Цагдаа, тагнуулын байгууллага хамтран С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчилж Төв аймгийн урьдчилан хорих төвд хорьсноос хойш ямар хэрэгт холбогдуулсан талаар мэдээлэлгүй найман сар боллоо. Европын парламентын холбоо ч хүртэл ямар учиртай талаар мэдээлэл авч чадахгүй өнөө хүрч байна.
Харин хүний эрхийг хангаж ажиллахыг, Б.Булганыг ямар учраас хорьж байгаа талаарх мэдээллээ ирүүлэхийг манай улсаас хоёр ч удаа шаардлаа. Сүүлд ирүүлсэн албан бичгээ АСЕМ-ийн үеэр явуулсан ч дэлхийн чуулганы хөлд дарагдаж, хэвлэл, мэдээллээр саяхнаас гарч байх шиг.
Ер нь бол Б.Булгантай холбоотой үйл явдлын эргэн тойронд учир битүүлэг байдал үүссэн. Эхэндээ дээд зэрэглэлийн хүүхдүүдийг Зүүн Өмнөд Ази руу гаргадаг сүлжээтэй холбоотой хэмээн цуурсан. Хар тамхины наймаанд хамаатай гэж ярьж, бичсэн нь ч бий.
Мөн С.Зориг агсны амийг хөнөөсөн аллагын хэрэгтэй холбоотой хоёр хүнийг барьж хорьсон гэлцэж буй. Хамгийн аймшигтай, олныг сэрдхийлгэсэн нь нэг эмэгтэйн үс талийгаачийн цустай гарт байсан үстэй ДНК-ийн шинжилгээгээр таарсан тухай юм. Тэр шинжилгээг Японд хийлгэсэн гэсэн бодитой байж болохуйц мэдээлэл дуулдсан.
Учир нь аймшигт хэрэг гарсны дараа С.Зориг агсны цустай гарт үлдсэн үсийг түүний төрсөн дүү С.Оюун хохирогчийн хувиар хөөцөлдөж байж Японд шинжлүүлэхээр явуулсан байдаг.
Б.Булганы хувьд С.Зориг агсны эхнэр, аймшигт аллагын үед дэргэд нь байсан цорын ганц гэрч. Дээр нь улс төрийн сонгуулийн үе таарсан. Сонгууль болгоны өмнө эрх барьж буй аль нэг нам хүчний зүгээс хэргийг илрүүлнэ хэмээн шоуддаг учраас олон нийтийн санаа бодол ерөнхийдөө энэ чиглэлд төвлөрсөн.
Тиймээс хэрэг илрэх нь гэдэгт итгээгүй, шоу гэж харсан. Төрсөн дүү нь УИХ-ын гишүүн, сайд болж парламентад суугаад ч хэрэг илрээгүй. Хэрэг гарснаас хойш 17 жил болоход, эд мөрийн баримтуудын бүрэн бүтэн байдал бүрхэг болсон, мөрдөн шалгахад гардан оролцож байсан хүмүүс нь чөлөөндөө гарч, зарим нь хувь заяаны эрхээр хорвоогоос одсон байхад найдлага бараг тасрахаас яах вэ. Ийм байгаа ч бас эргэлзээ бий.
Ямартай ч Б.Булганыг барьж хорьсноос хойш хоёр сар гаруйн дараа өмгөөлөгч, гэр бүлийнхэн, найз нөхдийг нь уулзуулдаггүй, эргэлт оруулдаггүй, унших ном сонин өгдөггүй. Хувцсыг нь солиулдаггүй, 24 цагийн гэрэлтэй онцгой нөхцөлд байлгадаг гэж ээж нь хэвлэлд ярьсан юм.
Бас УИХ дахь Өргөдлийн байнгын хороо, Хүний эрхийн комисст өргөдөл гомдол гаргаж байв. Дараахан нь Ц.Оюунгэрэл УИХ-ын гишүүн байхдаа төрийн хүний хувьд, эмэгтэй хүний зүгээс ихээхэн зүтгэл гаргаж, хорих байрны хонгилд суулт хийж байж арай гэж уулзахдаа “Эмэгтэй хүн гэхэд бие засах газар нь хоригдож байгаа бүх эрчүүдийн нүдэн дээр, хүний эрхийг ноцтой зөрчиж байна” гэдгийг илчилж байлаа.
Холбогдох байгууллагууд үгүйсгэж байсан ч Хүний эрхийн комисс гэхчлэн шат шатны байгууллагууд ажиллаж, зөрчлийг арилгасан гэсэн мэдээлэл өгснөөс юуг нь яаж өөрчилсөн талаар бас л мэдээлээгүй.
Харин Хүний эрхийн комиссоос “Б.Булганы эрх зөрчигдсөн ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй” гэсэн бөөрөнхий дүгнэлт гаргаж байлаа. Саяхан Төв аймгийн урьдчилан хорих төвд хоригдож байсан эмэгтэйн хэвлэлд ярьсныг эс тооцвол одоогоор ямар ч мэдээлэл алга.
Тэр бүсгүй хамт хоригдож байсан, гэхдээ өөр камерт байлаа. Өглөө торны цаанаас бараа бараагаа харж мэндэлдэг ч маш хатуу дарамтад байсан гэснээс өөр тодорхой зүйл бас яриагүй. Хамгийн гол нь Б.Булган амьд мэнд байгааг, тэнд зодуур, харгислал, дарамт байдаг гэдгийг түүний ярианаас олон нийт мэдэж авсан.
Б.Булганыг баривчилж хорих үед эрх барьж байсан, удирдан чиглүүлж байсан нам бол АН. Өнөөдөр 2016 оны сонгууль дуусч, бүх зүйл цэгцэрч байна. Уг нь сонгуулийн өмнө С.Зориг агсны амийг хөнөөсөн аллагын эзнийг зарлана, хэргийг илчилнэ гээд байсан, Ардчилсан намынхан.
Энэ намд Р.Гончигдорж, Э.Бат-Үүл тэргүүтэй ардчиллын удирдагч С.Зориг агсны анд нөхөд, хамтран зүтгэгчид өнөөдөр ч байж л байна. Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч талийгаачтай мөр зэрэгцэж явсан найз нь гэдэг. Тэд ямар ч шийдвэр гаргасангүй. Одоо бол МАН олонх болж засгийн эрх шилжсэн үе.
Үнэхээр 2016 оны Их хурлын сонгуулийн барьцаа байсан юм бол Б.Булганыг сулламаар. Гэтэл тэгсэнгүй. Энэ байдал нь “АН-ынхан Б.Булганыг барьж хорьж, МАН улстөрийн “хөзөр”-өө болголоо” гэсэн хардлага дагуулж байгаа.
Эсвэл АН дотроос эрх мэдэл бүхий хэн нэгэн МАН-тай тохироо хийж, Б.Булганыг ийнхүү “хөзөр” болгосон уу гэсэн асуулт бас гарч буй. Тэр нь 2016 оны сонгууль биш байсан бол 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн “барьцаа” юу гээд лавлавал бас л асуулт гарна.
Б.Булган “хөзөр” юм бол 2017 онд МАН, АН-аас хэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших вэ, тэр хүртэл түүнийг шоронд хорьсоор байх уу гээд таамаг хөвөрнө. АН-аас хэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших вэ гээд аваад үзвэл бас л сонин зураг харагдана.
Сонгуулийн дараачаас АН дотор хүчтэй өрнөж эхэлсэн намын даргын “марафон” ч нэгийг хэлэх биз. АН ирэх баасан гаригт болох ҮЗХ-ны хурлаар намын даргаа тодруулж арванхоёрдугаар сард болох Их хурлаараа батламжилна. Даргын сунгаанд Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нар явж байгаа.
Дээр нь МоАН фракц Лу.Болдыг, МҮДН-ынхан Д.Эрдэнэбатыг, “Алтангадас”-чууд Я.Санжмятавыг, “Шонхор” фракцынхан С.Эрдэнийг нэр дэвшүүлэхээр болсон. Намын дарга болсон эрхэм 2017 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ. Эдний дотроос арай зангарагтай, хүчтэй лидер гэвэл хоёр л хүн бий.
Тэр нь Э.Бат-Үүл, С.Эрдэнэ нар. Улс төрийн одоогийн зургаар бол С.Эрдэнийг нам дотроос нь ч, МАН-ын зүгээс ч асуудалд холбогдуулж Х.Баттулгын араас явуулчихаж мэдэх нөхцөл байдал үүссэн. Э.Бат-Үүл намын дарга болж, Ерөнхийлөгчид нэр дэвших юм бол С.Зориг агсныг амиа алдах үед тэдний гэрт мартсан малгайнаас эхлээд асуудал сөхөгдөх нь ойлгомжтой.
Хамгийн гол нь одоо МАН бүгдийг гартаа авсан, Б.Булганы асуудлыг ч тэд л шийднэ. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын хуулийн зөвлөхөөр С.Зориг агсны амийг хөнөөсөн аймшигт аллагын хэргийг мөрдөн шалгаж байсан гавьяат хуульч Д.Мөрөн ажилладаг. Тэр энэ хэргийг илрүүлнэ хэмээн амлаж, УИХ-ын гишүүн хүртэл болж байв.
Эцэст нь хэлэхэд, хамгийн муухай зүйл нь манай улстөрчид бүхэл бүтэн хүний амь насыг, ардчиллын удирдагчийг хөнөөсөн аймшигт аллагын хэргийг улс төрийн ашиг хонжоо хайж, хэн нэгнээсээ өс хонзон авах гэж наймаалцдаг жишиг тогтлоо.
Ардчилсан орон, ардчилсан ерөнхийлөгч, ардчилалтай монголчууд гэж гайхуулдаг атлаа монгол хүнээ, мах цусны тасархайдаа бид ингэж л хандаж байна. Б.Булган ч гэсэн монгол хүн, эх хүн, бидний мах цусны тасархай шүү дээ.
Ч.Зотол
Зууны мэдээ сонин