УИХ-ын гишүүн С.Жавхлангаас дараах зүйлийг тодрууллаа.
-Та бие даагч гишүүний хувьд УИХ-ын гишүүдийг “Давхар дээл”-тэй байх эсэх асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Тогтолцоо нь өөрөө буруу байна. Үүнээс болж нийгмийн завхрал бий болоод байна л даа. Гэтэл түмэн олон тэс өөр зүйлийг хүсч байна. Би ямар нэгэн байдлаар УИХ-ын танхимд хэрүүл хийж, хүний ул шагайх гэж гишүүн болоогүй. Өөрөөр хэлбэл, янз бүрийн доромж үг хэлэх, эсвэл нэг их айхтар ухаантай хүн болох гэж чуулганы танхимд оролцоогүй. Зөвхөн бусдыгаа ухааруулах, улмаар ухааралцах, эвцэлдэх гэх зарчмаар л ажиллана. Байр сууриа ч илэрхийлж явна. Хэрэв санаж байгаа бол 2008 оны үеэс л дан, давхар дээлний асуудлыг ярьж эхэлсэн. Нөгөөтэйгүүр Засгийн эрхийг барьж байгаа МАН-ын гишүүд тав талбайд цуглаж, давхар дээлийг эсэргүүцэж байсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, одоо эрх барьж байгаа намын залуус Монгол ёс заншлыг уландаа гишгэсэн үйлдэл гаргаж байсан. Гэтэл хүний амьдралын гол зарчим нь үзэл бодолдоо тууштай зогсохыг л хэлнэ. Хэр туйлбартай, тууштай байна түүнээс бүх зүйл харагддаг. Гэтэл тэр тэмцлийг хийж байсан залуус өнөөдөр түүнийхээ эсрэг зогсож байна. Энэ бол их туйлбаргүй, холбиромтгой сэтгэхүйтэй залуус байна даа гэх дүгнэлтэд хүрч байна. Тиймээс би давхар дээлний эсрэг байр суурьтай байна даа.
-Таны хувьд өмнөх Засгийн газрын бүтцийг хэрхэн харж байв. Энэ удаагийн Засгийн газрыг данхайсан бүтэцтэй байгуулагдлаа гэх шүүмжлэлийг хүмүүс ярьж байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Би хэлсэн. Тогтолцоог тэр чигээр нь буруушаадаг гэж. Ерөөсөө л буруу тогтолцоогоор яваад байна шүү дээ. Одоо бол дан ажилтай байна уу, давхар байна уу сэтгэл байхад л болно. Гэтэл огт сэтгэлгүй зүйл яваад байна шүү дээ. Үүнд л хүмүүс болон би сэтгэл дундуур байдаг. Түүнээс биш данхайсан эсэхээс нь үл хамаарч сэтгэлтэй цөөхөн хүн байхад л ямар ч ажил урагшилна гэж бодож байна.
-Олон нийтийн сүлжээгээр таныг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах асуудлыг ярьж байна. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Таны хувьд ямар тайлбар өгөх вэ?
-Хүмүүс намайг улс төрд битгий ор, сайхан дуугаа дуулаад яв гэж хэлж байсан. Үнэнийг хэлэхэд, би сайхан дуу дуулаад явж болно л доо. Гэхдээ төрийн түшээдүүд эх орныг маань сайхан авч явж чадахгүй байна шүү дээ. Тиймээс эхлээд эх орноо сайхан болгочихоод дуугаа дуулахаар шийдсэн юм. Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэж ярьж байна. Тухайн үед би ажлаа л хийсэн шүү дээ. Би дуугаа л дуулах нь тодорхой. Энэ чинь миний мэргэжил. Тэгэхээр “Илгээлтийн эзэд” гэдэг аянаас олсон орлогоо өвс болгож, маш хүнд байгаа малчдад хүргүүлсэн. Иргэдэд ч тараасан юм биш. Нарийн ярих юм бол тэр өвсийг мал идсэн шүү дээ. Хүн идээгүй биз дээ. Өвс идсэн хүн байвал надтай холбогдож болно.
-Таны ярьж байгаагаар бол ямар ч хууль зөрчөөгүй гэж ойлгож болох уу?
-Тийм. Үнэхээр хууль зөрчсөн, бүрэн эрхээсээ татан буугдах дээрээ тулах юм бол тухайн үед оролцсон хүмүүс байгаа шүү дээ. Ерөнхий сайдаас эхлүүлээд Шадар сайд, Хөдөө, аж ахуйн яам болон Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд нарын асуудлыг яагаад хөндөхгүй байгаа юм бэ. Гэтэл энэ бол халуун сэтгэлийн аян шүү дээ. Засгийн газартай хамтран хийсэн гэдгийг ч хүмүүс мэдэж байгаа гэж бодож байна. Яах вэ, ийм зүйлийг хөндөж байгаа хүмүүс их завтай л байна. Өөр хэлэх үг алга.
Эх сурвалж: