Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг сайд болохоосоо нэг хоногийн өмнө хувийн эмнэлгээ заржээ

eren_12121545

-Захирал сайд болсон учраас одоогоор Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Мягмаржав түр удирдаж байгаа-

Арьсны өвчин судлалын үндэсний төвийн захирал асан А.Цогцэцэгийг МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр Эрүүл мэндийн сайдаар өнгөрсөн сарын 28-ны өдөр томилсон. Эл эмэгтэйг тус салбарын сайдаар томилогдоход олон нийт хийгээд салбарынхан нь таатай хүлээж аваагүй ч тэрбээр ар тал томтой гэдгээ батлан харуулж АТГ-аас үйлдэж өгдөг албан бичгийг ногоон гэрлээр өвөртлөн шууд л сайдын албанд томилогдсон билээ. Ийн хэлэхийн учир нь үнэхээр А.Цогцэцэг Эрүүл мэндийн яамны сайдаар томилогдоход ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилгүй байсан гэж үү хэмээн олон нийт ихэд гайхан хүлээж авсныг нуух юун.
Арьсны өвчин судлалын үндэсний төвийг 10 гаруй жил даргалахдаа тэрбээр хувьдаа “ALERGY MED” нэртэй Арьсны өвчин, харшил, эмчилгээний гоо заслын оношилгоо эмчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг арван давхар объект бүхий эмнэлгийг улсын эмнэлгийнхээ хажуугаар давхар удирдаж ирсэн хүн. Гэхдээ АТГ-аас А.Цогцэцэгийн нэр дээр эрүүл мэндийн салбарт хамаарах хуулийн этгээд байхгүй гэж үзэв.
Сайдад томилогдохтой холбоотойгоор АТГ-аас түүний талаар “хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн хяналт шалгалтын хүрээнд бүртгэл, хяналтын байгууллагуудаас мэдээлэл, лавлагаа гаргуулан авдаг юм. Эдгээр лавлагаагаар 2016 оны долоодугаар сарын 29-ний өдрийн байдлаар А.Цогцэцэг болон түүний хамаарал бүхий этгээдийн нэр дээр үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэг эрүүл мэндийн салбарт хамаарах хуулийн этгээд тогтоогдоогүй. Компани нь өөрийнх нь гүйцэтгэх чиг үүрэгтэй холбоогүй бол тухайн албанд томилогдогдоход болохгүй зүйлгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайд эмнэлгийн компанитай байж байгаад томилогдох юм бол энэ нь ашиг сонирхлын зөрчил мөн” хэмээх тайлбарыг хэвлэлд өгсөн байв. Тэгвэл АТГ-ын албан бичигт дурдснаар бол А.Цогцэцэг болон түүний хамаарал бүхий этгээдийн нэр дээр үүсгэн байгуулсан, хувь эзэмшдэг эрүүл мэндийн салбарт хамаарах хуулийн этгээд тогтоогдоогүй гэх тодорхойлолт нь хачирхал төрүүлж буй юм.
Тэгвэл Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хуучнаар “ХИД-2” дэлгүүрийн чанх урд нь “ALERGY MED” нэртэй арьс, харшлын эмнэлгийг цогцоор нь үүсгэн байгуулж нөхрийнхөө нэрээр эмнэлгийнхээ үйл ажиллагааг явуулж байсан. Түүнчлэн Хэнтий аймгийн Аварга тосонгийн дэргэд сувиллын газартай гээд түүнд сайдад томилогдохоос ч өмнө албан тушаалтны хувьд ашиг сонирхлын зөрчил байсан гэдгийг эдгээр нь харуулаад өгч буй юм.

“ALERGY MED” эмнэлгийг Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал нь түр хариуцаж байгаа

Ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн сайдын тушаалд томилогдож чадаагүй Ж.Цолмон, А.Цогцэцэг хоёр юугаараа ялгаатай, юугаараа ижил юм бэ гэдэг нь эндээс харагдаж байна. Яагаад АТГ-аас Ж.Цолмонг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзсэн бэ? Түүнийг “Эм, эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниа өнгөрсөн тавдугаар сард охин Маралгуадаа шилжүүлсэн ч өөрөө сайд болсон тохиолдолд ашиг сонирхлын зөрчил үүсч болно” хэмээн үзсэн юм. Ж.Цолмон 2005 онд компаниа үүсгэн байгуулж 2014 онд охиндоо компаниа шилжүүлсэн байхад түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэв. Гэтэл улсын эмнэлгийг удирдан ажиллаж байхдаа хувьдаа яг ижил төстэй үйлчилгээ бүхий эмнэлгийг ажиллуулж ирсэн А.Цогцэцэгийг яагаад өмнө нь ч, мөн сайд болсныхоо дараа ч ашиг сонирхлын зөрчил бүхий гэж тодорхойлоогүй юм бол гэдэг асуулт эндээс урган гарна. Бидний олж авсан мэдээллээр А.Цогцэцэг нь сайд болохынхоо нэг хоногийн өмнө 10 давхар хувийн эмнэлгээ бусдад худалдаж сайд болох замаа засчээ. Өндөр зэрэглэлтэй хувийн эмнэлэг хэдэн саяаас давсан үнээр зарагдана гэдгийг учир мэдэх хүмүүс ярьж байна. Сайдад нэр дэвших чимээ сонссоноос хойш томилгоо хийгдэх хооронд ганцхан хоногийн хугацаанд дээрх эмнэлэг ийм хурдан хугацаанд зарагдах уу гэдэг нь хэн хүний анхаарлыг татаж байгаа юм. Ингээд бид тус эмнэлгийг зорьж зарим нэгэн зүйлийг асууж лавлахад ажилтнууд нь “Цогоо захирал сайд болсон учраас одоогоор эмнэлгийг Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Мягмаржав түр удирдаж байгаа” гэх мэдээллийг өгсөн юм.

АӨСҮТ-ийг тэргүүлж байсан хэрнээ ижил төрлийн эмнэлгийг нээсэн

Энэ хариулт А.Цогцэцэг эмнэлгээ зарсан биш хэн нэгэнд түр зуур хариуцуулан үлдээсэн болохыг харуулаад ч байх шиг. Хэрвээ зарсан нь үнэн бол тэрбээр ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдахаас болгоомжилж эмнэлгээ ах дүүгийнхээ хэн нэгэнд биш танил талдаа зарсан болж тус суудалд суусан байх. Гэхдээ энэ хувийн өмч нь өөрөө Арьсны өвчин судлалын үндэсний төвийг тэргүүлж байсан хэрнээ яг ижил үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг байгуулсан нь түүнийг сайд болохоосоо өмнө ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн байсан гэдгийг нотолж байгаа юм. Эрүүл мэндийн яамны бүхий л эрх мэдлийг гартаа атгачихаад буй А.Цогцэцэг сайдын тушаалаар эмнэлгүүдийн тусгай зөвшөөрөл олгох, эм ханган нийлүүлэх, эмийн сан ажилуулах, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлох, үйлдвэрлэх, эмч нарын эмчлэх эрхийн тусгай зөвшөөрөл олгох гээд олон шийдвэрүүд гарна. Энэ мэт эрх мэдэл сайд А.Цогцэцэгт илтэд ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байхад түүнийг яагаад сайд болгосон бэ. А.Цогцэцэг сайд АТГ-т гаргаж өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ юу тусгасан байгаа бол. Ийм асуултууд хариу нэхэж байгаа учраас дээрх зүйлийн үнэн худлыг тодруулахаар түүний 9911…. дугаарын утас руу холбогдож мөн мессежээр лавлахыг оролдсон ч тэрбээр хариу өгөөгүй юм. Бид дараагийн дугаартаа А.Цогцэцэг сайдын гэр бүлийн эзэмшлийнх гэх 10 давхар хувийн барилга бүхи “ALERGY MED” нэртэй арьсны эмнэлгийг ганцхан хоногийн дотор хэн гэгч этгээд хэдэн төгрөгөөр худалдан авсан бэ гэдгийг тодруулан хүргэх болно.

Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …