Дөрвөн нас хүрээгүй охиноо хэрцгийгээр тамлаж, зодож хөнөөсөн охины төрсөн эцэг Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж Г.Маралмаад 23 жилийн хорих ял оноож, Т.Цогтыг цагаатгаснаар энэ хэрэг шувтрах тийшээгээ хандав. Анхан шатны шүүхээс талийгаач охины төрсөн эцэг Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа нарт тус бүр 24 жилийн хорих ял чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийтгэл оногдуулсан. Үүнээс талийгаач охины төрсөн эцэг, цагдаагийн ажилтан Т.Цогтын 24 жилийн ялын 5 жилийг гянданд эдлүүлэх шийдвэр гаргаж байв. Харин давж заалдах шатны шүүх хурал дээр гэв гэнэт Т.Цогтыг цагаатгав. Анхан шат болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр ингэж тэнгэр газар шиг ялгаатай гарсанд иргэд олон нийт мэдээж Т.Цогтын цагдаагийн ажилтан хэмээх байдал болон цагдаагийн байгууллагын нэр хүндтэй холбоотой асуудал зэрэг ихээхэн нөлөөлсөн гэх. Ер нь энэ мэтчилэн цагдаагийн ажилтнууд нялх үр, төрсөн эцэг эхээ хөнөөгөөд ял шийтгэлээ шударгаар авсан нь ховор. Мэдээж нийгмийг цочроосон ийм хэргүүдийг ингээд дарчихаж байгаа юм чинь ойр дотны бус, танихгүй хүнээ хөнөөсөн цагдаагийн ажилтантай ял шийтгэлийн тухай яриад ч хэрэг байхгүй. Тэгээд ч нийгмийг цочроосон хэргийн дуулианыг намжааж байгаад л цагаатчихдаг жишиг тогтоод удаж байна. Энэ жишгийг хууль сахиулах үүрэгтэй цагдаагийн байгууллага нь ч давтлаа.
Өнөөдөр Нийгмийг аюулаас бус, цагдаагаас хамгаалах хэмжээнд хүрчээ. Дөрөвхөн настай охин төрсөн эцэгтээ гомдон харамсалтайгаар хорвоог орхисон хэргийн гол буруутан нь хэн бэ. Г.Маралмаа юу. Цагдаагийн ажлаараа түрүү барин хуучин эхнэр Б.Өнөржаргалаа дээрэлхэж байгаад нялх үрээ төрсөн эхээс нь хагацааж, амьдын тамлалд авчирсан Т.Цогт буруугүй гэж үү. Охиныгоо үхлүүт байхад нь би мэдэж байна хэмээн эмч нарыг загнаад авч гарч үхэлд хүргэсэн Т.Цогт тэгээд буруугүй юу. Цагдаагийн хувцсаараа түрүү барьдаг, төрсөн охиноо ч яргалдаг ийм сэтгэхүйтэй цагдаа, цагдаагийн байгууллага биднийг эрхийг хамгаалах юм гэнэ. Хамгийн гол нь, охиныг нь хамтран амьдрагч Г.Маралмаа гэгч нь элдэв янзаар тамлаж, зовоож байсан ч үхэлд хүргэсэн хүн нь төрсөн эцэг Т.Цогт нь байх өндөр магадлалтайг Г.Маралмаа хэлсэн байдаг. Ээж дээрээ очно хэмээн уйлсан хүүхдээ, бас бие засуулахгүй хорьсны улмаас арга буюу өмдөндөө бие зассан охиноо цагдаа тэлээнийхээ төмөр арлаар зодож, хамтран амьдрагчийнхаа үгээр үг хийж төрсөн охиноо хэрцгийгээр зодсон Т.Цогт наад захын асуудлыг ялгаж салгаж чадаагүйгээсээ болоод охиноо алдчихлаа хэмээн цагаадаад буй. Тэгвэл иймхэн асуудал ялгаж салгаж чадахгүй хүн цагдаад тэнцэх үү. Талийгаач О охины үхлийн шалтгааныг няцралт, дотуур цус алдалт, тархины хүнд гэмтэл хэмээн тодорхойлсон байдаг. Харин түүнийг нь хэн өгснийг тодорхой болгосон л байгаа даа.
Талийгаач охинд арц идүүлж, нүд рүү нь ацтон цацдаг байжээ
Талийгаач охины үхэлтэй холбоотой хавтаст хэрэгт тэмдэглэснээр, Г.Маралмаа нь өөрийн дагавар охин болох гурван нас 11 сартай О-г 2014 оны аравдугаар сараас 2015 оны хоёрдугаар сар хүртэл хугацаанд бөөгийн зан үйл хийж байгаа гэх нэрийдлээр модон могойгоор байнга зодох, эхийн бузар арилгаж байна хэмээн бэлэг эрхтэнг нь базаж чимхэх, хүйтэн өдөр онгорхой цонхон дээр зогсоох, үгэнд ороогүй гэж нүд рүү нь будаг арилгагч шингэн /ацтон/ цацах, алгадах зэрэг аргаар байнга тарчлааж зовоож байжээ. Мөн арцыг арвай будаатай хольж хүчээр идүүлдэг байсан аж.
Харин Т.Цогтын хувьд төрсөн охин О-г биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж өмдөндөө баалаа гэх шалтгаанаар суран бүсний арлаар зодох, Г.Маралмаатай хамтран бөөгийн үйл хийж байна хэмээн охиныг модон могойгоор байнга зодох, арцыг арвайн будаатай хольж хүчээр идүүлж байнга зодож тарчлааж байжээ. Түүнчлэн тэд охиныхоо үснээс зулгааж, суран тэлээгээр ороолгодог байсан аж. Охин өнгөрсөн хоёрдугаар сард нас барсан бөгөөд охины амиа алдсан шалтгааныг Г.Маралмаа, Т.Цогт нар охиныг байнга тарчлан зовоож тамласны улмаас болсон гэж анхан шатны шүүхээс үзэж байсан юм.
Төгс