Халах эрхтэй даргад хариуцлагыг нь хамт үүрүүлье

143271512955657f797b2b8

Сүүлийн хоёр жилийн хугацаанд төрийн албан хаагчийг үндэслэлгүйгээр чөлөөлсөн, халсантай холбогдуулан төрийн байгууллагаас гаргуулахаар шүүхээр шийдвэрлэсэн мөнгөн дүн 2.5 тэрбум гаруй төгрөгт хүрчээ.

Тэрчлэн 2015 оны төсвийн тодотголд 5.3 тэрбум төгрөгийг бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлсний тэтгэмжид олгохоор тусгаж байв. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоогийн мэдээлснээр өнгөрсөн оны хагас хүртэл 15 яамны хэмжээнд 138 хүнийг гаднаас, төрийн албаны сонгон шалгаруулалтгүй томилсон байх юм. Энэ бол төдий хэмжээний хүнийг мөн л төрийн албанаас шууд халсан гэсэн үг.

“Халагдаж, томилогдож байдаг л алба шүү дээ” хэмээн бодож болох юм. Харамсалтай нь халсан, халагдсан хоёр хүний хоорондын маргаан мэт харагдах үзэгдлээс болж дээрх хэмжээний мөнгийг төсвөөс үргүй зарцуулж байгааг энд тодотгоё.

Монголын төр УИХ, Засгийн газраасаа улбаатай улс төржилт ихтэй, төрийн алба түүнийг дагаж савладаг нь нууц биш.

Гэвч хууль бусаар доод шатныхаа албан хаагчийг халах хуудуутай шийдвэр гаргасан хэн нэгэн даргаас бус, татвар төлөгч бидний халааснаас нөхөн төлбөр гардаг гэвэл та хэрхэн хүлээж авах вэ.

“Төрийн албан хаагчийн гэм буруутай үйлдлээс үүдэн бий болсон хохирлыг төр хариуцна” гэсэн хуулийн ганц заалт халхавч хийх сэжим нь болсоор өдий хүрэв.

Төрийн албыг дураараа бужигнуулдаг байдал хавтгай өрнөдөг. Намын гишүүнээ, найзыгаа, төрсөн гарснаас эхлээд төрөл садангийнхаа хүмүүсийг тавьдаг бичигдээгүй хуулиас болж төрийн албанд ажиллана гэдэг улс төрийн томилгоо болсоор удаж байна.

Хамгийн их хүн халдаг, тэр нь хөдөлмөрийн маргаан болдог субъект нь сайд, эсвэл яам агентлагийн дарга нар. Уг нь төрийн албан хаагч гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдвол, Монгол Улсын харьяатаас гарвал, хоёр ба түүнээс дээш удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиолдолд халагддаг. Үүнээс өөрөөр төрийн албан хаагчийг халах үндэслэл хуульд байдаггүй аж. Тэгвэл эрх үүргээ хуулиар хамгаалуулсан төрийн албан хаагчдад дарамт, шахалт үзүүлдэг хүмүүс нь улстөрчид.

Өөр нэгэн төрийн байгууллагын статистик мэдээллээс эшлэе. Авлигатай тэмцэх газраас гаргасан саяхны нэгэн судалгаанд төрийн албаны томилгоо хаана, ямар хөдөлгөөнтэй байгааг харах боломж олдсон юм. 2015 оны эхнээс энэ оны дөрөвдүгээр сарын сүүлч хүртэлх хугацааг хамрах эл судалгаанд ашиг сонирхлын зөрчилтэй, эсэхээ тодорхойлуулахаар АТГ-т хандсан 10,036 мэдүүлэг гаргагчийг хамруулжээ.

Тэдгээрийн 3,373 нь өөр албан тушаалд шилжин томилогдох, 2,758 нь албан тушаалын ангилал, зэрэг өөрчлөгдсөн аж. Харин 1,210 нь эрхлэх асуудлын чиг үүрэг өөрчлөгдсөн, 1,100 нь нийтийн албанд шинээр томилогдох мэдүүлэг байв.

Дээрхээс үзвэл, энэ хугацаанд 3,373 хүн ажил албаа сэлгэн шилжсэн, 2,758 хүн албан тушаалын өөр ангилал, зэрэгтэй болсон, 1,210 төрийн албан хаагчийн эрхэлж буй ажлынх нь чиг үүрэг өөрчлөгдсөн, харин 110 нь шинээр томилогдсон гэсэн үг.

АТГ-аас дүн шинжилгээг хийхдээ хугацааг cap тус бүрээр нь ялгаж, салган авч үзжээ. Эндээс харахад 2015 оны нэгдүгээр сард хамгийн олон хүн АТГ-т хандаж, ашиг сонирхлын зөрчилгүй гэх мэдүүлгээ өгсөн байна. Тодорхой хэлбэл, нийт 996 хүн. Энэ бол AH, МАН хамтарч шийдлийн Засгийн газрыг байгуулсны дараах үе юм байна.

Тэр тусмаа Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Зам, тээврийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагад томилогдох этгээдүүдийн мэдүүлгийн тоо харьцангуй олон байв. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шинэ хамтрагчаар орж ирсэн МАН-аас Шадар сайд томилогдсон. Онцгой байдлын ерөнхий газар, МХЕГ гэх мэт дээр дурдсан салбарууд бол Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг.

Мөн тус оныхоо тавдугаар сард нь АТГ-т хянуулахаар 821 мэдүүлэг ирүүлсний 269 нь Цагдаагийн ерөнхий газарт хамааралтай байв. Энэ нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, дэд дарга нар томилогдсоны дараах цаг үетэй давхцаж байгаа юм.

Харин энэ оны гуравдугаар сард АТГ-т 673 мэдүүлгийг хянахаар хүлээн авсан. Эдгээрийн ихэнх хувийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Гааль, татварын ерөнхий газрын томилгоо эзэлж байна. 2016 оны эхний сард гааль, татвар, улсын бүртгэл, статистик зэрэг төрийн байгууллагыг нэгтгэн зохион байгуулсантай үүнийг холбон ойлгож болно.

Ийнхүү аль нэг салбарын сайд солигдоход тухайн хүний эрхлэх асуудлын хүрээнд багтдаг бүх харьяа байгууллага дагаж донсолдог нь АТГ-ын хийсэн шинжилгээгээр батлагдаж байна. Тухайлбал, дээрх хугацаанд мэдүүлэг гаргасан нийт хүнээс 2,764 нь төрийн аль нэг байгууллагад “дарга”-аар томилогдохоор мэдүүлгээ ирүүлсэн байгаа юм. Энэ нь дээрх хугацаанд АТГ-т мэдүүлгээ хянуулахаар хүргүүлсэн дөрвөн хүний нэг нь даргын албан тушаалд томилогдохоор нэрээ дэвшүүлсэн гэсэн үг. Харин тэр хугацаанд төдий тооны хүн ажлаас халагдсан болж таарах нь. Бас л том тоо шүү.

Эдгээрийн хэд нь Захиргааны хэргийн шүүхэд хандаж, хэдэд нь нөхөн төлбөр олгох шийдвэр гарсан бол. Угтаа бол халаа сэлгээ, томилгоог төр хийгээгүй. Харин төрийн өндөр албан тушаалд улс төрийн томилгоогоор очсон хүмүүс л намын болон хувийн эрх ашгийн үүднээс хийдэг. Тиймээс нөхөн төлбөрийн хохирлыг тэднээр төлүүлбэл зүйд нийцэх мэт санагдах юм.

Ажлаасаа үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон бол ажилгүй байсан хугацааны цалингаа буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаас гаргуулдаггүйн шалтгаан юу вэ. Үүнийг Төрийн албаны зөвлөлөөс тодруулахад “Төрийн албаны тухай хуулийн 35.1.2-д албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрхийг хуульчлан зааж өгсөн байдаг. Нэхэмжлэл гаргахын тулд тухайн албан хаагч хохирлоо буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаас гаргуулах хүсэлт, холбогдох баримтын хамт манайд ирүүлэх учиртай юм. Гэвч ийм хүсэлт үндсэндээ ирдэггүй.

Төрийн албан хаагчид хуулийн энэ зохицуулалтыг сайн мэддэггүй тул Төрийн албаны зөвлөлд хандаж нэхэмжлэл гаргахгүй өдий хүрлээ. Шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд тухайн албан хаагч ажилгүй байсан хугацааныхаа цалинг байгууллагаасаа авчихаад л дуугүй болчихдог.

Үүний цаана төр хохирч байна гэдгийг тэд сайн ойлгодоггүй. Зарим тохиолдолд нөгөө дарга нь өнөөдөр ажилд нь томилчихоод нөгөөдөр нь халдаг тохиолдол ч бий. Ийм албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын механизм ч бас сул байгаа” гэсэн тайлбар өгөв.

Хэрэв буруу шийдвэр гаргасан албан тушаалтнаар хохирлыг барагдуулдаг болчихвол төрийн албан хаагчдыг сонгуулийн дараа, эсвэл удирдлага солигдоход хоморголон халдаг байдал багасч таарна. Ямба нь даргынх, ял нь түмнийх байж таарахгүйг манай сонин өмнө нь ч сануулж байсан. Улс төрийн сонгуулийн нэгэн цикл өнгөрч, УИХ, Засгийн газрын түвшинд томилгоо ид өрнөж байна.Энэ үед үүнийг сануулж, ийн анхааруулах нь сэтгүүлзүйн үүрэг хэмээн үзэж байна.

Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …