Сурагчийн шинэ дүрэмт хувцасны үнийг эцэг эхчүүдийн зүгээс хэт өндөр байна хэмээн гомдол гаргаж, хэвлэлийн бага хурал хийсэн. Харин эцэг эхчүүдийг ташаа мэдээлэлтэй байна гэж БШУЯ, ҮХААЯ-наас энэ сарын есний өдөр мэдэгдэл хийсэн юм. Урьд жилүүдэд нийт сурагчдын 70 хувь нь дүрэмт хувцас өмсөж, үлдсэн 30 хувь нь өмсөөгүй гэсэн судалгаа гарчээ. Дээрх 70 хувийн дүрэмт хувцасны 10 хувийг нь дотооддоо үйлдвэрлэж, 60 хувийг нь импортоор БНХАУ-аас авдаг байсан байна.
Тиймээс сурагчийн дүрэмт хувцасны жишиг загварыг аймаг орон нутагт хүргүүлэн хэлэлцүүлж, хөндлөнгийн шинжээчдийн багийн дүгнэлтийг үндэслэн Орон нутгийн боловсролын газрууд Боловсролын тухай хуульд заасны дагуу шинэ загварыг баталсан. Үүний дагуу энэ хичээлийн жилээс эхлэн монгол хонины ноосны орцтой даавуу болон ээрмэл утсаар үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл утсаар дотооддоо үйлдвэрлэсэн хувцсаар сурагчдыг бүрэн хангах ажлыг зохион байгуулж эхэлсэн. Хамгийн их гомдол дагуулж буй нь үнэ юм. Өнгөрсөн жил импортоор авдаг байсан хувцаснаас энэ жилийнх арай өндөр үнэтэй. Мөн дотооддоо үйлдвэрлэсэн ижил төрлийн хувцаснаас 2900-15000 төгрөгөөр илүү байгаа. Гэхдээ материалын хувьд сурагчдын дүрэмт хувцасны зориулалттай даавуу бөгөөд олон улсын болон Монголын стандартын шаардлагыг хангасан хэмээн салбарынхан онцолж байв. Энэ жилийн хамгийн үнэтэй хувцас нь ахлах ангийн эрэгтэй хүүхдийн дүрэмт хувцас 99.739 төгрөгөөр борлуулагдах гэнэ.
Монгол Улсад нийт 520 мянган сурагчийн иж бүрэн дүрэмт хувцас шаардлагатай ч одоогоор сургууль, эцэг эхчүүдээс 400 гаруй мянган хувцас авах захиалга ирүүлээд байгаа аж. Түүнчлэн энэ хичээлийн жилд сурагчдыг заавал шинэ дүрэмт хувцсаар ижилсэх ёстой гэсэн хатуу шаардлагыг тавихгүй юм байна. Учир нь, эцэг эхчүүдийн зүгээс өнгөрсөн хичээлийн жилд хүүхдүүддээ авч өгсөн дүрэмт хувцас нь элэгдээгүй байхад дахин шинийг авах боломжгүй гэдэг гомдлыг ихээр ирүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, шинэ батлагдсан загварын хувцсыг сонгохоос гадна өмнө нь худалдаж авсан хуучин хувцсаа үргэлжлүүлэн өмсөж болно.
Өглөөний сонин