-2017 оны Ерөнхий лөгчийн сонгууль сонирхолтой болно-
Ардчилсан намд өнгөрсөн сонгуулийн том ялагдал нь ухаарал хайрлаагүй бололтой. Тэд намын даргаараа сонгох хүний тэргүүн эгнээнд Э.Бат-Үүл, Р.Амаржаргал хоёрын нэрийг оруулж ирсэн ч фракциудын ашиг сонирхлоор явдаг тус намд “Алтангадас”-аас Я.Санжмятавыг, “Шонхор”-оос С.Эрдэнийг, МҮДН-ээс Д.Эрдэнэбатыг, МоАН-аас Лу.Болд нарыг намын даргад зүтгүүлж эхэлжээ.
Тэгвэл дээр дурдсан хоёр хүнээс Р.Амаржаргал ердөө бэлгэдлийн чанартай нэр дэвшигч аж. Учир нь, АН-ын өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Э.Бат-Үүлийг Ерөнхийлөгчийн сонгуульд сойх ихээхэн хүсэлтэй байгаа. АН-ын дарга болсон хүн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бөгөөд Ц.Элбэгдорж өөрийн хүнээр намын даргаа тавьж, халаагаа өгөх хүсэлтэй. Харин Р.Амаржаргалын хувьд АН-ын удирдлагуудад ихээхэн жийгддэг, тэр нь ч өнгөрөгч УИХ-ын сонгуулиар Ерөнхийлөгчид “жийгдэж”, Эрдэнэтээс “хөөгдсөн” Ерөнхийлөгчийн “хүн” гэгддэг М.Батчимэгт тойргоо булаалгаснаас харагддаг.
Хэдийгээр одоогийн байдлаар АН-аас хамгийн өндөр чансаатай хүн нь Р.Амаржаргал байгаа ч түүнийг намын дарга, цаашлаад Ерөнхийлөгч болгох хүсэл АН-ын одоогийн удирдлагууд байхгүй байгаа нь нууц биш. Харин Э.Бат-Үүлийг Хотын даргаар ажиллаж байх үеэс нь л түүнийг Ерөнхийлөгч болгох хүсэлтэй байсан АН-ын удирдлагууд энэ сонгуулиар Э.Бат-Үүл өвдөг шороодож, рейтинг нь навс унасан ч энэ хүслээ тийм ч амархан орхихгүй нь бололтой.
Магадгүй АН МАН-ын түүхийг давтаж болох юм. 2012 оны сонгуулиар ялагдал хүлээсэн МАН 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээж нөхцөл байдал нь улам хүндэрч байв. Тухайн үед Н.Энхбаярыг лоббидож байгаад МАХН-аас О.Удвалийг нэр дэвшүүлэн санал хувааж Б.Бат-Эрдэнийг ялагдуулж байсан АН-ынхан 2017 онд ямар тактик баримтлахыг гагцхүү одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л мэдэх байх. Түүнийх хувьд 2017 онд тушаалаа хүлээлгэх өгөх бөгөөд “лидер”-гүй болсон энэ зайнд өөрийн хүнийг тавьчих хүсэлтэй.
Нөгөө талаас энэ зайнд МАН-аас С.Баяр, МАХН-аас Н.Энхбаяр түүнчлэн ХҮН-ээс С.Ганбаатар, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаас Г.Уянга нар өрсөлдөхөөр яригдаж байв. Гэвч энэ сонгуулиар ялагдал хүлээсэн С.Ганбаатар, Г.Уянга нар замын дундаас гээгдэж байх шиг байна. Учир нь, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүн намаас нэр дэвших ёстой бөгөөд тиймдээ ч С.Ганбаатар намд элсэхээр зүтгэж байв. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намын төлөөлөл нэр дэвших эрхтэй аж. Тиймээс Н.Энхбаярын хувьд О.Баасанхүү одоо “алтнаас ч үнэтэй хүү” болчихоод байгаа.
Нинж