-Ард түмнийг доройтуулж, улс орныг хямраасан нь АН уу, МАН уу-
Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарын мэдэгдлийн дараа Ардчилсан намаас ээлж дараалсан “өөрсдийгөө өмгөөлөх” үйл ажиллагаа явуулав. Энэхүү үйл ажиллагаа буюу АН-аас хийсэн мэдэгдэл, шаардлагуудад Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбат нарын мэдэгдлийн улмаас улс орон хямарч, ард түмний амьдрал доройтсон аж. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан намыг засаг барихад хямраагүй улс орон Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбат нарын мэдэгдэлтэй холбоотойгоор 24-хөн цагийн дотор хямарч, бондууд үр ашиггүй болж, өрөнд орсон гэнэ.
Тухайлбал, Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдэгдэл хийсний дараа 24 цагийн дотор Чингис бондын өгөөж 5.42%-иас 5.71% болж 5.4%-иар муудаж, үнэ нь 98.26-гаас 97.87 болж буурсан бол Сангийн сайдын мэдэгдлийн дараа 24 цагийн дотор бондын өгөөж 5.93%-иас 8.41% болж 42%-иар муудаж, бондын үнэ 97.62-оос 94.50 болтлоо буурсан. Эдгээр мэдэгдэл гарснаас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2050-иас 2237 болж 180 гаруй төгрөгөөр огцом сулраад байна гэж Ардчилсан намаас Ардын намд хүргүүлсэн шаардах бичигтээ дурдсан байх юм. Энэ үнэн ч, 1260 төгрөг байсан ам.долларын ханшийг 2050 болоход нь юм дуугараагүй, харин ч ам.доллар 5000 төгрөгт хүрэх байсныг нь бид 2000 дээр барьж байна хэмээн ард түмнээ доромжилж суусан Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилд хийсэн алдаануудаас ньэнэ бүхэн болсон гэдгийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ. Тэдгээр алдаатай шийдвэрүүдийн харгай одоо илэрч, түүнийг нь илчилсэн Ардын нам уруу АН аймшигтайгаар дайрч байна.
Өндөр хүүтэй өр зээл авч түүнийгээ үр ашиггүй зарцуулж, мөнгө хэвлэж, иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор сонгуулийн өмнө буюу өнгөрөгч дөрвөдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн “сайн” нэртэй хөтөлбөрүүдийн улмаас өдгөө Монгол төгрөг дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валютаар шалгарчихаад байна. Ханш нь тогтмол унаж буй Монгол төгрөг дэлхийн хамгийн муу үзүүлэлттэй валютаар шалгарахаас ч яахав. Хамгийн гол нь, энэ бүхнийг илчилж, Ардчилсан намын алдаатай бодлогуудаас болж улс орон хямарчихсан, “мөнгөний хүүдийний дотрыг нь гаргаад гөвчихсөн байна” гэдгийг хэлсэн Ардын намд Ардчилсан нам өширхөж, өмнөх алдаануудаа ерөөсөө харахгүй байна. АН, МАН хоёулаа л түүхэндээ ийм дампуурсан улс орон хүлээлгэж өгч, хүлээн авч байгаагүй. Харин энэ удаад МАН ийм дампуурсан орон хүлээж аваад ихэд цочирджээ. Цочирсондоо мэдээлэл хийж орхилоо. Түүнээс нь болж сонгуулийн үеэр жаахан буудаг уламжлалынхаа дагуу бууж ханшин дээрээ тогтоод байсан ам.долларын ханш өсчихлөө. Үүнээс нь болоод бондуудын өр зээлүүд нэмэгдлээ. Гэхдээ бүхлээр нь авч зарцуулчихаад одоо түүнийх нь хүү 2, 3 хувиар өсөхөд ингэж сүржигнэх хэрэг АН-д байдаг ч юм уу. Угтаа бол Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар АН-аас мөнгөгүй, өртэй, дампуурлын ирмэгт тулчихаад буй улс орон хүлээж авснаа ард түмэндээ шударгаар мэдэгдсэн, асуудлаас гарах арга замуудыг хайж буйгаа илэрхийлсэн.
Б.Чойжилсүрэн, Ж.Эрдэнэбатын нарын мэдэгдэл МАНАН-г задалж, АН-ыг бухимдуулав
Харин “АН буруу жишиг тогтоодог, МАН түүнийг нь хэрэгжүүлдэг” гэдэг өмнө нь явж ирсэн жишгийн дагуу АН-ын муу муухайг дараад, адилхан жишгээр яваагүйд нь өнөөдөр МАН-ыг буруутгаж байна. Жишээ нь, хулгай хийгээд ирсэн хүүхдийнхээ хэргийг дараад өнгөрснөөс хүүхдээ дагуулж хулгай хийсэн дэлгүүр дээр нь очоод уучлалт гуйж, учруулсан хохирлоо барагдуулбал тэр хүү ойлгоно, цаашид түүний ирээдүйд хэрэгтэй. Энэ хүүгийн эцэг эх хүүгийхээ бурууг дараад өнгөрөхийн оронд өмнөөс нь уучлалт гуйж, хохирлыг нь барагдуулсан нь одоохондоо тэдэнд хохиролтой ч цаашид хэрэгтэй. Тэгвэл тэр эцэг эх шиг үйлдлийг МАН хийлээ. Ардчилсан намын өмнөөс ард түмнээсээ уучлалт гуйж, учруулсан хохирлыг нь өөр дээрээ хүлээхийн сацуу нуугаад өнгөрч болох байсан ч илчилж өөрсдийгөө байдлыг улам хүнд байдалд орууллаа.
Харин тэгтэл Та илчилснээс болж өрх /улс/-ийн төсөв хүндэрлээ, Та нар л ийм байдалд орууллаа хэмээн уйлагнах хүүхэд шиг АН аашлах нь утгагүй. 2012 онд ам.долларын ханш 1260 төгрөгтэй тэнцэж, ард түмний амьдрал бас ч гэж боломжийн, эдийн засаг 17.3 хувийн өсөлттэй байхад хүлээж авсан АН одоо 1.3 хувийн өсөлттэй эдийн засагтай, өртэй, “мөнгөгүй” улс хүлээлгэж өгсөн нь маргашгүй үнэн. Ажил хийх нэрийн дор асар өндөр үнэтэй төсөв баталж, түүнийхээ дундаас завшсан нь ч үнэн. Ингэж явахдаа ард түмний амьдрал хямраагүй, тийм зүйл мэдрэгдэхгүй байна хэмээн хэлсэн ч үнэн. Гэхдээ Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын хэлснээр, Ардчилсан намын үед 5 км замыг 8 тэрбум төгрөгөөр барьж ийм хэмжээний замыг урьд хожид үзэгдээгүй өндөр өртгөөр барьж дээд амжилт тогтоосон, улс орон өнгөрсөн дөрвөн жилийн бодлогоос бус, Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн нарын мэдэгдэлтэй холбоотойгоор хоёрхон өдрийн дотор хямарсан эсэхийг гэдгийг АН, МАН хоёулаа хамтдаа сууж байгаад ард түмэндээ шууд мэдээлвэл ямар вэ.
Төгс