэн л бол зөвхөн олон жилийн хорих ял оногдуулж байгааг өөрчлөх.
- 3. Эрүүгийн хуулийн ихэнхи гэмт хэргийн хүндрүүлэх, онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд заасан байдаг энэ гэмт хэрэгт болон бусад зарим гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол гэснийг бүгдийг хүчингүй болгох.
Учир нь тухайн этгээд өмнө гэмт хэрэг үйлдэж тухайн хэрэгтээ ялаа эдэлсэн байдаг тул түүнийг дахин хүндрүүлэн заах нь нэг гэмт хэрэгт зөвхөн нэг удаа л шийтгүүлнэ гэсэн “шударга ёс”-ны зарчимтай зөрчилдсөн.
Өмнө үйлдсэн хэрэгтээ ялтай байдалтай этгээдийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар ялыг хүндрүүлэх нөхцөл байдалтайд тооцохоос гадна түүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах зарчим байгаа.
Жишээ нь : Эрүүгийн хуулийн 145.4 дахь заалтаас : энэ хэргийг булаах, дээрэмдэх, уулгалан довтлох гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн гэдгийг хасах. Учир нь нэгэнт тухайн хэрэгтээ шийтгүүлчихсэн байх тул ингэж заасан нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд тухайн хэрэгт нь зөвхөн 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн “эрүүгийн хуулийн шударга ёс”-ны зарчимтай зөрчилдөнө. Нөгөө талаас тухайлбал нэг этгээд өмнө нь бусдын 150.000 төгрөгийг булааж 146 дугаар зүйлийн 146.1-дзааснаар буюу хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байхдаа 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар бусдын 200.000 төгрөгийн 1 тооны бод малыг хулгайлсан гэвэл тухайн этгээдийг шууд 145.4-тзааснаар 10 жилээс дээш ял оноох нь шударга уу, харгис бусуу.
Зөвхөн 145.4-т заасан бус өөр бусад бүх зүйл ангиудад энэ мэтээр ялыг ”хүндрүүлэх, онц хүндрүүлэхээр заасан”-ыг бүгдийг нь хүчингүй болгох ёстой.
- 4. Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга ёсны зарчмыг Эрүүгийн хуульд тууштай хангах.
Жирийн иргэн нь ял эдэлдэг, эрх мэдэлтэн, албан тушаалтнууд нь ял эдэлдэггүй, эсхүл тэдний эдлэх ял нь тэнгэр, газар мэт ялгамжтай байх нь шударга ёс, тэгш эрхийн зарчимд нийцэхгүй.
Албан тушаалын буюу авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын байдлыг харахад гэмт хэргийн хөнгөн, хүндэвтэр ангилалд хамаарч байгаа нь шударга бус явдал ба энэ нь иргэдийг нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан хэлбэр мөн төдийгүй Үндсэн хуульд заасан хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй болон бусад зарчмуудад нийцэхгүй байгааг анхаарах нь чухал байна.
Албан тушаалын буюу авлига, хээл хахуулийн гэмт хэрэг нь улс, нийгэм, иргэдийн аюулгүй байдал, амьдрах эрхэд ноцтой аюул учруулахад хүргэдэг, жирийн иргэний үйлдсэн гэмт хэрэгтэй харьцуулашгүй ноцтой үр дагавартай, үйлдлийн арга, хэлбэрээрээ “сонгодог” гэмт хэрэгт тооцогдох учраас тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлого хатуу байх ёстой.
Мөн албан тушаалын эсрэг бөгөөд хохирлоор зүйлчлэгдэх гэмт хэргийн ихэнхид нь “зөвхөн үлэмж хэмжээний хохирол” учруулсан бол гэж заасан нь шударга ёс, тэгш эрхийн зарчмын ноцтой зөрчил болно. Энгийн иргэн 108.000 төгрөг хулгайлбал гэмт хэрэг, харин албан тушаалтан төсвийн хөрөнгө, мөнгөнөөс 108.000-аас 5 сая буюу үлэмж хэмжээ хүртэлх мөнгө, хөрөнгө хулгайлбал гэмт хэрэг биш байж болох нь шударга, ариун үйлдэл мөн үү ?
- 5. Тэнсэгдсэн болон хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд тухайн этгээд “захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлнэ“ гэх бүх заалтыг хүчингүй болгох
Гэмт хэрэг, захиргааны зөрчил 2-ыг адилтгах ямар ч үндэслэлгүй, захиргааны зөрчил гаргасан гэж өмнө үйлдсэн гэмт хэргийнх нь ялыг эдлүүлэх шаардлагагүй бөгөөд хуульд заасан зарчимд нийцэхгүй юм. Гэтэл тухайн заалтаар хичнээн олон этгээдийг ял эдлүүлж байна. Захиргааны зөрчил гаргасан бол тухайн зөрчилд нь Эрүүгийнхээс бусад холбогдох хуульд зааснаар арга хэмжээ авах, хэрэв тухайн этгээд гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн дагуу зохих ялаа эдлэх түүнчлэн тухайн этгээд шүүхийн шийдвэрийг үл биелүүлээгүй бол гэмт хэрэгт тооцох хүртэл зохицуулалт байгаа тулЭрүүгийн хуулийн 61.5, 62.3, 63.2 зэрэг заалтуудыг хүчингүй болгох нь зохистой.
- 6. Гэмт хэрэгт шалгахгүй, шалгагдахгүй байх, Эрүүгийн хууль тойрч гарах, ял завшигдах боломжийг хаахын тулд гэмт хэргийн “түдгэлзүүлсэн хугацаа”-г хүндэтгэх болон хүндэтгэх бус ямар нэг шалтгаан үл тоочиж, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд оруулж тооцохгүй байх зохицуулалтыг Эрүүгийн хуульд зааж өгөх
Тэгэхгүй бол авлига, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн албан тушаалтнуудын болон зарим хөнгөн, хүндэвтэр хэргийг ямар нэгэн байдлаар түдгэлзүүлж, эцэст нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгодог явдал байсаар л байна. Түдгэлзүүлэх гэдгийн цаана хууль зөрчсөн асуудлууд олон байдгийг иргэд, судлаач, хуульчид ярьж, бичиж, мэдээлсэн байдаг.
- 7. Уул уурхайн үйлдвэр эрчимтэй хөгжих эхлэл тавигдсантай холбоотойгоор аж ахуйн эсрэг, байгаль хамгаалах журмын эсрэг, эдийн засгийн зэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинэчилж болон шинээр нэмж нарийвчлан тодорхойлж, боловсронгуй болгох.
Улсы нхэмжээнд 5000 орчим га талбай эвдрэлд орж нөхөн сэргээгдэхгүй болсон тоо баримт байна. Мөн уул, ус, газар шорооны төлөө тэмцэж буй иргэний хөдөлгөөнүүдийн хийсэн ажлууд, тавьж буй шаардлагыг бүх талаас нь бодитой судлах ёстой, тэр дотор анхаарч шийдвэрлэх олон асуудлууд байгаа. Энэ хүрээнд байгаль орчны бохирдуулж, нөхөн сэргээхгүй байгаа хуулийн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудлыг нэн даруй, оновчтой шийдвэрлэх.
Уул уурхайн салбарыг дагаж бусад ялангуяа банк, санхүү, эдийн засгийн зэрэг хүрээнд гарч байгаа гэмт хэргийн шинэ хэлбэрүүдийг оновчтой тодорхойлох, гэмт хэрэгт тооцох эсэх буюу нарийвчлан зохицуулах бодит шаардлага үүссэн байна.
Эдгээр нь Эрүүгийн хуулийг зайлшгүй өөрчлөх үндэслэлүүдийн зөвхөн “зарим” болох ба өөр бусад олон үндэслэл, шаардлагууд байгаа талаар эрдэмтэн, судлаач, хуульчид байр сууриа илэрхийлсэн байдаг.
Эрүүгийн хуульд оруулах шинэчлэл бүр ньиргэн бүр хуулийн өмнө эрх тэгш байх, нийгэмд шударга ёсыгтогтоох нийтлэг хүсэл зоригийг хангахад чиглэсэн байх ёстой билээ.
Баянхонгор аймаг дахь сум дундын
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
Ерөнхий шүүгч Б.ГЭРЭЛМАА