Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр өнөөдөр Азийн хөгжлийн Хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Эндрю Майкинтаяр тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтад АХБ-ны “Ирээдүйн хотууд хөтөлбөр”-ийн зохицуулагч, Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн Г.Бат-Эрдэнэ болон тус яамны холбогдох албаны хүмүүс оролцсон юм.
Азийн хөгжлийн банкныхан “Өнгөрсөн жилүүдэд Азийн улс орнуудын нийт иргэдийн 60-80 хувь нь нийслэлдээ шилжин суурьшиж байна. Тиймээс судалгаанд тулгуурлан нийслэл, хот суурин газруудын хөгжилд анхаарч, багагүй хөрөнгө зарцуулсан” хэмээн тодотголоо. “Ирээдүйн хотууд хөтөлбөр”-ийг Улаанбаатараас гадна Гүржийн Тбилис, Мьянмарын Мандалай, Индонезийн Бандун, Филиппиний Сува хотуудад хэрэгжүүлж байгаа.
Харин Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр Гэр хорооллыг орон сууцжуулах асуудал дэд бүтэц, газар доорх байгууламж, цэвэр бохир усны болон дулааны шугам сүлжээний асуудал дээр их гацдаг. Цэвэрлэх байгууламжийн талаар ямар ажил хийх төлөвлөгөөтэй байгааг тодрууллаа.
Түүний цэвэрлэх байгууламжийг шинээр барих, өргөтгөх, бага оврын байгууламж барих уу гэсэн асуултад АХБ-ны төлөөлөл “Бусад орны туршлагаас харахад бага оврын байгууламж барин төв цэвэрлэх байгууламжид холбох нь бага хөрөнгөөр их ажил өрнүүлэх том боломж юм” гэлээ.